Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Аймаг бүр өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоороо өрсөлдөнө

Аймаг бүр өөрсдийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогоороо өрсөлдөнө
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 9
Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого-анхан шат 2023” зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болж байна.
Энэхүү зөвлөлдөх уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрээр юун түрүүнд цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэн, аюулыг хохирол багатай давж, энгийн амьдралд шилжин, эдийн засгаа богино хугацаанд сэргээхэд чухал хувь нэмэр оруулсанд нь шат шатны удирдлагуудад талархал илэрхийллээ.
"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын явц, онцлох ажлууд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэн, цаг наргүй ажилласан анхан шатны нэгжийн удирдлагуудад талархал илэрхийлэв. Мөн "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагын хүчин чармайлт, үүрэг оролцоо хамгийн чухал. Тиймээс өнөөдөр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд Монгол Улсын түүхэнд анх удаа чуулж байна. Алсын хараатай байж, нэг зорилгын төлөө, нэг баг болж, санаачилгатай, оролцоотой, хариуцлагатай ажиллаж чадвал үр дүнд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Энэ үеэр сум, багийн Засаг дарга нар ч тулгамдсан асуудлаа ярилаа. Хамгийн анхан шатны нэгж болох багийн Засаг дарга нар төсөвгүй, 30 мянган төгрөгийн шатахууны зардалтай ажиллаж байхад хөгжил ярих ямар ч боломжгүй. Тиймээс хамгийн анхан шатны нэгждээ төсөв тавих шаардлагатайг уламжиллаа.
undefined
-ЗГЭХГ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын бүх засаг захиргааны нэгжийн дарга удирдлагууд буюу 21 аймаг, 330, сум, 224 хороо, 1600 гаруй багийн Засаг дарга өнөөдөр цугласан байна. Энэ уулзалтын зорилго нь “Алсын хараа-2050”-ын хэрэгжилт ямар түвшинд явж байгаа, хэрэгжилтийн шатанд ямар асуудал тулгамдаж байна гэдэг дээр төвлөрч ярина. Төрийн бодлого анхан, дунд шатанд хэрэгжих байдлаараа дутагдалтай байдаг. Засгийн газар, УИХ-ын түвшинд хэчнээн том зорилго тавьсан ч анхан дунд шатандаа дутуу ойлголттойгоос болж хэрэгжилт хангалтгүй байна гэдэг шүүмжлэл байдаг учраас үүнийг нэг мөр болгох том зорилт тавьж байна. Мөн аймаг, орон нутаг, сум, дүүрэг, баг, хорооны түвшинд төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого нь өөрөө харилцан адилгүй нөхцөлийг нэг бодлогоор авч явах гээд байгаа сул тал байна. Тиймээс Засгийн газар үүн дээр анхаарч ажиллаж байна.
Нэгд, байгууллагуудын онцлогт нийцсэн төлөвлөлтийг хийнэ. Хоёрт, үнэлгээг тэр хэлбэрээр авч явна. Төрийн байгууллагууд ижил бус үйлчилгээ үзүүлж байхад ижил үнэлгээ өгөөд, уралдуулдаг байсан бол энэ жилээс өмнөх онд гаргасан амжилтаа энэ жил хэрхэн ахиулсан бэ гэдгээр тооцдог болсон. Яг үүнтэй ижлээр аймаг болгон өөрсдийнхөө хөгжлийн онцлогт тохирсон ахиц дэвшлийг хэрхэн авчирч байна вэ, үүнийгээ өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулж байна вэ гэдэгт Засгийн газар үнэлгээ өгдөг болно” гэлээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж: Өмнөговь аймагт Шинэ сэргэлтийн бодлого хамгийн амжилттай хэрэгжиж улсын төсвийн хамгийн том хэсгийг бүрдүүлэн ажиллаж байна. Монгол Улсын эдийн засгийн гол том төслүүд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байгаа. Мөн хоёр том боомт байгаа. Энэ боомтууд экспортын 76-80 хувийг бүрдүүлж байна. Бид хоёр том боомтоо тохижуулж, Замын-Үүдийн дараа орохоор ард нийтэд ээлтэй, зорчигчдод чирэгдэлгүй, бараа арилжаа наймаа цэцэглэсэн боомт болгохоор зорьж байгаа. Аймаг өөрийнхөө төсвөөр баруун чиглэл рүү зам тавьж байгаа. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон босоо тэнхлэгийн зам буюу Өмнөговь Өвөрхангайн замын зургийн ажлыг хийгээд Засгийн газарт хүлээлгэж өгнө. Энэ замыг ашиглалтад оруулснаар баруун аймгууд заавал Улаанбаатар хот орохгүй холбогдоод явах боломж бүрдэнэ. Энэ бол аялал жуулчлалын маш том зам. Мөн манай аймаг, Нэг тэрбум мод болон усны төслүүдээ сайн явуулахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Цогсомжав: 2018 оноос Хэнтий аймгийн түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан. Тиймээс бид цогцолборууд, зам харилцаа, дулаан, цэвэр гээд дэд бүтцээ шийдвэрлэхээр ажиллаж байна. Улсын төсөвт тавигдаад байгаа өндөр дүнгүүдийн гол хэсэг нь замын бүтээн байгуулалтын төсөв юм. Норовлин суманд Шихихутаг цогцолбор ирэх жил ашиглалтад орно. Бэрхэд далд уурхайн музей, Батноров суман дээр Андлалын хөшөө баригдаж байна. Цогцолборуудынхаа дэд бүтцийг шийдвэл дагуулаад амралтын газрууд худалдаа үйлчилгээний газрууд байгуулах боломжтой. Тиймээс дэд бүтцээ шийдэж байж аялал жуулчлал ярина.
undefined

undefined

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн