Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБ-ны дарга, уламжлалт анагаах ухааны их эмч, АУ-ы магистр Ч.Дэлгэрмаатай ярилцлаа.
-Урин цаг ирэхэд бид жиндээ илүүтэй анхаарч, болж өгвөл хасах гэж яардаг. Иймдээ ч олон арга хэрэглэдгийн нэг нь мацаг барих юм. Үүнийг УАУ-д хэрхэн авч үздэг вэ?
-Өнөөдөр буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, стрессээс үүдэлтэй таргалалт их болсон байна. Таргалалт бол энгийнээр биед илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдахыг хэлдэг. Ийнхүү таргалалттай холбоотойгоор жин хасах зөвлөгөөнүүд дотор мацгийг зөвлөсөн нь олонтаа. Эмчийн хувьд жин хасна гэсэн болгоныг хэрэглэж турших нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг хэлмээр байна. Учир нь хүн бүрийн бие махбод өөр өөрийн онцлогтой бөгөөд эмчилгээний төрөл, үйлчлэх нөлөөлөл нь харилцан адилгүй юм. Мацаг гэдэг бол эмчилгээний нэг арга. Тодруулбал, УАУ-ы гол онолд тодорхой өвчнүүдийн үед бодисын солилцоог тэнцвэржүүлэх замаар илүүдэл өөхийг хайлуулах, хоргүйжүүлэхэд мацаг буюу өлсгөж доройтуулах /хоол сойлт/ эмчилгээг хийдэг.
-Тэгвэл хүссэн нь мацаг барихгүй байх нь ээ?
-Тийм ээ, хүссэн бүхэн барихгүй. УАУ-д тавдугаар сар нь дэгжрэлийн улирал учраас энэ үед хатуу мацаг барьж болохгүй. Өвчнөөс шалтгаалаад тухайн хүн ямар хугацаагаар, ямар гам дэглэмээр барих вэ гэдэг бол өөр өөр. Хоол сойх мацаг эмчилгээг эс шингэх өвчтэй, чихрийн шижин, тархи, зүрхний зарим өвчин, хэрх, шар ус бадган, бадган шар хямарсан өвчнүүд, өтгөн хатах, шээс хаагдах үед тохиромжтой гэж үзэж зөвлөдөг. Гол нь мацаг эмчилгээг мэргэжлийн эмчийн зөвлөгөөн дор барина. Тэрнээс эмч болно гэсэн гээд зүрхний өвчтэй эсвэл чихрийн шижин өвчтэй хүмүүс долоо хоногийн долоон өдөр юу ч идэхгүй мацаг барьж болохгүй. Мөн тамир дорой хүнд хүчтэй хатуу явдал мөр, эм заслаар доройтуулж өлсгөж болдоггүй.
-Дээрх өвчний шалтгаантай хүмүүс мацаг барих бол улирлын хувьд хугацаа заах уу?
-Шаардлагатай тохиолдолд зөөлөн мацгийг дэгжрэлийн улиралд хийж болно. Хамгийн тохиромжтой нь өвлийн улирал гэж заасан байдаг. Зуны улиралд зөөлөн мацаг барьж болно. Гэхдээ энэ бол хоногийн 24 цагт огт юм идэхгүй гэсэн үг биш. Эмчилгээний зорилгоор 24 цагийн тодорхой нэг хугацаанд хоолыг сойх эмчилгээ юм. Мацаг бол хоол сойж өлсгөн биеийн махбодыг тэнцвэржүүлж буй нэг хэлбэр бөгөөд УАУ-д зөвхөн идээ, ундаа төдийгүй явдал мөр, эм заслаар хавсруулан цогцоор нь бодисын солилцоог тэнцвэржүүлэх эмчилгээг хийдэг.
-Дэгжрэлийн улирал нь ямар хугацаатай үргэлжилдэг юм бэ?
-Энэ бол зурхайн онолоор явна. УАУ-д жилд зургаан улиралтай гэж үздэг ба өвлийн хоёр, хаврын хоёр улиралтай. Дэгжрэлийн улиралд тамир хүч багасдаг юм. Тэр үед хоол сойх нь улам биемахбодыг хямраах эрсдэлтэй.
-Япон эрдэмтэн энэ сэдвээр Нобелийн шагнал хүртсэн.
-Сонсож байсан юм байна. Магадгүй энэ хүний судалгааны ачаар хүмүүс илүү ихээр мацгийг сонирхож, судалж, турших болсон байх шүү. Судалж үзэхэд мацаг жил ирэх тусам л төрлөө нэмээд байх хандлагатай байна. Бидний ахуй амьдралд 16/8 цагийн завсарлагатай мацаг илүү дөхөм санагдсан. Жоохон өлсөж сурахад гэмгүй. Өөрийгөө хоргүйжүүлээд яваад байгаа юм гэж ойлгох хэрэгтэй. Ер нь мацаг гэдэг бол шинэ ойлголт биш шүү дээ. Манай өвөг дээдэс энэ талаар мэддэг, бидний ахуй соёлд шингэж, уламжлагдсан ирсэн үйл. Өдөрт нэг махан хоол иддэг, зундаа нойтон мах хэрэглэхгүй түлхүү цагаан идээгээ хэрэглэж, бие организмаа цэвэрлэнэ. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-д мацаг барьснаар эрхтэн тодорно, бие хөнгөрч, дуршил амгалантай, үйл шамдалтай, өлсөж ундаасах нь цагтаа гарна, өтгөн хий амгалантай гарна гэсэн байдаг. Гэхдээ туйлширч болохгүй. Өөрт тохиромжгүй хатуу мацгийг буруу цаг улиралд бариад бие махбодыг хямрааж, шим тэжээлийн дутагдалд орж өвчин үүсэх эрсдэлтэй юм.
-Мацаг барьсан тохиолдолд тайлах их чухал гэдэг шүү дээ?
- “Анагаах ухааны дөрвөн үндэс”-д идээ ундаагаар доройтуулж, өлсгөсний дараа шингэхэд хялбар хоол хүнсийг бага хэмжээгээр идэж эхэлнэ гэсэн байдаг. Зарим үед ажлын ачаалал, стрессээс болоод өдөржин юм идэлгүй байх тохиолдол байдаг мөн тэр үед огцом их хэмжээгээр шингэхэд бэрх, шарсан хайрсан хоол хүнс, магадгүй хоносон, зориулалтын бус нөхцөлд удаан хадгалсан, түүхий ногоо жимс, даршилсан хоол хүнсийг хэрэглэж болохгүй.
-Мацаг барихаас өөрөөр эрүүл турах арга гэвэл та юу зөвлөх вэ?
-Таргалалт гэдэг нь нэг төрлийн өвчин юм. Иймд бодисын солилцоог тэнцвэржүүлэх хувь хүний өөрийн бие махбодод тохирох хоолны дэглэмийг барьж, дасгал хөдөлгөөн, тохирох эм эмчилгээг хийлгэвэл зохино. Эмчийн зөвлөсний дагуу өөрт аль тохиромжтой өөрийн бие махбод болон улиралтай зохицох цэвэрлэх эмчилгээнүүдийг хийлгэж болно. Жишээ нь манай Манба Дацан эмнэлэгийн хувьд туулга, бөөлжүүлэг, нируха эмчилгээ, зөөлөн шимт зэрэг шимжүүлэх эмчилгээг улирлын чанартай хийсээр ирлээ.
Эх сурвалж: Сэтгүүлч П.Ундармаа, Манба Дацан эмнэлэг