Open iToim app
Нийслэл | 4 мин уншина

Зайсангийн хаусуудаас үл хөдлөх эд хөрөнгийн татвар авна, үнэлгээг шинэчилнэ

Зайсангийн хаусуудаас үл хөдлөх эд хөрөнгийн татвар авна, үнэлгээг шинэчилнэ
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 26
Нийслэл энэ онд 1.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Үүний 1.7 их наяд нь татварын орлого, 200 тэрбум нь татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тооцжээ. Нийслэлийн татварын орлогын 85 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвараас, 15 орчим хувийг газар болон үл хөдлөх эд хөрөнгийн татвараас бүрдүүлдэг байна. Дэлхийн хотууд манайхаас эсрэгээрээ үл хөдлөх эд хөрөнгийн татвар болон газрын төлбөрөөс гол орлогоо бүрдүүлдэг аж. Энэ жилээс нийслэл үл хөдлөх эд хөрөнгийн татварын орлогыг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм байна. Өнгөрсөн жил батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд хот бие даан татвараа нэмэгдүүлэх боломжтой болсон. Гэхдээ яаран хотын татварыг нэмэхгүй, харин татварын баазаа өргөтгөх аж. Эхлээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хамрах хүрээг тэлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Энэ жилээс хоёроос дээш орон сууцтай иргэний бусад үл хөдлөх хөрөнгөөс татвар авахаар болсон. Мөн Зайсан орчмын хаус хороололд амины орон сууц эзэмшигчээс үл хөдлөх эд хөрөнгийн татвар авахаар бүртгэлийн ажлыг нийслэлээс эхлүүлсэн байна.
Нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бүсчлэлээс хамаарч 0.6-1 хувь байхаар тогтоосон. Алслагдсан бүсүүд 0.6 хувиар, хотын төв буюу А бүсийнхэн 1 хувийн татвар төлж буй. Энэ хувь хэмжээ хөдлөхгүй. Харин тухайн хуулийн этгээд, иргэн үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн бодит үнээр үнэлж, үнэн зөв татвараа төлөхийг шаардах юм байна. Учир нь, өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдгөөс 2300-2400 орчим нь үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн бодит үнээр үнэлж, татвараа төлдөг. Үлдэж буй нь ихэвчлэн тухайн үл хөдлөх хөрөнгөө хэт багаар үнэлж татвараас зугтах, зайлсхийх аргыг хэрэглэж байгаа дүр зураг ажиглагдсан байна.
"Элбэг их" дэлгүүр 3 өрөө байрны үнээр үл хөдлөхөө үнэлжээ
 Хотын А бүсэд байрладаг хоёр аж ахуйн эрс тэс ялгаатай үнээр үл хөдлөхөө үнэлдэг. Нэг нь 20 тэрбумаар үл хөдлөхөө үнэлж тэндээсээ 1 хувийн татвар төлж байхад нөгөө нь хоёр тэрбумаар үл хөдлөхөө үнэлж 1 хувийн татвар төлдөг байх жишээтэй. Хоёр тэрбумаар үнэлсэн нь 2000 оноос өмнөх үеийн үнэлгээгээ барьж тооцуулдаг бол 20 тэрбумаар төлж байгаа нь бодит зах зээл рүүгээ шилжүүлсэн үнэлгээгээр төлдөг байна. Яг ийм жишээгээр зарим нь үл хөдлөх эд хөрөнгийн татвараас зайлсхийдэг. Зарим нь 5-7 давхар объектоо гурван өрөө байрны үнээр үнэлж татвар төлнө. Тухайлбал,
  • Улсын их дэлгүүр объектоо 8 тэрбум төгрөгөөр үнэлж, жилд 80 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдөг байхад Имарт буюу Скай хайпермаркет үл хөдлөх хөрөнгөө 50 тэрбум төгрөгөөр үнэлж,  500 саяын үл хөдлөхийн татвараа төлдөг байна.  Улсын их дэлгүүрийг өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 18 тэрбум төгрөг хүрнэ гэж татварын албаныхан тооцож байгаа бөгөөд 100 сая төгрөгийг төлөхгүй, татвараас “зугтдаг” байх жишээтэй.
  • Палас зочид буудал 1.8 тэрбумаар, Континентал зочид буудал 1 тэрбумаар үл хөдлөхөө үнэлж татвар төлжээ. Гэтэл зах зээлийн үнээр тооцвол Палас 11 тэрбум, Континентал 19 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх боломжтой аж.
  • “Элбэг их” дэлгүүр гэхэд үл хөдлөх хөрөнгөө 180 сая төгрөгөөр үнэлж, 1.8 сая төгрөгийн татвар төлдөг байна. Татварынхны тооцоогоор тус объект 7.5 тэрбум төгрөгт үнэлэгдэж байгаа ч эзэн нь гурван өрөө байрны үнээр үнэлж, үл хөдлөхийн татвараас “зугтаадаг” гэсэн үг.
Энэ нь нэг талаараа татвараас зайлсхийх заль гэж Нийслэлийн татварын албанаас үзэж байгаа юм. Тиймээс нэн түрүүнд нийслэлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэд шилжүүлэхийг шаардана гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн  мэдэгдээд байна.
Аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ хамгийн үнэн зөвөөр мэдүүлдэг газар нь банк. Банкнаас зээл авахдаа барьцаа хөрөнгийн үнэлгээ хийлгэдэг бөгөөд банкинд бодит зах зээлийн үнээр үнэлүүлдэг байна. Тиймээс цаашдаа банкны барьцаа хөрөнгийн үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийн татварыг авдаг болох хувилбар ч яригдах юм байна.
Нийслэл үл хөдлөх эд хөрөнгийн татвараас жилд 75 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг. Харин татварын баазаа буюу хуулийн этгүүдүүд үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн бодит үнээр үнэлдэг болбол энэ төрлийн татварын орлого 3-4 дахин нэмэгдэх, бизнесийн шударга зарчимд нийцнэ гэж үзэж байгаа аж.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн