Open iToim app
Зочин | 8 мин уншина

Д.Лхагва: Байнга өөрийгөө шинэ зүйлд сорьдог учраас модель болоод үзье гэж шийдсэн

Д.Лхагва: Байнга өөрийгөө шинэ зүйлд сорьдог учраас модель болоод үзье гэж шийдсэн
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 2
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, кино найруулагч Д.Лхагватай ярилцлаа.
-Таныг анх “Сайн уу, амьдрал минь” киноны Анандын дүрээр таньдаг болж байлаа. Ер нь хүмүүс дуучин, жүжигчин гэдгээр сайн мэдэх байх. Харин кино найруулагч гэдгийг төдийлөн мэдэхгүй байх шиг. Хамгийн сүүлд гэхэд 2020 онд “1990” УСК-г үзэгчдийн хүртээл болгожээ. Та хэрхэн урлагт хөл тавьж байсан юм бэ?
-Миний хувьд маш их хөгжим сонсдог, Оросын телевизээр балет, сонгодог урлагийн бүтээлүүдийг нүд салгахгүй үздэг хүүхэд байсан. Ээж минь хүүд нь жаахан урлагийн мэдрэмж байгааг анзаардаг байсан юм шиг байна лээ. Гэхдээ би багадаа урлагийн хүн болно гэж бодож байгаагүй. Тухайн үед хуульч болно гэж боддог байлаа. Тэгээд сургуулиа төгсөөд хуульч болох гээд шалгалт өгтөл тэнцээгүй. Ээжийн найзын нөхөр нь “Харцага” гээд /Одоо бол КУДС/ сургуулийн захирал нь байж таарав. Намайг юутай ч шалгалт өгөөд үз гэж ятгаад юугаа ч мэдэхгүй амьтан Харцага сургууль дээр очиж байлаа. Тухайн үед бол этюд гэж юу байдгийг ч мэдэхгүй. Сургууль дээр шалгалт өгөх гээд очсон чинь тэнд байсан хүүхдүүд “Чи этюдээ бэлдсэн үү, шүлгээ бэлдсэн үү” гээд асуусан. Би юугаа мэдэх вэ, юун шүлэг, этюд гээд гайхаад л /инээв/. Намайг чинь яасан хүнд гар вэ гээд өөрсдийнхөө бэлдэж байсан илүү шүлгээс надад өгч, шалгаруулалтад тэнцэж байсан юм.
-Таныг СУИС төгссөн байх гэж бодсон, үгүй байжээ?
-СУИС төгссөн шүү, одоо ярья. Харцага сургуульд Б.Сумхүү гээд найруулагчийн ангид элсээд сурч байлаа. Тухайн үед Харцагын хүүхдүүд СУИС-д орохыг мөрөөсдөг байсан. СУИС-д унахаараа Харцага сургуульд шалгалт өгдөг байсан юм билээ. Тэгээд СУИС гэж сургууль байдаг юм байна гэж мэдээлэл аваад нэг удаа тролейбусаар хичээлдээ явж байтал Г.Жигжидсүрэн багш FM-ээр ярилцлага өгч байгааг сонссон. Г.Жигжидсүрэн багш “Би Цэрэндагва, Төмөрбаатар нарыг төгсгөснөөс хойш нэг ч анги аваагүй байгаа. Олон жилийн дараа шавь авах гэж байна. Сонирхож байгаа хүүхдүүд ирж шалгалт өгөөрэй” гэсэн юм. Үүнийг ангийнхандаа хэлээд манай ангийнхан бүгд очиж шалгалт өгснөөс тал нь тэнцсэн. Ингэж бид СУИС-д элссэн. Тухайн үед барууны үе дөнгөж орж ирж байсан. Хөвгүүдийн хамтлаг, реп, хип хоп урсгалтай дөнгөж л танилцаж байв. Ардчилалд шилжээд анх MTV телевизтэй танилцаж, анх FM байгуулагдаж байсан үе. Барууны зүйлсийг хараад нүд чих онгойж, дөрөв, таваараа хамтлаг байгуулж болдог юм байна гэдгийг мэдээд л. Тэгээд тэр мөрөөдөлдөө хөтлөгдөн хамтлаг байгуулах хүсэл төрж, ангийнхаа санаа нийлсэн хэдтэй нэгдүгээр курстээ “Guys” хамтлагийг байгуулж байсан юм. Оюутан байхдаа анхны дуунуудаа хийж, төгсөхдөө нэг кино хийсэн.
-Бидний найзын дурлал гээд инээдмийн кино билүү?
-Тийм ээ. Манай багш найруулагч учраас багшийнхаа мэргэжлийн өвлөсөн гоё кино хийе гээд "Бидний найзын дурлал" киног хийж байлаа, 2001 онд гарсан. Манай ангийн 18 хүүхэд мөнгөө нийлүүлж байгаад хийсэн кино юм. Тэр үед кино театр гэж байгаагүй. Одоогийн Тэнгис кино театрын дэргэд Лениний музейд хувийн театр байдаг байсан. Тэнд гаргаж, маш олон хүн үзэж байлаа. Чухалаа гээд гол дүрд нь би тоглоод, тэр үедээ бас хит болж байсан. Намайг хүмүүс Чухалаа, Чухалаа гээд л дуудна. Тэр нэрэнд би их дургүй, уурлана. Одоо харахаар бас гоё юм байна лээ. Бид бас Guys хамтлагийн дуунуудаар зохиол бичиж байгаад “Зун орсон цас” гээд Монголын анхны мюзикл кино хийж байсан. “Гэгээн муза” наадамд мюзикл гэдэг төрөл байдаггүй байсан бол тэр мюзикл кино хийснээс хойш мюзикл төрөл нэмэгдэж байлаа. Ингээд бид мюзикл жанрын шагналуудыг авч байлаа. Энэ мэтээр төгссөнөөсөө хойш урлагийн тогооноос огтхон ч холдоогүй. Бүх амьдралаад зориулаад явж байна.
undefined
-Таны сүүлд найруулсан 1990 УСК шилжилтийн үеийг харуулдаг юм билээ. Сүүлийн үед төрсөн хүүхдүүд социализмын үе, шилжилтийн үе гэж төдийлөн мэдэхгүй. Энэ бүхэн угаас ийм байсан юм шиг л санадаг байх. Тэр үеийг одоо үетэй харьцуулахад ямар санагдаж байна вэ?
-Баруунд сурч байгаад ирсэн ах эгч нар пянз, кассет авчирдаг байлаа. Түүнийг нэгэндээ дамжуулаад л, тэр байрны тэрэнд байдаг гэнэ лээ гээд очиж гуйж авч сонсдог. 60 минутын кассетад ар, өвөргүй бичсэн дуугаа нэгэндээ битгий гээчихээрэй, яг нэг хоног сонсоод буцаагаад өгөөрэй гэж захиж, амь шигээ хайрладаг. Нийгэм солигдоход барууны шинэ соёлууд нэвтэрсэн. Хувцаслалтаас эхлүүлээд бүх юм өөрчлөгдөж, орвонгоороо эргэв. Мах картад орж, талх талоноор авдаг. Энэ бүхэн аажмаар өөрчлөгдөж, бидний тархи, нүд чих нээгдэж байлаа. Би бол хувьдаа тэгж боддог юм. Биднээс сүүлд гарсан хамтлагууд улам гоё уран бүтээл хийх түүчээг бид тавьж байсан. Анх биднийг үглээд дуулахаар ах эгч нар маань уншаад байгаа юм уу гээд их гайхдаг.
Хоёр нийгэм солигдох нь их онцгой үе, хүн болгонд тохиохгүй. Хүнд хэцүү ч сайн сайханд тэмүүлсэн тийм л үе. Би өөрөө ухаан алдахаа шахаж, талханд очерлож, алалцаж өссөн. Тиймээс тэр үеийг харуулах юм сан гэж олон жил бодож явсаар 2020 онд 1990 УСК-г хийсэн юм. Гэтэл киногоо нээгээд гурав хонов уу үгүй юү, дэлхий нийтэд цар тахал гарч театруудаар гарах боломжгүй болсон. Одоо бол IPTV-нүүдээр байдаг.
-Хоёр нийгэмд амьдарч үзсэн уран бүтээлч хүний хувьд хийсэн бүтээл байх нь?
-Тийм. Ийм нийгмийг туулж одоогийн нийгэм бүтсэн шүү гэдгийг харуулахыг хүссэн. Дутуу юм байгаа л байх, гэхдээ өөрийнхөө өнцгөөр сайн хийсэн гэж боддог юм. Тэр үеийн бүх зүйлийг харуулъя гэвэл нэг ангит кинонд багтахгүй юм билээ. Харин сериал хийвэл их тохиромжтой санагдсан.
-Таныг үзэгчид царайлаг, гоё стильтэй, олон талын авьяастай гэж тодорхойлдог юм билээ. Сүүлд бас Атаман охин кинонд тоглоод манай үеийнхэнд /2000-аад оныхон/ күүл ах гээд их алдартай болсон байсан. Гаднаасаа яахав ингэж санагддаг юм байж. Жинхэнэ Лхагва гэдэг хүн ер нь ямархуу вэ, та ямар хүн байхыг зорьдог вэ?
-Намайг ямар хүн бэ гэдгийг би биш намайг сайн мэддэг хүмүүс л хэлэх байх даа. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол баггүй байх. Хүмүүс “Хүн гэдэг хүн шиг л байх хэрэгтэй. Амьддаа бие биенээ хайрла, хүн чанартай бай” гэж их хэлдэг. Тэгсэн мөртлөө амьдрал дээрээ тэрнийхээ эсрэг. Одоо бол сошиал дээр их шоудсан хүмүүс болжээ. Гэхдээ амьдрал дээрээ огт өөр. Хүмүүс ийм багтай амьдардаг болсон байна. Харин миний хувьд үүний эсрэг байхыг хүсдэг. Бодит амьдрал дээр хүн шиг хүн байхыг хичээдэг. Амьдралын зарчим минь энэ.
Миний хийсэн бүтээлүүд намайг ямар хүн бэ гэдгийг харуулдаг гэж боддог. Ярихаас илүү миний хийсэн зүйл миний өмнөөс ярина гэж боддог. Урлагийн замд явах их хэцүү шүү дээ. Шантрах үе зөндөө байлаа. Больчихмоор, гадаад яваад ажил хийчихмээр үе зөндөө байсан. Гэхдээ чадахгүй юм билээ.
-Яагаад?
-Өөр зүйл хийхээр сэтгэлийн цэнгэл эдэлж чадахгүй байгаа юм. Яаж ч хэцүү байсан уран бүтээлээ бариад авахаар гарах үр дүнгээ бодоод сайхан байдаг. Өөр зүйл хийхээр цаанаасаа сэтгэл хөдөлдөггүй. Дуртай биш хүчээр хийхээр ямар ч үр дүнгүй. Би бол урлагийн л хүн юм билээ.
undefined
-Тэгвэл та урлагийн хүний хариуцлага, үүргийг хэрхэн хардаг вэ?
-Маш том. Урлаг бол нийгмийг араасаа дагуулдаг гэдэг нь үнэн байхгүй юу. Урлаг хүнийг автуулдаг учраас нийгмийг буруу зүйлд татах тал бий. Тэр бол хортой. Аль болох зөв үлгэр үзүүлчих юм сан, амьдралынх нь болохгүй байгаа зүйлийг шийдчих гаргалгааг уран бүтээлээрээ дамжуулан хүргэчих юм сан гэж боддог. Миний уран бүтээлээс тийм зүйл ханхлаасай гэж хичээдэг. Миний анх найруулж байсан кино “Амьдрал төсөл”. Нийгэмд тулгардаг олон асуудлыг даван туулж буй залуу гэр бүлийн тухай гардаг. Залуу гэр бүл байр аваад л зээлээ төлөөд эхэлдэг. Тэгээд сайхнаар төгсдөг. Тэр киног гарснаас хойш над руу энэ кино надад маш том дэм өглөө гэж холбогдож байсан. Ахаа би байр авчихлаа, тэр киноны дүр шиг тэмцэж байгаад лизингээ төлж дуусгана аа, миний амьдрал төсөл эхэллээ гээд л. Би уран бүтээлээсээ ийм л зүйлийг хүсдэг, тэр минь ч биелдэг.
-Та “Яг түүн шиг” нэвтрүүлэгт оролцож, сүүлийн дугаарын ялагч болсон. Нэвтрүүлгийг үзэх, оролцох хоёр асар ялгаатай байгаа байх. Хэр байна вэ?
-Уран бүтээлч хүнээс маш их хүчин чармайлт, чадвар, хөдөлмөр шаардсан нэвтрүүлэг юм. Ямар дүр таарна түүнийгээ хамгийн сайнаараа хийх гэж ажиллаж байна. Уран бүтээлчээс судалгаа их шаардаж, их завгүй байлгадаг юм байна.
-Сүүлийн үед ямар зүйл дээр ажиллаж байна вэ?
-Яг түүн шиг нэвтрүүлгээс гадна миний хувьд нэг шинэ зүйлд өөрийгөө сорих гэж байна.
-Юу вэ?
-Монгол залуусын хийдэг Минерва годдис гээд хувцасны брэнд бий. Тэднийх зургадугаар сарын 17-нд анхны загварын шоугаа хийх гэж байгаа юм билээ. Байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч их өвөрмөц, залуусын дунд алдартай. Тэдний загварын шоунд гол модель болох санал ирснийг хүлээж авсан. Миний хувьд залуустай ажиллахад маш таатай байдаг.
-Танд том,том брэндүүдээс санал ирдэг байх. Минерва годдис брендийг яагаад сонгосон юм бэ?
-Загварууд нь маш өвөрмөц, сонин санагдсан. Бас загварын шоуны тайз засалт, бэлтгэл их таалагдсан. Эхлээд ямар сонин юм бэ, яаж ингэж сэтгэв ээ гээд тархинд буухгүй байсан. Тэгээд яг өмсөөд үзтэл биед их эвтэйхнээс гадна гоё харагдаж байсан. Миний хувьд хувцаслалтад их анхаардаг. Яг түүн шиг нэвтрүүлэгт оролцоод намайг илэрхийдэг имидж байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Буржгар үс, хар нүдний шил, урт хар савхи гэхээр Харангын Лхагва ах гээд шууд танигддаг. Тиймээс энэхүү загварын шоунаас намайг илэрхийлсэн имиджээ олно гэж найдаж байна.
Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, ядаж монгол ундаагаа худалдаж авч ууя гэж их ярьдаг. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд дүү нараа дэмжиж ажиллая гэж бодсон юм. Бүх юм гаднынх болсон байхад монголын ийм гоё өвөрмөц бренд байвал гоё шүү дээ. Миний хувьд анх удаа загварын шоунд модель болох гэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн