Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

О.Сийлэгмааг буцаан ажилд нь томилох үүрэг өгчээ

О.Сийлэгмааг буцаан ажилд нь томилох үүрэг өгчээ
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 24
Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн О.Сийлэгмааг ажилд нь буцаан томилох үүргийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан холбогдох албаныханд үүрэг болгожээ.
О.Сийлэгмаа нь БЗС-д ажиллаж байх үеэсээ тус сангаас гадаадын их сургуульд суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн зээлийг шалгуур хангаагүй хүмүүст өгч, мэдээлэлд ойр улс төрийн хүрээнийхний хамаарлууд зээл авдаг, эргээд шалгуур болзол хангаагүй хүмүүсийн зээлийг үе үеийн Боловсролын сайд нар тушаал гаргаж чөлөөлдөг зэрэг олон асуудлаар шүгэл үлээж, нийгмийн анхаарлыг БЗС-д төвлөрүүлээд байгаа билээ. Тэгвэл түүнийг ажилд нь буцаан томилоод зогсохгүй БЗС-гийн асуудлыг шалгах Ажлын хэсэгт ажиллахыг санал болгож байгаа юм байна.
Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Өчигдөр /2023.05.23/ О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлалт гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан" гэжээ.
Тэгвэл О.Сийлэгмаа буцаан ажилд томилох саналыг хүлээн аваагүй байна. Тэрээр "Сайд дуудаж уулзсан нь үнэн. Зөвлөх болон өөр бусад хүмүүсийн хамт уулзсан бөгөөд уучлалт гуйсан. Гэхдээ би намайг яаж гүтгэсэн яг тэр аргаараа залруулга, уучлалт гуйхыг хүссэн. Ажилдаа орохоос татгалзаж байна. Өмнө нь шүүхийн эвлэрлээр ажилдаа очоод ажиллахад хэцүү, дарамт шахалттай байсан. Тэр хүмүүс намайг дахиад хоёр сарын дараа хавчаад л чөлөөлөх магадлалтай. Харин Ажлын хэсэгт орох эсэхээ шийдээгүй байна. Шалгалтын ажлын хэсэг гээд байгаа Сангийн сам, Боловсролын яамны талаа би өөрөө шүгэл үлээсэн. Тэд үнэн зөв ажиллана гэдэгт итгэхэд бэрх л дээ" гэсэн юм.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн