БЗС-гаас гадна төрийн өмчит компаниуд, байгууллагууд боловсролын зээл олгодог талаар бид өмнө нь мэдээлж байсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын зардлаар гадаадын их, дээд сургуульд сурч төгссөн, одоо сурч байгаа хүмүүсийн мэдээллийг ил болох ёстой ч одоо болтол ил болгоогүй, нууц хэвээр байгаа.
Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын зардлаар 2015 онд 62 хүнд 3.3 тэрбум, 2016 онд 57 хүнд 1.8 тэрбум, 2017 онд 11 хүнд 370 сая, 2018 онд 17 хүнд 753 сая, 2019, 2020, онуудад 1.92 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл олгож сургасан байгаа юм.
Иргэний нисэхийн ерөнхий газар жилд 1-2 тэрбум төгрөгийн сургалтын зээл олгож нисгэгч, нисэхийн инженер, нисэхийн удирдагч мэргэжлээр суралцаж байгаа хүмүүсийг гадаадад сургадаг. Төгсөж ирээд таван жил Монголдоо ажиллах гэрээний нөхцөлтэй ч гэрээгээ биелүүлсэн хүн бараг байхгүй.
ИНЕГ-ын зардлаар гадаад улс, орнуудад 370 хүн сурсан бөгөөд үүнээс 30 нь л Монголдоо ажиллаж байгаа юм байна. Тэгвэл АТГ-аас ИНЕГ-ын сургалтын санд шалгалт хийж олон зөрчил илрүүлж, зөвлөмж хүргүүлжээ. Тус зөвлөмжөөр зөрчлөө зургадугаар сарын 1-ний дотор арилгах үүрэг өгсөн бөгөөд зөвлөмжийг Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогтод ч хүргүүлсэн байна.
Сургалтын зээл олгож гэрээ хийхдээ суралцагсдын байрыг барьцаанд авдаг бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй байж, байраа барьцаанаас гаргасан олон зөрчил илэрсэн байна. Мөн 370 хүнээс дийлэнх нь Зам, тээвэр хөгжлийн яамны үе үеийн дарга удирдлагууд, ИНЕГ-ын дарга удирдлага, тэдний үр хүүхэд хамаарал бүхий хүмүүс сургалтын зээлд хамрагдсан нь АТГ-ын шалгалтаар тогтоогджээ. Тиймээс ч ИНЕГ сургалтын зээлийн сангийн мэдээллээ өнөөдрийг хүртэл нийтэд ил болгохгүй байгаа бололтой.