Open iToim app
Тэд бидний тухай | 3 мин уншина

“Баавгай болохсон” киног Deadline онцолжээ

“Баавгай болохсон” киног Deadline онцолжээ
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 23
Иргэн П.Золжаргалын анхны уран сайхны кино нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүхэд физикийн уралдаанд түрүүлж, сайн сургуульд тэтгэлэг авахаар болсон тухай өгүүлдэг. Гэвч ээж нь хөдөө ажилд орж, дүү нартай нь хамт түүнийг орхисноор  төлөвлөгөө  нь өөрчлөгдөнө. Тэр сурахын оронд хоол хүнс, түлш худалдаж авах мөнгө олохоор ажил хийхээс өөр аргагүй болдог. 

П.Золжаргал: Хүүхдүүдэд итгэл найдвар өгөхийг хүсдэг

“Намайг бага байхад ээж маань гэр  хороололд дэлгүүр нээсэн бөгөөд тэр үед өвсөр насны хүүхэд байсан би олон янзын хүн харсан. Зарим нь нүүдэлчин, зарим нь хүнд нөхцөлд амьдарч, зарим нь  өөрсдөдөө архи худалдаж аваад хүүхдүүдээ хоол ундгүй орхидог” хэмээн  П.Золжаргал  “Deadline”-д ярьжээ. 
Тэрээр "Би тэр гэм зэмгүй бяцхан хүүхдүүдэд зориулж ямар нэгэн зүйл бүтээж, тэднийг баярлуулах, эсвэл тэдэнд итгэл найдвар өгөхийг хүсдэг байсан. Энэ мөрөөдөл маань биелэж, манай кино  Каннын албан ёсны шалгаруулалтад орсон анхны монгол кино болж, ням гарагт нээлтээ хийсэн” хэмээжээ. 
Энэхүү кино нь ядуурлаас ангижрах гарц болох боловсролын үүргийг сануулж, харуулаад зогсохгүй Монголын агаарын бохирдлыг хэрхэн шийдэх тухай өгүүлснээрээ онцлог болжээ. Киноны үйл явдал өвлийн улиралд өрнөдөг бөгөөд П.Золжаргалын  ярьснаар, агаарын температур хасах 30 хэмээс доош бууж, хот өтгөн утаанд дарагддаг бөгөөд  оршин суугчид халаалтгүй гэрт амьдарч, нүүрс түлж дулаацдаг. 
П.Золжаргал “Та киноноос харж байгаачлан Монголд агаарын бохирдол үнэхээр хүнд байна. Өвөл бүр ийм утаагаар амьсгална. Хүүхдүүд ч мөн амьсгалж, цусаар нь хүнд металл “урсаж” байна. Гэвч хүмүүсийн гаргаж ирж байгаа шийдлүүд нь оновчгүй, огт нэмэргүй байна” гэв.
"Баавгай болохсон” киноны зохиолыг багагүй жил боловсруулсны дараа олон улсаас санхүүжилт хүлээсэн бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг орон нутгийн эх үүсвэрээс тодорхой хэмжээний санхүүжилт босгосон аж. 
П.Золжаргал бага залуу байхаасаа зохиол бичих, найруулах хүсэлтэй байсан ч гэр бүлийнхэндээ энэ тухайгаа зориглож хэлж чаддаггүй байжээ.  Тэрээр  “Бид долоо хоног бүрийн бямба гарагийн орой Монголын үндэсний телевизээр Форрест Гамп, Шоушенкоос оргосон нь  зэрэг кинонуудыг үздэг байсан. Транс сагсан бөмбөгчний тухай Тайланд кино гарч байсан. Энэ  киног  үзээд үзэгчдэд өөрийнхөө амьдрал, туршлагаа бүрэн ойлгуулж чадна гэдгийг би анх удаа ойлгосон” хэмээв.
Зохиолч П.Золжаргал “Баавгай болохсон” киноны гол дүрийн өсвөр насны хүүхдийн нэгэн адил математик, физикийн хичээлдээ онц суралцаж, нэр хүндтэй сургуульд элсэн суралцах тэтгэлэг авчээ. Гэвч тэрээр физикийг сонголгүй сургуулийнхаа драмын бүлэгт элсэж, дараа нь Японы Токио дахь Ж.Ф.Оберлиний их сургуульд кино урлагийн чиглэлээр суралцахаар дахин тэтгэлэг авсан байна. Сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирж, хэд хэдэн кинонд туслах найруулагчаар ажиллаж, улмаар ээж болсон нь түүнийг киноны урлагийн карьераа хойш тавихад хүргэжээ. Тэрээр 2017 онд Берлиний кино наадмын "Авьяаслаг Токио" хэмээх  Азийн кино найруулагчдад зориулсан хөтөлбөрт хамрагдаж, "Авьяаслаг Токио" шагналыг хүртсэн байна.
П.Золжаргал “Бид кастинг хийж, зохиолтой төстэй дүртэй хүүхдүүдийг сонгосон.  Камераа хөлдөөхгүйн тулд таван минут тутамд  дулаан машинд оруулж байсан. Хүүхдүүдээ зузаан хөнжлөөр хучиж, халуун ундаа, витамин өгч, гутал руу нь халуун элс хийж өгдөг байлаа. Хүн бүр энэ киног бүтээхэд үнэхээр шаргуу ажилласан бөгөөд энэ киногоороо бид хүүхэд бүрд сайн боловсрол олгох боломжийг хэрхэн олгох талаар хүмүүсийг  бодоход хүргэнэ гэж найдаж байна" гэжээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн