Open iToim app
Соёл, урлаг | 4 мин уншина

"Playtime" фестиваль энэ зун 3000 ажлын байр бий болгоно

"Playtime" фестиваль энэ зун 3000 ажлын байр бий болгоно
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 7
"Playtime" хөгжмийн фестиваль долдугаар сарын 6, 7, 8-ны өдөр Гачуурт дахь Монгол шилтгээнд болно. Наадмын үйл ажиллагаа болон энэ жилийн онцлогийн талаар зохион байгуулагчид мэдээлэл өгснийг тоймлон хүргэж байна.
Товч мэдээ:
  • "Playtime" хөгжмийн фестиваль нийт 14 тайзтай байна. Үүний 10 нь Playtime наадмын өөрийн үндсэн тайз байх бол дөрөв нь стратегийн түнш байгууллагын тайз байна. Тайз бүр өөрийн гэсэн хөтөлбөрийн дагуу гурван өдөр үйл ажиллагаа явуулах юм.
  • Наадамд гадаад болон дотоодын 170 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ.
  • Playtime наадмын энэ оны голлох уран бүтээлч нь Америкийн Cigarettes After Sex, техно хөгжмийн нөлөө бүхий уран бүтээлч Kobosil, Marcel Dettmann тэргүүтэй олон улсын 21 хамтлаг, уран бүтээлч байна.
  • Энэ онд 45 жилийн ойгоо тэмдэглэж буй Инээмсэглэл хамтлагийн хүндэтгэлийн тоглолт наадмын үеэр болно.
  • Наадмын үндсэн тайзнаа Шөнийн галт тэрэг хамтлаг тоглоно. Тус хамтлаг нь 17 жилийн дараа Playtime наадмын тайзнаа эргэн ирж байна.
  • Дуучин Э.Минжинсор амьд хөгжмийн хамтлагтай анх удаа тоглоно.
  • Электроник хөгжмийн хамгийн том тайз болох "Нааглихац" тайзны визуал болон гэрлийн мэргэжилтнээр Нидерландын уран бүтээлчид ажиллана.
  • Наадмыг зорих автомашины тоог бууруулах үүднээс Улаанбаатар хотоос нэгдсэн автобусаар үйлчлэх болон UBCab үйлчилгээгээр Монгол шилтгээн рүү хүрэх боломжтой.
  • "Earth.Music.Love" уриан дор ногоон хөгжилд хувь нэмрээ оруулдаг Playtime наадам бүх хог хаягдлыг ангилан дахин боловсруулах, наадмын талбайг эко аргаар услах, дахин ашиглах боломжтой аяга, хаягжилт хийж, цаасан хэвлэлээс татгалзаж байна.
Ц.Нацагдорж: Playtime фестиваль 2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэг болно
undefined
Playtime фестиваль 2027 он гэхэд Азийн топ фестивалиудын нэг болох том зорилго тавьжээ.
Энэ талаар наадмын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж "Playtime фестиваль 2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой. Өдөртөө 80 мянган хүн, гурван хоногтоо 240 орчим мянган үзэгчтэй болох зорилго тавьж буй юм. Тэр үед дэлхийн А ангиллын хамтлаг, уран бүтээлчид Playtime фестивальд ирж оролцдог болох болно. Тэр утгаараа Улаанбаатар хот Азийн хөгжмийн хот болох, түүнийгээ дагаад хөгжмийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм. Энэ жил гэхэд наадамд 3000 ажлын байр бий болгох тооцоотой байна. Тэр хэмжээгээр хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах болно.
Д.Батсүх: Playtime наадмыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна
Мөн Playtime наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "Playtime наадмыг зорин ирэх жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байна. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд болон улсын хэмжээнд соёлын аялал жуулчлал хөгжихөд нөлөө үзүүлж байгаа юм. Нийслэлээс олон арга хэмжээг зохион байгуулж, хамтран ажилладгийн нэг нь Playtime наадам билээ. Уг наадамд нийслэлээс аюулгүй байдал, тээвэр, гадаадад сурталчлах, дэд бүтцийн тал дээр тусламж үзүүлж байна. Энэ наадам томорч тэлэх тусам бидний соёлыг дэлхийд түгээх учир жил бүр зохион байгуулалтыг нь сайжруулна. Playtime наадам залуусын хүсэн хүлээдэг наадам болсонд баяртай" гэв.
Д.Тунгалагтамир: Хаан банк Playtime наадамтай хамтран ажиллана
undefined
Хаан банк 2017 оноос хойш Playtime наадамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жил ч хамтран ажиллахаар болжээ.
Энэ талаар Олон нийттэй харилцах газрын захирал Д.Тунгалагтамир "Хаанбанк 2017 оноос хойш Playtime наадамтай хамтран ажиллаж байна. 2017 онд бид төлбөр тооцооны шийдлийг санал болгож байсан. Аливаа зүйлд төлбөр тооцоогоо амар хялбараар хийх нь амьдралын нэг хэсэг. Мөн одоо тогтвортой хөгжлийн чиглэлд болон соёлыг түгээхэд хамтран ажиллаж байгаа юм. Хөгжмийн наадам нь соёл түгээх нэг хэлбэр. Бид хамтран ажиллаж байгаадаа баяртай байна" гэлээ.
Н.Отгонбаяр: Зөвхөн Playtime наадамд зориулсан такси үйлчилгээг UBCab нэвтрүүлсэн
undefined
UBCab такси үйлчилгээ Playtime наадмын тээврийн хамтрагчаар хоёр дахь жилдээ ажиллаж байна. 2022 онд ажиллахдаа ачаалал их авсан тэд энэ жил үйлчилгээнийхээ хүртээмжийг хоёр дахин нэмэхээр болжээ.
Энэ талаар UBCab-ийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр "Бид хоёр дахь жилдээ Playtime наадамтай хамтран ажиллах гэж байна. UBCab нь дуудлагын такси үйлчилгээний компани боловч Playtime наадамд зориулаад чиглэлийн такси үйлчилгээг өмнө жил танилцуулсан. Уг үйлчилгээ энэ жил ч үргэлжилнэ. Өмнө жил 15 мянган хүн үйлчилсэн. Энэ жил 30 мянган хүнд үйлчлэхээр төлөвлөлөө. Такси үйлчилгээ Залуучуудын холбооны үүднээс хөдөлнө, өмнөх жилийнхтэй адил 10 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жилийн тухайд өмнөх жилийнхээсээ туршлагажаад таксигаа хүлээж байх зуур нь зогсоол дээрээ DJ сет төлөвлөж байна" гэлээ.
Playtime наадмын тасалбар борлуулах болон тасалбартай холбоотой зүйлсийг Shoppy.mn хариуцдаг. Тэгвэл энэ жил тасалбар даавуун хэлбэртэй биш NFC чип байршуулсан хэлбэртэй байх юм байна. Ингэснээр наадмын хаалгаар ороход автоматаар таних бөгөөд тасалбарын систем, хаалганы систем нэг зэрэг ажиллахаар тохируулсан байна.
Наадмын тасалбарыг ЭНД дарж захиална уу.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн