Засгийн газар нэн түрүүнд төрийн албан хаагчдын цалинг нэмэх амлалт өгөөд байна. Цалин нэмэх эх үүсвэрийг 2023 оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх замаар шийднэ. Тодотгол хийхээс өмнө аль салбарыг хэдээр, яаж нэмэх үү гэдэг тооцооллыг хийнэ. Оны эхний таван сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар давж биелээд буй. Төсөв 1.1 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Давсан орлогоос хамгийн түрүүнд төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэсэн үг. Гэхдээ төрийн албан хаагчдын цалинг нийтээр нь хувилж нэмэхгүй, зөрүүг арилгах, тэгшитгэж нэмнэ гэдгээ Сангийн сайд, ХНХ-ын сайд нар мэдэгдсэн.
Хэний цалинг, хэдээр нэмэх вэ
Хамгийн сүүлийн статистик мэдээллээр төсвөөс цалинжиж байгаа 225 мянган албан хаагч байгаа аж. Төрийн өмчийн хамааралтай аж ахуйн нэгж, үйлдвэрийн газарт 75 мянган хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ажиллаж ажиллах хүчний 26 орчим хувь төрийн албан хаагчид гэсэн үг. Энэ удаагийн цалингийн нэмэгдэл зөвхөн төсвөөс цалинжиж байгаа 225 мянга, тэр дундаа төрийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 152.2 мянган хүнд илүү хамааралтай.
Төрийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 152.2 мянган хүний 100 мянга орчим нь боловсрол шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Үлдсэн 52 мянга нь төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид аж. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хэт ялгаатай байгаа учраас эхлээд цалинг тэгшитгэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ:
-Эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарынхны цалинг боловсрол шинжлэх ухааны салбарынхантай адилтгаж, тэгшитгэнэ. Соёлын салбарынхны хамгийн бага цалин нь 550-600 орчим мянга байгаа аж. Шинжлэх ухааны салбарын доод хэмжээ нь 750-800 мянга байгаа бөгөөд энэ хэмжээнд хүргэнэ гэсэн үг. Дундаж цалин нь нэг сая нэлээд давах тооцоо гарчээ.
-Төрийн захиргааны албан хаагчдын цалин харилцан адилгүй байдаг. Ажлын ачаалал, албан тушаалын байдлаар цалин ялгамжтай байна. Ахлах, газар, хэлстийн дарга нарын цалин хоорондоо 20-40 мянган төгрөгийн зөрүүтэй байдаг. Энэ нь хангалттай хэмжээний зөрүү биш бөгөөд албан тушаал ахих бүрд цалин нэмэгдэх байдлаар томъёолно.
-Төрийн нийтлэг албан хаагчдын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс арай дээгүүр буюу 600 гаруй мянган төгрөг байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс төрийн нийтлэг албанд хамаарах алба хаагчдын цалинг дорвитой нэмж, сая руу дөхүүлнэ.
Төсөвт тодотгол хийхээс өмнө дээр дурдсан тохируулгыг заавал хийх юм байна. Цалингийн тохируулгыг хийснээр зарим албан хаагчийн цалин 10, 20 мянгаар нэмэгдэж байхад зарим нь 100, 150, 200, хамгийн ихдээ 500, 600 мянгаар нэмэгдэх тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, нэг салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн хэт ялгаатай байдлыг арилгаж, тэгшитгэх нь цалингийн хамгийн чухал реформ болно гэж бодлого тодорхойлогчид тайлбарлаж байгаа юм. Цалингийн нэгдсэн тохируулга хийсний дараа инфляцтай уялдуулан цалин, тэтгэврийг нэмэх зүйтэй гэж чиглэл барьж байна.