Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Ромын пап Франциск: Ватикан Орос-Украины дайныг зогсоох энхийн ажиллагаанд оролцож байна

Ромын пап Франциск: Ватикан Орос-Украины дайныг зогсоох энхийн ажиллагаанд оролцож байна
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 1
Ромын католик шашны тэргүүн пап Франциск өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсад анх удаа айлчлах бодолтой байгаагаа илэрхийлсэн. Ватиканы албан ёсны мэдээлснээр өдгөө 86 настай тэрээр ирэх наймдугаар сард Португалын нийслэл Лиссабон хотноо айлчилж, залгаад Францын Марсель хот болон Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа юм.
Манай улсад 1300 орчим католик шашинтан байдаг бөгөөд Ромын пап анх 1922 онд Монгол Улсад өөрийн элчээ томилсон байдаг.
Тэгвэл Пап Франциск хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Унгар улсад гурван өдрийн айлчлал хийж, тус улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзсан. Уулзалтын үеэр талууд Орос-Украины дайныг зогсоох талаар санал солилцсон аж.
Тэрээр ням гаригт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Ватикан Орос-Украины дайныг зогсоох энх тайвны ажиллагаанд оролцож байгаа талаараа мэдэгджээ. Гэхдээ Ромын пап сэтгүүлчидтэй уулзахдаа уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд олон нийтэд мэдээлэх цаг нь болоход дэлгэрэнгүй ярилцахаа амласан байна.
Үүнтэй зэрэгцэн Украины Ерөнхий сайд Денис Шмихал өнгөрсөн пүрэв гаригт Ватиканд айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленски дайныг энхийн замаар шийдвэрлэхийг эрэлхийлж байгааг уламжлаад, Киевт айлчлахыг урьсан талаар мэдээлжээ.
Ромын пап Франциск Орос-Украины дайн эхэлсэн цагаас хойш талууд энхийн замаар асуудлыг шийдвэрлэхийг уриалж, энхийн хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж ирсэн. Мөн тэрээр Киев болон Москва хотуудад айлчлах хүсэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн ч хараахан ажил хэрэг болоогүй байна.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн