Энэ онд 30 жилийн ой нь тохиож буй “Монголын Алт” (МАК) ХХК Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх хувь нэмэр оруулж буй ТОП-100 ААН-ийн 10 дугаар байрт бичигдэж, 22 дахь жилдээ шилдэг ААН-ээр шалгарлаа.
ТОП-100 аж ахуйн нэгжийг тухайн жилийн орлого, ашиг, татварын орлого, даатгуулагчийн тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг харгалзан жил бүр тодруулдаг. “Монголын Алт” (МАК) ХХК өнгөрсөн онд 91.2 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн ба үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 1.4 их наяд төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж 2023 оны байдлаар 3000 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж нийгэм, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсаар байна.
Мөн компанийн харьяа “МАК Цемент” ХХК хоёр дахь жилдээ дараалан шилдэг 100 компанийн нэгээр нэрлэгдэж энэ онд 45-р байрт бичигдлээ. “МАК Цемент” ХХК нь 2022 онд улс, орон нутагт нийт 18.8 тэрбум төгрөгийн татварыг төлсөн бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш буюу сүүлийн зургаан жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж импортыг орлох үйлдвэрлэл явуулж байгаа юм.
Ийнхүү “Монголын Алт” (МАК) ХХК нь сүүлийн 10 жилд ашигт малтмалаар баялаг бүтээж барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх бодлого барьсны үр дүнд групп компанийн үзүүлэлтээр 12-т бичигдэж байна. Компанийн хувьд цемент, блок, хаалга, цонх болон агааржуулалтын хоолой гэсэн үндсэн 4 үйлдвэрийг ашиглалтад оруулан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд таван төрлийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Мөн 100 гаруй олон улсын компанитай хамтран ажиллаж үйлдвэрлэлийн салбарт 1100 гаруй ажлын байрыг бий болгон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна.
Монголын алт компанийн 1993-2022 онд улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, хураамжийг бүтээн байгуулалтаар илэрхийлбэл:
640 хүүхдийн суудалтай Ерөнхий боловсролын 350 сургууль
240 хүүхдийн хүчин чадал бүхий 582 цэцэрлэг
100 ортой 120 эмнэлэг байгуулах зардалтай тэнцэх юм.
Түүнчлэн орон нутгийн хөгжил, хүүхэд залуусын сурч боловсрох таатай орчныг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд нийт 28.2 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүнээс гадна орон нутагт хатуу хучилттай авто зам байгуулахаас эхлээд 24 цагийн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байсан сүүлийн таван сумыг байнгын эрчим хүчээр хангах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн багтаамжтай, олон улсын стандартад нийцсэн эко сургуулийг 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулан орон нутагт хүлээлгэн өгсөн юм.
Хариуцлагатай уул уурхай болон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж буй үе үеийн МАКчууд, тууштай, найдвартай хамтын ажиллагааг бий болгодог харилцагч, түншүүд та бүхэндээ БАЯРЛАЛАА.