Их Британийн домогт "The Queen" хамтлагийн дуучин Фредди Меркуригийн гар бичмэл, хувийн цуглуулга, эдэлж хэрэглэж байсан эдлэлүүдийг ирэх есдүгээр сард дуулдлага худалдаагаар худалдахаар болсон.
Дуудлага худалдаагаар "Bohemian Rhapsody", "Don't Stop Me Now", "We are the Champions" дууны үгийг зохиосон Фредди Меркуригийн ноорог гар бичмэл, "We will Rock You" дууны клипэнд зүүсэн нарны шил, сахалын сам, уран зургийн цуглуулга, гэрэл зургийн цомог, "The Queen" хамтлагийн сүүлийн аялан тоглолтын эдлэл хэрэгсэл зэрэг 1500 гаруй зүйлс багтаж байгаа юм.
Тэгвэл дуудлага худалдаанд танилцуулсан Фредди Меркуригийн гар бичмэлд 1975 онд гарсан "The Queen" хамтлагийн "A Night at the Opera" цомгийн гол сингл болох алдарт "Bohemian Rhapsody" дууны нэртэй холбоотой сонирхолтой баримт гарч ирсэн байна. Дууны үгийг зохиосон 15 хуудас бүхий ноорог гар бичмэлдээ Меркури дууны нэрийг эхлээд "Mongolian Rhapsody" гэж бичсэн байсныг үзгээр дарж "Bohemian" болгосон аж. Мөн дууны нэрийг өөрчилснөөр зарим мөрийг засаж, дууны утга бага зэрэг өөрчлөгджээ.

Фредди Меркуригийн гар бичмэл
Тухайлбал, дууны үгийг 1974 онд "British Midland Airways" компанийн сурталчилгааны хуанли дээр бичсэн бөгөөд эхний бадгийн эхлэл "Mama, just killed a man" гэж эхлэдэг бол Фредди Меркуригийн баллуурдсан ноорог гар бичмэлд "Mama, there’s a war began; I’ve got to leave tonight" буюу "Ээжээ, дайн эхэллээ, би өнөө шөнө явах боллоо" гэж бичсэн аж. Мөн дууны өөр нэг алдартай хэсэг болох “Galileo”, “Bismillah” болон “Fandango” зэрэг үсгийг “Matador”, “Belladona” гэх зэргээр бичиж байжээ.
"Bohemian Rhapsody" дууны ноорог гар бичмэл дуудлага худалдаагаар 800 мянгаас 1.2 сая фунт стерлингийн үнэ хүрэх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Хамтлагийн бөмбөрчин Рожер Тэйлорын хэлснээр хамтлаг 1975 онд Английн зүүн өмнөд хэсгийн Суррей тосгонд байх "Ridge Farm" студид нэг сарын турш байрлахдаа "Bohemian Rhapsody" дууны эцсийн хувилбарыг найруулсан байна. Улмаар 1975 оны наймдугаар сард Өмнөд Уэльс дэх "Rockfield" студид бичжээ. Хамтлагийн гишүүдийн ярьснаар Фредди Меркури энэхүү домогт дууг бичих явцад оюуны санааны хувьд бүхэлдээ бусдыгаа удирдаж байсан аж. Дуу бичлэг гурван долоо хоногийн турш үргэлжилсэн бөгөөд зарим хэсгийг 180 удаа бичиж байжээ.