Монгол Улсын экспортын орлогын 90 хувь, эдийн засгийн дөрөвний нэгийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Гэхдээ задлаад харвал Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Оюу толгой гэх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой гуравхан компани экпортын орлого болон эдийн засгийг нуруундаа үүрдэг.
Уул уурхайг салбараар нь төдийгүй төсвийн орлогын төвлөрөөр нь харвал төрийн өмчийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалт, төсвийн удирдлага, шийдвэр гаргалтыг ил тод болгож, иргэд олон нийтийн хяналт тавих боломжийг хангах нь нэн чухал. Энэ утгаараа УИХ 2014 онд "Шилэн дансны тухай" хуулийг баталсан нь төрийн ил тод, шилэн байдлыг хангах ажлын эхлэл болсон түүхтэй.
Тэгвэл өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой, төсвийн байгууллага, Засгийн газрын тусгай сангууд гэх мэт 6000 гаруй аж ахуй нэгж "shilendans.gov.mn" платформд шилэн данс хөтөлж байна. Төрийн өмчит томоохон аж ахуй нэгжүүд дундаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Монголросцветмет" ТӨҮГ, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК шилэн дансаа хамгийн сайн хөтөлж, ил тод байдлыг хангах тал дээр бусдыгаа тэргүүлж байгаа юм. Гэтэл хууль 2014 онд батлагдсанаас хойш "Оюу толгой" ХХК шилэн данс огт хөтлөөгүй өдийгүй хүрчээ.
"Шилэн дансны тухай" хуулийн 3.1.3-д "хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани" шилэн данс хөтлөх ёстой гэж заасан.
Тэгвэл "Компанийн тухай" хуулийн 56.1-д "Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ" гэж заасан.
Түүнчлэн Оюу толгойн "Хувь нийлүүлэгчдийн гэрээ"-ний 1.6-д Төр буюу Монгол Улсын Засгийн газар "Оюу толгой" ХХК-ийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх асуудлыг тодорхой зааж, "Хөрөнгө оруулалтын гэрээ"-гээр энгийн хувьцаанд ногдол ашиг хуваарьлах асуудлыг зохицуулсан байдаг.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар Оюу толгой ХХК-ийн энгийн хувьцааны гуравны нэгээс дээш хувь буюу хяналтын багцыг эзэмшдэг. Энэ утгаараа Монголын төрийн эзэмшлийн 34 хувийн эрхийг хангаж, хяналт тавих зорилгоор "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-д манай талаас гурван хүн суудаг. ТУЗ болон ТУЗ-ийн гишүүний бүрэн эрхийг мөн "Хөрөнгө оруулалтын гэрээ"-гээр зохицуулдаг.
"Оюу толгой" ХХК 2010 оноос хойш үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд нийт 15 тэрбум ам.доллар буюу 52 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүний 75 хувь нь Монголын компаниудаас бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ авсан худалдан авалтын төлбөр байдаг. Тиймээс Монгол Улсын эдийн засагт оруулж буй төслийн хувь нэмрийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ил тод байдлыг хангах зарчмын асуудлыг хөндөх нь зүйн хэрэг.
Хамгийн гол нь, "Оюу толгой" ХХК нь манай улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт боловч Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бусад 87.4 мянган аж ахуй нэгж, байгууллагын л нэг. Тэр утгаараа Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, эрх зүйн актуудыг биелүүлэх үүрэгтэй.
Гэтэл "Оюу толгой" ХХК өнөөдрийг хүртэл шилэн данс хөтлөхгүй яваа нь Монгол Улсын хуулийг үл хүндэтгэж, хууль хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаас өөрцгүй. Цаашлаад Шилэн данс хөтлөхгүй байгаа нь энгийн хувьцааны 34 хувийг эзэмшигч Монгол Засгийн газрыг төлөөлөн компанийн ТУЗ-д суугаа гурван хүний статус, байр суурийг хөрөнгө оруулагч тал үгүйсгэж байгаагаас ялгаагүй эс үйлдэл болж харагдаж байгаа юм. Үүнээс илүүтэйгээр Шилэн данс нь төрийн өмчит компанийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, худалдан авах үйл ажиллагаанд олон нийт хяналт тавих хамгийн сайн шийдэл билээ.
Тиймээс "Оюу толгой" ХХК Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж, шилэн дансаа хөтлөхийг шаардая. Мөн хөрөнгө оруулагч Рио Тинто групп уул уурхай, газрын тосны салбарын ил тод байдал, хариуцлагын стандартыг тодорхойлдог "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-ын үүсгэн байгуулсан анхдагчдын нэгийн хувьд шилэн дансаа хөтлөхийг "Оюу толгой" ХХК-иас зүй ёсоор шаардалгүй өдийг хүрсэн нь хачирхалтай.
Ер ньЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хэлэлцээрийн багийн ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, 34 хувийн эрхийг хэрэгжүүлэгч "Эрдэнэс Оюу Толгой" ХХК ч мөн адил нээллтэй, ил тод байдлыг шаардах нь Засгийн газрын "Шилэн ажиллагаа"-ны зорилготой нийцнэ.
Эцэст нь, "Оюу толгой" ХХК шилэн дансаа хөтөлж, ил тод байдлыг бий болгох замаар төслийн ханган нийлүүлэлт, худалдан авалт, өндөр дүнтэй тендерүүдэд Монголын улстөрчид, тэдгээрийн хамаарал бүрий компани, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашиг хаалтгүй явж ирсэн гэх хардлагад цэг тавьж, маргааныг хаглах нь зүйтэй биз ээ.