Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол" нэгдлээс хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд дотоод, гадаадын 1000 орчим төлөөлөгч оролцлоо.
Монгол Улсын эдийн засагт жин дардаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх шийдлээ тодорхойлоход энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдол оршиж байна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.
Энэ хэрээр Монгол Улсын экспортын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүхий эдийн экспорт давамгайлсан манай улсын хувьд экспортын үндсэн түүхий эд болох нүүрс, газрын тос, зэс, төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр байгуулж, дэвшилтэт технологи, инновацад суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт тавигдаж байгаа юм. Тэгэхээр олборлолтоос боловсруулалт руу шилжих үйл явцыг хурдасгах, эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлдэх зэрэгт голлон анхаарч, бодит ажил болгох шаардлагатай. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, цаашдын хандлагыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зөвлөгөөнд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд аж үйлдвэржилт, аялал жуулчлал гэсэн хоёр салбарт анхаарал хандуулах ёстой. Аж үйлдвэржилтийн салбарт хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нь чухал.
Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны гишүүн Г.Батцэнгэл “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн тулгуур баганы нэг, экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж байна. Тиймээс аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрийн хөгжлийн тулгуур нь уул уурхайн салбар болно гэж үзэж байгаа. Энэ ажлын хүрээнд Үндэсний хорооны түвшинд яригдаж байгаа төслүүдийг харахад зэс хайлуулах үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэр, нүүрсийг гүн боловсруулах үйлдвэрийн төслүүд байна. Тиймээс уул уурхайн салбараа түшиглээд хүнд үйлдвэрээ хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа” гэлээ.
Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор байгуулсан Аж үйлдвэржилтийн Үндэсний хорооны анхны хуралдааныг өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулсан. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой уг Үндэсний хороог Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ахалж байгаа. Анхны хурлаар холбогдох байнгын хороодын дарга, сайд нар, салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүн 6 асуудлыг хэлэлцэж, 4 дэд хороотой байхаар тогтож, дэд хороодын удирдлагуудыг томилсон. Үндэсний хорооны гол зорилго нь аж үйлдвэрийн салбарт эхний ээлжид бодитоор хэрэгжихүйц цөөн тооны төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх юм.
Аж үйлдвэржилтийн сэргэлтэд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага бий. Энэ зорилгын хүрээнд УУХҮЯ нь Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтарсан Ажлын хэсгийн хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Хуулийн төслийг УИХ-ын энэ оны намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. Хуулийн төсөлд хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг тогтоох, хөрөнгө оруулагчид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах талаар төрийн байгууллагын бүрэн эрхийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан. Мөн хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах зөвлөл болон Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах, татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгох зэрэг заалтыг тусгасан ба Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уг хуультай нийцүүлж, харилцан уялдаатай боловсруулж байна.
Үйлдвэржилтэд боловсон хүчний асуудал тулгамдаж буй асуудлуудын голлох байр суурийг эзэлдэг. Шинэ сэргэлтийн бодлогын бичиг баримтад туссан 7 төслийг хэрэгжүүлэхэд 6000 гаруй шинэ ажлын байр бий болохоос 44 хувь нь дээд боловсролтой байх шаардлагатай. Энэ хүрээнд дотооддоо болон гадаадад мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна. Газрын тосны үйлдвэрт ажиллуулах зорилгоор ШУТИС-д 2021 онд Газрын тосны үйлдвэрийн инженерийн анги нээжээ. Мөн үйлдвэрийн шугамаар богино хугацааны сургалтыг Энэтхэг улсад зохион байгуулж байгаа бол ОХУ-д оюутнуудыг 2023 оны намраас эхлэн сургаж эхэлнэ.