Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж байсан 13 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Уг асуудлаар Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.
Гандан телевизийн захирал Ж.Одгарьд: Үүсээд буй асуудлын мөрөөр сурвалжилж байсан хэвлэл мэдээллийн байгууллагуудад Гандантэгчэнлин хийдээс мэдээллийг нээлттэй өгч байсан. Хэрэг гарснаас хойш хууль, хяналтын байгууллагад хандаж, шалгуулж байна. Хэргийг хянан шалгаж байгаа учир мэдээллийг нарийвчлан өгөх боломжгүй юм. Асуудлыг шүүх шийдээгүй байхад нийгмийн сүлжээгээр шүүж буй тохиолдол гарч байна. Гандантэгчэнлин хийд бол соёлын өвийн онцгой бүс. Олон зуун жил оршиж ирсэн монголчуудын соёлын үнэт өв. Үүнтэйгээ зүй бусаар харьцах, орон даяар байгаа сүм хийд, лам нарыг харлуулах, тийм хэрэг хийчихсэн мэтээр хандаж байгаа нь зохимжгүй. Уг асуудалд өндөр анхаарал хандуулж, үнэн зөвийг олох болно. Бид Гандангийн нэр хүндийг хамгаалж сууж байгаа юм биш. Гандантэгчэнлин хийд хүүхдийнхээ эрхийг хамгаалахыг нэн тэргүүнд тавина. Хууль хяналтын байгууллага шалгаж үнэн зөвөөр нь шийднэ.

Гандантэгчэнлин хийдийн тамгын лам С.Сайнсэр: Ийм асуудал өмнө нь Ганданд гарч байгаагүй. Асуудлыг мэдсэн даруйд хууль хяналтын байгууллагад хандсан. Өмнө нь хүүхдийн эрх, хүний эрхийн асуудлаар Гандан шалгалтад орж байсан. Үүссэн асуудлыг дагуу холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.
Гандантэгчэнлин хийдийн нйигэм олон нийт хариуцсан тэргүүлэгч Б.Мөнхбаатар: Анх мэдээллийг хүргэхдээ хүүхдүүдийн нэр усыг олон нийтэд зарласан нь хүүхдийн эрхэд ноцтойгоор халдсан хэрэг боллоо. Тухайн хүүхдүүд нийгэмд ялгаварлан гадуурхагдах нөхцөл байдал үүслээ. Мөн мэдээллийг зориуд мушгин гуйвуулж суралцаж буй хүүхдүүдийг харлуулж, гутаан доромжилж байгаад харамсаж байна. Хүүхдийн асуудал маш эмзэг учир хүүхдийн эрхэнд халдахгүй байх хэрэгтэй. Олон ургальч нийгэм бүрэлдэн тогтсон. Бид маш цөөхүүлээ. Хоорондоо бүгд эв зүйтэй байж байгаад үнэн зөвөөр шийдүүлье.
Жаяг дүлба Цорж лам, гавч Б.Чойжилсүрэн: Ламын сахил дунд эхнэртэй байж болох сахил бий. Өөрөөр хэлбэл, хурьцал үйлдэж болохыг зөвшөөрч байна. Сахилаар зүй бусаар бэлгийн харьцаанд орохыг хориглодог. Бөгс болон ам тэргүүтэнд хийж болохгүй гэж үздэг. Тийм зүйл эрэгтэй хүнтэй бүр байж болохгүй. Бурхан багш ингэж номолж, үүнийг сахиж явдаг. Нийт лам нарыг гомо гэж байгаа нь зохимжгүй.