Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.
Тус хуулийн төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
-Цахилгаан эрчим хүчний таван мегаваттаас дээш хүчин чадалтай эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилагдсан хүчин чадлыг өргөтгөх, тухайн шинэ эх үүсвэрийг цахилгаан дулаан хангамжийн системд холбох шугам болон дагалдах дэд бүтцийн ажлын хүрээнд импортоор оруулах тоног, төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө.-Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг дөрвөн жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх зохицуулалтыг тусгажээ.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд:
-Эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, импортыг орлох эрчим хүчний үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
Цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөхөөр төсөлд тусгажээ.
Сүүлийн жилүүдэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ дунджаар 7-8 хувиар өссөн байна. Эрчим хүчний салбар өвлийн оргил ачааллын үеэр системийн нийт суурилагдсан хүчин чадлыг (1578 МВт) бүрэн ашиглахын зэрэгцээ импортын эрчим хүчний дэмжлэгийг авч байна. Улаанбаатарын дулаан хангамжийн системийн хэрэглээ жилд дунджаар 150-230 Гкал/ц-аар нэмэгдэж байна. Агаарын температур удаан хугацаанд -39° градусаас дээш хүйтэрбэл дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, дулаан дамжуулах сүлжээний алслагдсан цэгүүдэд хөлдөлт үүсэх эрсдэл үүсжээ.