Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Гарамгай баатар Л.Дандарын төрсөн сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

Гарамгай баатар Л.Дандарын төрсөн сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 10
Монгол Улсын гарамгай баатар, хурандаа Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант хэмээх газар мэндэлсэн. Тус сум нь 1923 онд Богд хан уулын аймгийн Шажин-Бүрэг уулын хошуу нэртэйгээр анх байгуулагдаж, 100 жилийн ой нь энэ онд тохиож байна. Булган аймгийн ууган сумдуудын нэг аж. Түүхэн ойгоо ирэх сард тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд сумын хэмжээнд 100 бүтээлч ажил өрнүүлж, бэлтгэл ажлаа хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, захиргаа тэргүүтэй төрийн байгууллагууд болон шинэ суурьшлын бүсийн нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, нүхэн жорлонгоосоо салсан байна. Цэвэрлэх байгууламжтай, цэвэр, бохир ус болон дулаан, цахилгааны шугам сүлжээгээ өргөжүүлж, барьж байгуулжээ. 3000 гаруй хүн амтай, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, аялал жуулчлал зэрэгцэн хөгжиж байгаа аж.
Бүрэгхангай сумын 12 жилийн ерөнхий боловсролын сургууль 1995 онд Гарамгай баатар Л.Дандарын нэрэмжит болсон бол сумын ИТХ-ын тогтоолоор 2013 онд буюу 90 жилийн ойгоороо төв талбайгаа шинэчлэн байгуулж, нутгаас төрсөн баатрынхаа нэрээр ийнхүү нэрлэжээ. Мөн түүний алдрыг мөнхжүүлэх зорилгоор сумаас жилд нэг удаа олгодог хүндэт шагналаа Л.Дандар баатрын нэрэмжит болгосон байна. Энэ жил сумынхаа логог шинэчилж, гарамгай баатрынхаа хөшөөний загварыг тусгаж өгчээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн