Open iToim app
Зочин | 8 мин уншина

Б.Билгүүн: Өнөөгийн боловсролын тогтолцоогоор I ангиас англи хэл заагаад огт амжилт олохгүй

Б.Билгүүн: Өнөөгийн боловсролын тогтолцоогоор I ангиас англи хэл заагаад огт амжилт олохгүй
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 9
Хүүхдэд англи хэлийг хэдэн наснаас зааж эхлэх нь тохиромжтой талаар тухай олон нийт хэдэн өдрийн туршид мэтгэлцэж байна. Энэхүү халуун сэдвээс улбаалаад боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар Гэгээ академи, Гэгээ сургуулийн Ерөнхий захирал Б.Билгүүнтэй бид ярилцлаа.  
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, тав хоног завсарлууллаа. Хуулийн шинэчилсэн найруулгад англи хэлийг үндсэн гадаад хэл гэж заасан. Үүнтэй зэрэгцээд англи хэлийг хүүхдэд нэгдүгээр ангиас заах нь зөв, буруу гэх хэлэлцүүлэг нийгэмд үүсээд байна. Салбарын сайд англи хэлийг гуравдугаар ангиас заах нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Та энэ салбарт ажиллаж буй хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ. Ер нь аливаа гадаад хэлийг хүүхдэд хэдэн настайгаас нь заавал зөв бэ?
-Энэ асуудлыг хоёр салгаж ойлгох хэрэгтэй. Хүүхдэд нас, сэтгэхүйд нь тохирсон арга зүйгээр заавал ямар ч эрдмийг төвөггүй сурч чаддаг. Энэ ч утгаараа зургаан наснаас нь гадаад хэл зааж эхлэхэд аливаа асуудал үүсэхгүй. Харин ч гадаад хэлийг багаасаа сурснаар цэвэрхэн дуудлагатай болохоос эхлээд олон давуу тал бий. Тэр ч утгаараа хувийн сургуулиуд англи хэлийг нэгдүгээр ангиас нь амжилттай зааж байна.
Харин хүмүүсийн сошиал орчинд мэтгэлцээд байгаа ерөнхий боловсролын сургуульд буюу улсын хэмжээнд хүүхдэд нэгдүгээр ангиас нь англи хэлийг заах ёстой, ёсгүй гэдэг бол тусдаа асуудал. Үүнийг маш нухацтай авч үзэх ёстой. Шуудхан хэлэхэд, манай өнөөгийн боловсролын тогтолцоогоор явбал, нэгдүгээр ангиас нь гадаад хэлийг заагаад огт амжилт олохгүй. Хүн бүрийн нүдэнд ил харагдах хэд, хэдэн хүчин зүйлсийг дурдъя.
Нэгдүгээрт, нэг ангид ногдох багш, сурагчийн харьцаа. Дийлэнх улсын сургуулиуд, ялангуяа нийслэлийн сургуулиудад анги даасан багш 50-60 хүүхэдтэй ажилладаг. Үүнээс үүдээд манай улсад эх хэлний уншилтын хоцрогдол гэж маш том асуудал үүссэн. Гэтэл нэгдүгээр ангийн уншилтын хоцрогдол нь өөрөө бүх хичээлийн хоцрогдлын суурь шалтгаан болдог гэдгийг бүх туршлагатай багш нар мэддэг. Ямар ч ур чадвар сайтай, туршлагатай багшийн хувьд 40-хөн минутад 50 гаруй хүүхэдтэй ажиллаж, тэднийг жигд сургана гэдэг бараг биелэгдэшгүй даалгавар. Хүүхэд бүрийн хүмүүжил, төлөвшил ялгаатай бөгөөд багш сурагч бүртэй тулж харьцахад маш их хугацаа, эрч хүч шаарддагийг дурдах нь илүүц биз.
Хоёрдугаарт, утас, дэлгэцийн хамаарлаас үүдсэн анхаарлын дутмагшилтай, сууж сураагүй, сурагч болоход бэлтгэгдээгүй хүүхдүүд сургуульд ихээр элсэж байна. Энэ бол улсын сургуулийн багш битгий хэл, хувийн сургуулийн 25 хүүхэдтэй ажилладаг багш ч ганцаараа хичээгээд шийдэж чадахгүй асуудал. Сууж сурах буюу төвлөрч сурах гэдэг нь бага, багаар дадуулж болдог тархины нэг функц. Энэ чадварыг хүүхдэд төлөвшүүлэхэд эцэг эхийн дэмжлэг туслалцаа, анхаарал халамж нэн шаардлагатай. Нэг ёсондоо, хүүхдээ дэлгэцээс хол байлгах нь эцэг эхийн үүрэг гэдгийг ухамсарлах нь маш чухал байна. Түүнээс гадна хүүхдээ багшид даатгана гэсэн ташаа бодлоосоо салж, хүүхэдтэйгээ аль болох эртнээс тулж ажиллан, суралцахад сургаж, сурагч болоход нь бэлдэх хэрэгтэй.
Гуравдугаарт, манай бага боловсролын, тэр дундаа монгол хэлний хөтөлбөрийг дахин авч хэлэлцэх ёстой санагддаг. 2006 он хүртэл хүүхдүүд найман настай сургуульд ордог байлаа. Харин одоо зургаан настайдаа сурагч болж байна. Энэ нь ч зөв. Гэхдээ одоогийн цагаан толгойн хөтөлбөр зургаан настай хүүхдийн нас, сэтгэхүй, суралцахуйн онцлогт хэр нийцтэй вэ гэдгийг эргэн харах ёстой юм шиг. Яагаад багшаар заалгаагүй мөртлөө хүүхдүүд Youtube үзээд л англи цагаан толгой, дуу шүлэг сурч, бараг уншаад, яриад сурчихаад байна вэ. Эсрэгээрээ яагаад зургаан жил орчинд нь сонсож, ярьж, өдөр бүр ашиглаж өссөн эх хэлнийхээ хичээл дээр хүүхэд нус нулимстайгаа хутгалдаад байгаа юм бол гэдэг асуулт урган гарна.
Үнэндээ боловсролын салбарт, англи хэлийг сурагчдад хэддүгээр ангиас заах вэ гэдэг бол бидний санаа зовох ёстой асуудлуудын "далдугаарт" жагсана. Хэл сурахад хэзээ ч оройтдоггүй. Зөв хөтөлбөр, зөв арга барилаар хэддүгээр ангиас ч заасан сурна. Англи хэлнээс урьтаж, эх хэлний уншилтын хоцрогдол, нэг ангид ногдох багш, сурагчийн харьцаа зэрэг боловсролын салбарын тогтолцооны түвшинд яригдах асуудлуудад олон нийт анхаарлаа хандуулбал зүйтэй санагдаж байна.
-Та боловсролын салбарт ажиллаж байгаагийн хувьд, энэ салбарт тулгамдаж буй номер нэг асуудал юу гэж харж байна вэ?
undefined
-Багшийн хомсдлоо шийдэх, багш бэлтгэх үйл ажиллагааг эрчимжүүлэх бол нэн тэргүүний асуудал. Одоогийн байдлаар, улсын хэмжээнд даруй 2000-2500 бага ангийн багш дутагдаж байна. Байгалийн ухааны багшийн хомсдол ч асар их болсон. Багшаар ажиллах, багш болох сонирхолтой оюутны тоо багаслаа гээд МУБИС-ийн босго оноог 440 болгож бууруулна гэдэг эмгэнэлтэй санагдаж байна. Багшийн үндсэн үүрэг бол хүүхдийн сурах эрмэлзлийг асаах гал шүү дээ. Мэдлэгтэй, чадвартай хүн л хүний сурах сэтгэлийн галыг асааж, мөрөөдөлтэй болгож өгдөг. Ер нь, гадаад хэлний ямар ч авьяасгүй, математик огт ойлгодоггүй хүүхэд гэж байдаггүй. Хүүхэд химийн хичээл сонирхох уу, эсвэл урлагт дурлах уу гэдэгт тухайн хүүхдийн байгалийн өгөгдлөөс гадна сайн багшийн нөлөө асар их. Нэгэнт хүүхэд сонирхож дурлаад, дотоод гал нь ассан бол цаашаа өөрийн удирдлагаар суралцаж хөгждөг. Иймд хамгийн мундаг хүмүүс багш болон бэлтгэгддэг, хамгийн мундгууд нь багш болдог тогтолцоог бүрдүүлэхийн тулд манай улс анхаарч бодлогын түвшинд зөв үйл хэрэг хийх хэрэгтэй. Багш нар бол нийгмийн инженерүүд, архитекторууд шүү дээ. Нийгмийг бүтээж, хөгжүүлж цэцэглүүлэх ирээдүй, хойч үеэ бэлдэж буй хүмүүс.
-Багш болох ЭЕШ-ын босго оноог 700 болгоод, багшийн сарын цалинг гурван сая болголоо гэж бодъё?
-Миний хүсдэг зүйл яг энэ. Боловсрол чанартай, хүртээмжтэй байх ёстой. Хэрэв ийм шийдвэр гаргавал, шилжилтийн явцад хэсэг хямрах л байх. Гэхдээ зоригтой шийдвэр гаргасны хүчинд урт хугацаандаа бүх зүйл цэгцэндээ орж, улс орон хөгжлийн зам руугаа шудрах байх. Хэрэв таны хэлсэн шиг багшийн ангид элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог 700 болгоод, багшийн цалинг гурван сая болговол хувийн сургуулиудаа ад үзээд байх ч хэрэггүй болно. Зах зээлийн шалгарлаараа цөөхөн хувийн сургууль үлдэх байх. Би хэдий хувийн сургуулийн захирал ч гэлээ миний эцсийн зорилго бол Монголын боловсролын салбарт хувь нэмрээ оруулж, сайжруулах шүү дээ.
-Та яриан дундуураа цухас дурдсан нэг асуудлыг дэлгэрүүлж асууя гэж бодлоо. Зургаан настай сургуульд орох нь зөв гэх шиг болсон. Зарим нэг эцэг эхчүүд долоон наснаас нь оруулах саналтай байдаг?
-Хүүхдийн хөгжил эхийн хэвлийд байхаас эхэлдэг гэж ярьдаг шүү дээ. Тэр бол огтоос оргүй хоосон зүйл биш, шинжлэх ухааны үндэслэлтэй баримт. Ер нь хүүхэдтэй зөв арга барилаар, аль болох эрт ажиллаж эхлэх тусам тархины хөгжил төдий чинээ хурдан явагддаг. Тархи гэдэг эрхтэн өөрөө нэг төрлийн булчин учраас шинэ зүйл ихээр сурч мэдэж, давтах тусам хоорондын эд эс улам бэхжиж холбогддог. Шинжлэх ухаанаар хүүхэд долоон нас хүрэхэд тархины 90 хувь нь бүрэлдэж гүйцсэн байдаг гэж үздэг (хэдий тархины хөгжил насан туршид явагдах ч гэлээ). Тиймээс сургуульд хэдтэй оруулах вэ, хэдэн наснаас юу зааж эхлэх вэ гэдэг бол асуудал биш. Эсрэгээрээ асуудлын гол нь, эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн сургуулийн өмнөх насанд хүүхэдтэйгээ хэр ажилласан бэ, сургуульд хэр сайн бэлдсэн бэ гэдэгт л байгаа юм. Оройтлоо гэхэд гурван наснаас нь эхлэн нас, сэтгэхүйд тохирсон мэдлэг, чадварыг зөв арга зүйгээр зааж, өдөрт 10-15 минут төвлөрч сурахад дадуулах хэрэгтэй. Хүүхэд заасан бүгдийг урт хугацааны ой санамждаа хадгалаад, гоц гойд сурахгүй байж болно. Гол нь, суралцахад сургаж байгаа нь л хамгийн чухал юм.  
-Үндсэн асуулт руугаа эргэн ороход, таны бодлоор ерөнхий боловсролын сургуульд хэддүгээр ангиас нь англи хэлийг зааж эхлэх хэрэгтэй гэж бодож байна?
-Өнөөгийн нөхцөлд гуравдугаар ангиас нь зааж эхлэхэд болно гэж бодож байна. Энэ үед дийлэнх сурагч эх хэлээрээ уншиж сурах, сургуулийн орчинд биеэ зөв авч явах, нийгэмших, суралцахад сурах зэрэг том даваануудаа давсан байна. Тиймээс цоо шинэ мэдлэгийг зааж эхлэхэд сурагч сэтгэл зүй болоод оюуны хувьд бэлэн болсон байх болно. Гэхдээ англи хэлний хөтөлбөр, заах арга зүй зэрэг зүйлс асуултын тэмдэг хэвээр үлдэж байна. Өнөөгийн байдлаар сурагчид тавдугаар ангиасаа англи хэл үзэж эхэлдэг ч амжилттай сурч чадахгүй байгааг ЭЕШ-ын дүн харуулдаг. Үнэндээ гуравдугаар ангиас зааж эхэллээ гээд хөтөлбөр, заах арга зүй шинэчлэгдэхгүй бол бидний хүсэн хүлээсэн үр дүн гарахгүй. Мэдээж энэ бүхнийг манай мэргэжлийн байгууллагууд аль хэдийн бодолцож үзээд, тооцоо шинжилгээ хийж, төлөвлөгөө боловсруулж байгаа гэж найдаж байна.
-Нийгмийг талцуулаад байгаа хоёр дахь сэдэв бол нэгдүгээр ангиас гадаад хэл үзэх нь эх хэлний дархлаанд нөлөөлнө гэх асуудал. Үүнд та ямар байр суурьтай байна?
-Хэлний үндсэн үүрэг бол харилцааны болон сэтгэлгээний хэрэгсэл болох. Хүн төрөлх хэлээрээ сэтгэн бодож, бие хүн, үндэстний ялгарлаа мэдрэн омогшиж, хайрлан бахархдаг. Гэхдээ аливаа хэлийг суралцаж, эзэмшихэд тухайн хүний ахуйн болон нийгмийн орчин маш нөлөөтэй. Монголд өсөн торниж, ээж, аав нь монголоор ярьдаг хүүхдэд ЕБС-ийн нэгдүгээр ангиас харь хэлийг заалаа ч тэр хүүхэд харь сэтгэхүйтэй, Монголоо алдсан болохгүй. Яагаад гэвэл нийт хичээлийн агуулгын 20 хүрэхгүй хувьд, долоо хоногт 4-5 цагаар, монгол багш англи хэл заана гэдэг бол тухайн хүүхдийн сэтгэлгээнд нөлөөлөхүйц хүчин зүйл биш юм.
Гэхдээ өмнө нь дурдсанчлан, хүүхдэд англи хэлийг нэгдүгээр ангиас эхлэн заахад манай боловсролын тогтолцоо бэлэн биш байна.
-Англи хэлний сэдвээр хязгаарлагдаагүй, боловсролын салбарын хэмжээний асуудлуудыг хөндсөн ярилцлага боллоо?
-Сайн багш, сайн хөтөлбөр, эцэг эхийн боловсрол бол хүүхдийн сурч хөгжихөд хамгийн их нөлөөлдөг гурван хүчин зүйл. Хүүхдийн суралцахуйг ургамалтай зүйрлэж тайлбарлая. Эцэг эх хүүхдийн суралцах хөрсийг бэлдэж өгдөг. Харин багш, сургууль тэр хөрсөн дээр үр тарьж, ургуулна. Үрийг хөтөлбөртэй, арчилгаа, усалгааг заах арга зүйтэй холбож болно. Ургамал ургахад нарны гэрэл хэрэгтэй байдаг шиг эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал халамж үргэлж ивээж байх хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлсийн нэг нь л алдагдахад, ургамал дэлгэр сайхан ургахгүй гэдгийг үргэлж санууштай.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн