Соёл, урлаг | 2 мин уншина

Европ дахь монголчуудад зориулсан “Бид Монгол Үндэстэн” наадам болно

Европ дахь монголчуудад зориулсан “Бид Монгол Үндэстэн” наадам болно
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 24
Үндэсний их баяр наадмаар гадаад дахь монголчууд өөрсдийн оршин суугаа хотдоо баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг билээ. Тэгвэл Европын 15 улсад оршин суугаа бүх монголчуудад нээлттэй “Бид Монгол Үндэстэн” наадам Бүгд найрамдах Чех улсын Валасшке Мезиричи хотод долдугаар сарын 15-нд болох гэж байна. 
Уг наадам Чехийн Валасшке Мезиричи хотын нуурын эрэг дээрх зүлгэн дээр болох ба холоос ирэх зочдод майхан барих хэсэг, үзэсгэлэн худалдаа явуулах талбайг бэлджээ. Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Отгон Лхамсүрэнова, ерөнхий найруулагчаар С.Тунгалагтамир ажиллаж буй бөгөөд уг наадмыг яг л эх орондоо хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр бэлдэж буй аж. 
Тухайлбал, наадмын хөтөлбөрт Төрийн далбаа мандуулах ёслол, Төрийн их есөн цагаан тугийг залах ёслол, залуу уран бүтээлчдийн урлагийн тоглолт, монгол үндэстний хувцас, хэрэглийн үзүүлэн тоглолт, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурийн цуваа харваа, шагайн харваа, гар барилдаан, дааганы уралдаан, хүүхдийн гар зургийн уралдаан, галын наадам гээд олон сонирхолтой зүйлс багтжээ. 
Энэ талаар наадмын ерөнхий найруулагч С.Тунгалагтамир “Бидний зохион байгуулж буй наадамд Чех улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас гадна Европт оршин суудаг бүх монголчууд оролцох боломжтой. Монголчууд бид өв соёлоороо бахархаж, түүнийгээ үр хүүхэддээ өвлүүлэн үлдээдэг уламжлалтай. Энэ хүрээнд энэхүү наадмыг зохион байгуулснаараа үр хүүхдүүддээ өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилготой юм. Наадмын хөтөлбөрт эрийн гурван наадмаа оруулснаас гадна шагайн харваа, галын наадам гээд олон сонирхолтой зүйлс багтсан. Мөн наадамдаа зориулаад монгол дизайнеруудын бүтээсэн гоёл чимэглэл, хувцасны үзүүлэх тоглолтыг бэлдэж байна. Дизайнерууд зөвхөн энэ наадамд зориулж үзүүлэх хувцаснуудаа 2-3 сар бэлдээд байгаа юм. Түүнчлэн ястнуудын хувцас чимэглэлийн талаар түүхийг хүүхдүүдэд үзүүлж, гаднаас ирсэн зочид төлөөлөгчдөд ямар сайхан өв соёлтой хүмүүс вэ гэдгээ таниулна” гэлээ. 
Мөн Европын баримтат киноны томоохон продакшнуудын нэг болох MEJLA продакшн наадмын үйл явцаар 90 минутын баримтат кино хийнэ. 
НААДМЫН ХӨТӨЛБӨР
undefined
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн