iToim агентлагийн гэрэл зурагчин Э.Ганзориг 2023 оны хоёрдугаар сард Турк болон Сирийн заагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн гамшгийн дараах нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилсан бүтээлээрээ “Нуранги”баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. “Нуранги” үзэсгэлэн 2023 оны тавдугаар сарын 23, 24 өдрүүдэд Төв талбайд толилуулж, үзсэн хүн бүрд байгалийн гамшигт үзэгдэлд бэлэн байх, барилгын чанарын асуудлыг анхаарах дохио өгсөн юм. Тэгвэл биечлэн ирж үзэж чадаагүй хүмүүст зориулж “Нуранги” үзэсгэлэнг дижитал хувилбараар бүрэн эхээр нь хүргэж байна.
• • •
Нуранги
Газар хөдлөлт гэхээр толгой дээрээ дэвтэр номоо барин сургуулиасаа гүйлдэн гарч буй хүүхэд багачууд, зурагт, олон нийтийн сүлжээнээс л олж хардаг нурсан барилга байшингаар төсөөлдөг байв. Гэтэл бодит байдал дээр газар хөдлөлт гэдэг хэчнээн их зовлон шаналал, уй гашуу дагуулдгийг төсөөлөө ч үгүй явжээ. Турк, Сирийн заагт болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа гамшиг болсон цэгт очсон нь өнгөц төсөөллийг минь тэр аяар өөрчилсөн юм.
Туркээс эргэж ирээд хэсэгтээ л өндөр байшинд орохоос айж, эвгүйцдэг болсон байв. Сүүлийн үеийн мэдээллээр газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 57 мянгад хүрсэн бөгөөд Туркт 50,399, Сирид 7,259 хүн. НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцооллоор 1.5 сая гаруй хүн орон гэргүй болжээ. Гэхдээ бодит байдал ямар байсныг тоо харуулж чадахгүй. Тиймээс газар хөдлөлтийн гамшиг амьдрал дээр ямар байдгийг гэрэл зургаар харуулахыг зорилоо.
Ар гэрийнхнээ амьд гэсэн итгэл найдвар тээсэн тэр л харц, нурж сүйдсэн эсвэл буцаж ороход хэтэрхий эрсдэлтэй болсон барилга байшин, хэчнээн их тарчилсныг нь бодохоос гол гогдмоор цогцоснууд. Энэ бол Туркт арав хоног ажиллахдаа өдөр бүр харсан зүйлс. Камераа чиглүүлэх нь битгий хэл эгцэлж харахад ч эвгүйцмээр дүр зураг. Энэ бүхнийг гэрчилж, баримтжуулна гэдэг гэрэл зурагчны хувьд хүнд даваа байв. Нуранги дороос сонстох хэн нэгний амь гуйсан сулхан дуу хоолойг сонсохын тулд “Чимээгүй” гэх командаар хүн бүхэн хийж буйгаа орхин хөшөө мэт болж, хот тэр чигтээ нам гүмд уусна. Чих тавих тусам цаашлан холдсоор байх шиг санагдах тэр чимээ хаанаас гарч буйг аврагчид сонсох эсэх нь нурангид дарагдсан хүний амь насыг дэнслэх шүүгч гэлтэй. Ийм командаар бид олон хүн аварсан бас алдсан. “Амьд хүн оллоо” хэмээн баярлаж, аль байдгаараа шуурхай ажиллалаа ч “амьгүй” байх тохиолдол цөөнгүй. Амьд үлдэхийн төлөө хумсаа унатал хана маажсан хүний ханан дээрх цусны толбо хатаж амжаагүй байхад амьсгал хураасан сэтгэл өвтгөм, харамсалтай дүр зурагтай таарсан.
Нуранги дороос хүн олоод баярласан, эсвэл амжиж аварч чадалгүй алдсан хором мөчүүд, мэдрэмжүүд камерт минь, сэтгэлд минь ч тод томруун үлджээ. Туркийн газар хөдлөлт шиг гамшиг бидэнд ч тохиож болох байсан, тохиохыг ч үгүйсгэхгүй. Хүн төрөлхтөн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө ямар өчүүхэн, сул дорой болохыг Туркт болсон энэ явдлаас харж болмоор.
Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүний хувьд гамшгийн бүсэд юу болсон, болж байгааг үнэн бодитоор, элдэв хачиргүй харуулна гэх бодол тээсээр очсон нь хамгийн том алдаа бас сургамж байв. Газар хөдлөлт болсон газар очиж байгаа хүн аврах ажиллагаа хэрхэн явагддагийг мэддэг байх хэрэгтэйг Туркт өнгөрүүлсэн өдрүүдээс ойлгосон. Орон гэр, эд хөрөнгө хамгийн гол нь хайртай хүмүүсээ алдсан хэн нэгний зовж шаналсан нүд рүү камераа чиглүүлэх бүрд ажил мэргэжил минь надаас “харгис хатуу” байхыг шаардаж байх шиг санагдав. Гэвч энэ бол миний сонгосон мэргэжил. Энэ бүхэн болоод өнгөрнө, тоо л үлдэнэ. Харин бодит байдал ямар байсныг хэн ч мэдэхгүй өнгөрвөл дэндүү харамсалтай. Гэрэл зурагчин Ц.Батзориг агсны хэлснээр “Бид үлдээх юмтай улс” билээ.
Гэрэл зурагчин Э.Ганзориг
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын дэд дарга бригадын генерал Б.Ууганбаярт төрийн далбаа гардуулан өгөв
Монгол Улсын Засгийн газраас Бүгд найрамдах Турк улс руу эрэн хайх, аврах багийг илгээх шийдвэр гаргалаа. Аврагч, эмч, эмнэлгийн ажилтан, орчуулагч, сэтгүүлчид гээд 41 хүнээс гадна Марта, Балу гэх хоёр нохойтой аврах баг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас Турк руу хөлгийн жолоо залав. Анкарагийн цагаар 10 цагийн үед /Монголын цагаар 15 цаг/ Газиантеп хотын Газенто олон улсын нисэх буудалд газардлаа. Ингээд Газиантеп хотоос 200 км зайд байрлах газар хөдлөлтийн голомт Хатай хот руу хөдөлсөн юм. Автобусаар гурван цаг орчим явсны эцэст Анкарагийн цагаар 17 цагт Хатай хотод ирлээ.
Газар хөдлөлтийн гамшигийн үед цаг гэдэг бүхнээс үнэтэй. Цаг алдах тусам амьд хүн олох боломж багасна. Тиймээс бид ирсэн даруйдаа хоёр хэсэг болж ажиллав. Нэгдүгээр баг нуранги руу явж Анкарагийн цагаар 20 цаг 10 минутад хоёр настай хүүхэд, 21 цаг 20 минутад нэг эмэгтэй, 22 цаг 33 минутад 15 настай хүүг нурангиас эсэн мэнд гаргасан. Харин үлдсэн хэсэг болох бид ачаа бараа, майхан саваа бэлдэж янзлав. Нуранги руу явсан аврагчид буцаж ирээд ийм зүйл амьдралдаа үзсэнгүй, киноноос л харж байлаа хэмээн ярьцгааж байсан юм.
Хатай бол газар хөдлөлтийн голомтын нэг. Тус хот нь Улаанбаатар хоттой дүйцэхүйц 1.5 сая хүн амтай ч хотжилтын хувьд арай том. Монголоос гарахад ч тэр, Газиантеп хотоос хөдлөхөд ч надад яагаад ч юм хүнгүй газар очих байх гэсэн төсөөлөл төрөөд байв. Гэтэл яг газар дээрээ иртэл сайн дурынхан, аврах багууд, нурангид дарагдсан хүмүүсийн ар гэр гээд маш олон хүн бужигнасан, тоос шороо боссон тийм л нөхцөл байдал угтан авсан юм.
Байгалийн гамшиг болсон газар учир харахад үнэхээр нүд хальтирам. Бүхэл бүтэн нэг хот сүйрч балгас болсон, нурангид дарагдагсдын ар гэрийнхний уйлаан, орилоон хадсан тийм л нөхцөл байдал. Туркийн онцгой байдлын газраас бидэнд цогцос олбол аврах ажиллагаа явуулж цаг алдах хэрэггүй, амьд хүнийг олж, аврах чухал шүү гэдэг зааварчилгаа өгсөн байв.
Газар хөдлөлтийн үед “Алтан цаг” гэдэг ойлголт байдаг юм байна. Газар хөдөлж, байшин нурснаас хойш нурангид дарагдсан хүмүүс бараг л хөдөлгөөнгүй, бэртэж гэмтсэн, хоол ундгүй хэн ирж аврах бол хэмээн хүлээж байдаг аж. Ийм хүмүүсийг 72 цагийн дотор аварвал алтан цагтаа багтлаа хэмээн үздэг байна. Харин алтан цаг өнгөрсөн тохиолдолд нурангид дарагдсан хүн амьд үлдэх боломж хомсорч, цогцос л олдох эрсдэлтэй байдаг гэнэ. Туркт газар хөдөлснөөс хойш 72 болсон учир нурангиас амьд хүн олох итгэл найдвар тун бага байлаа.
Нурангид дарагдсан хүмүүсийн ар гэрийнхэн бидэнд их хандана. Манай тийм ч хүн саяхан эндээс дохио өглөө, энд ч тийм дуу гарлаа, шалгаад өгөөч, нохойгоороо үнэртүүлээд өгөөч гэхчлэн тусламж хүснэ. Тэдний заавраар очоод эрэн хайж үзэхэд хүн битгий хэл, цогцос ч байхгүй байх тохиолдол олон. Ар гэрийнхэн нь амьд байгаа гэсэн итгэлээр бидэнд хандаж байхад цогцсыг нь гаргаж өгөх, олдохгүй байна гэж хэлэх маш хэцүү.
Хатай хот хоёр талаараа уулаар хүрээлэгдсэн юм билээ. Хоёр уулын дунд хэсэгт хотын төв нь байдаг. Хотын төв бараг л бүрэн сүйрсэн байтал уулан дээрх айлын байшин, 2-3 давхар барилгууд огт нураагүй, цуураагүй байсан нь хамгийн сонин.
Алтан цаг өнгөрсөн, амьд хүн олох боломж тун бага үед бид Кулъяа гэх 48 настай бүсгүйг аварсан юм.
Экскаватор байнга ажиллаж, машин тэрэг дуугарсан, хүн хүүхэд уйлсан тэр их чимээн дунд хүн олно гэдэг бахархам юм билээ. Нурсан барилгад ганц нэг нүх, сүв гарсан байдаг аж. Тийшээ аврагч толгойгоо хийгээд “Хүн байна уу” хэмээн орилно. Чимээ ихтэй учир “Бүгд чимээгүй” хэмээн командлахад тэр том хот тэр чигээрээ аниргүй болно. Жижиг сажиг чимээ ч гарахгүй, түргэний машин, техник хэрэгсэл, эксковатор гээд бүгдийг нь унтраана, бүгд хөдөлгөөнгүй, зөвхөн сонсоно. Учир нь, 72 цаг нурангид байсан хүний хоолой гарахаа байчихсан, хоол ундгүй, харанхуйд их л ядарч зүдэрсэн, чимээ өгөх ч тэнхэлгүй болсон байдаг гэнэ.
Харин Кулъяа их азтай эмэгтэй байсан. Ус уух заяатай хүн л гэж түүнийг хэлэх байх. Түүнийг олохдоо хана тогшиж байсан чимээгээр олсон. Аврах ажиллагааны тэр их чимээн дунд хана тогших чимээг сонсоод, “Бүгд Кулъяагийн ар гэрийнхэн чимээгүй” командаар хот даяараа хичээн байж тэр үл сонсогдом ганцхан чимээг “хүн байна” хэмээн баталгаажуулсан. Кулъяа амьд үлдэх үү, үгүй юу гэдгийг тэр ганц чимээ шүүсэн гэхээр хүн төрөлхтөн гэдэг байгалийн өмнө ямар өчүүхэн, хүний амь гэдэг яасан хэврэг юм бэ.
Хана тогших чимээг ингэж олж сонсоод манай аврах багийнхан орон нутгийн иргэдтэй хамтран тасралтгүй гурван цаг ажиллаж, хоёр хана нэвтлэн Кулъяаг аварлаа. Түүнийг нурангиас гаргахдаа хөдөлгөөнгүйгээр бэхэлж, нүдийг нь хааж гаргав. Кулъяагийн баруун хөл нь дарагдаж, хавдсан байсан бөгөөд эмнэлэгт шилжүүлсэн.
Кулъяаг аварч байх үед манай зарим аврагч өөр барилга дээр ажиллаж байсан. Тэндээс дөрвөн хүн эсэн мэнд гаргаад буцаж ирэв. Ингээд манай аврах баг эхний хоёр өдөрт нийт найман хүн аварлаа.
Кулъяагийн ар гэрийнхэн
Манай багийн аврах ажиллагаа эхэлсний гурав дахь өдрөөс эхлээд бид цогцос л олж байлаа. Аврах ажиллагааны үед амьд хүн оллоо хэмээн баярлаж, шуурхай ажиллагаа явуулахад цогцос байв. Хөл нь дарагдсан, хөдлөх боломжгүй, маш жижигхэн зайд байсан бөгөөд хөдөлж байсан ганц зүйл нь түүний гар байжээ.
Аврагчид цогцсыг гаргасны дараа хэдхэн хормын өмнө амьд байсан гэж хэлсэн. Тэднээс яаж мэдэж байгаа юм бэ гэж асуухад “Гар нь хөдөлж байсан учир хана маажиж, маажсан мөрөн дээр нь цусны толбо болжээ. Гарынх нь бүх хумс хойш ярагдаж, унасан байдалтай олдлоо. Хана маажихад үлдсэн цусны толбо нь хатаагүй байгааг бодоход саяхан амьсгал хураасан бололтой” хэмээсэн юм. Тухайн хүнийг газар хөдлөлтөөс хойш тав дахь өдрийн 16 цагийн орчимд гаргасан гэхээр нийт 120 орчим цаг тэнд байсан гэсэн үг. Түүний цогцсыг гэмтээлгүйгээр гаргасан боловч хэн ч таниагүй.
Тэр цогцсоос гадна бид тухайн барилгаас дахин нэг цогцос олсон юм
Аврах ажиллагааны дөрөв дэх өдөр.
Аврах багийн бүрэлдэхүүнд зөвхөн онцгой байдлын аврагчдаас гадна Цэргийн төв эмнэлгийн эмч нар гэмтэл, мэс засал, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхээр очсон. Тэд аврах ажиллагааны хугацаанд Монголоос авч явсан хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, шаардлагатай үзлэг, оношилгоо, яаралтай тусламжийг үзүүлж байв.
Газар хөдлөлтөөс хойш олон цаг өнгөрсөн тул амьд хүн олох боломж өнгөрсөн гэдгийг хэн, хэн нь ойлгож байлаа. Хамгийн гол нь цогцост механик гэмтэл гаргаж болохгүй гэсэн зааварчилгааг Туркийн онцгой байдлын газраас өгсөн юм. Механик гэмтэл гаргахгүй гэдэг нь тухайн цогцсыг нурангиас гаргахдаа нэмж ямар нэгэн гэмтэл учруулахгүй байхыг хэлнэ. Энэ өдөр бид гурван цогцос гаргаж, хүлээлгэн өгөв.
Эрэн хайх, аврах багийн хамгийн чухал ажил нь хүний амь аврах. Мөн хүний эд хөрөнгийг хамгаалан хүлээлгэж өгөх билээ. Аврах ажиллагааны тав дахь өдөр бид 20 гаруй мянган ам.долларыг /яг хэд байсныг нарийн мэдэхгүй/ бусад үнэт эдлэлийн хамт эзэнд нь хүлээлгэж өгсөн юм.
Амьд хүн олдох боломж, магадал буурч байгаа тул хотыг цэвэрлэх ажлыг эхлүүлэв. Тухайн үед эксковатор ажиллаж байтал нэгэн шүүгээ цухуйсан. Түүнийг харсан нэгэн эр энэ манай гэр байна, энэ шүүгээнд миний мөнгө болон үнэт эдлэл бий гаргаад өгөөч гэж бидэнд хандав. Ингээд аврагчид мөнгө болон үнэт эдлэлийг нь гаргаж өгөхөөр ажилласан.
Эхлээд тэр хүнд шүүгээний цухуйсан хэсгийг харуулаад яг мөн эсэхийг баталгаажуулж асуусан. Тэр эр очиж үзээд мөн байна, шургуулганы доод хэсэгт нэг зай бий, тэнд миний гялгар ууттай 25 мянган доллар, үнэт эдлэл цуг бий гэж мэдээлэв. Үүний дараагаар ухаж үзээд, аврагч ороход мөнгө нь харагдсан, боодол нь задарсан байсан гэж байгаа юм. Ингээд буцаж гарч ирээд нөгөө эрийн аюулгүй байдлыг хангаад өөрийг нь оруулъя гэж шийдсэн. Нийт 25 мянган ам.доллар байснаас 20 гаруй мянган ам.доллар гаргасан. Тэр эр дараа нь дахиж ороод тортой үнэт эдлэлээ авсан. Манай аврагч нар мөнгөний эзнийг өөрийнх нь аюулгүй байдлыг хангаад тийш оруулсан учир нь мөнгө дутлаа гэсэн хардлага, сэрдлэгээс хол байх гэсэн арга байсан байна лээ. Бас их туршлага зааж байгаа юм шүү.
Тэр эр мөнгө, эд хөрөнгөө авахын тулд тухайн газраас алхам ч холдохгүй байсан. Эхэндээ тийм гай гамшиг болсон байхад мөнгө, эд хөрөнгөнийхөө араас үхэн хатан байгаа нь надад огтхон ч таалагдаагүй. Бусад хүмүүс бүхэл бүтэн амь алдаад гасалж байхад энэ хүн мөнгөө л хайгаад явж байсан юм шиг санагдсан. Тухайн үеийн мэдрэмж л дээ. Одоо бодоод байхад тэр мөнгө, үнэт эдлэл тухайн хүний хэдэн жилийн хөдөлмөр байсан ч юм болов уу гэж бодогдсон. Аврагчид хүний амь аврахаас гадна эд хөрөнгийг нь олж өгөх ёстой. Тэр утгаараа эд хөрөнгийг нь ийнхүү олж өгөв.