УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Танилцуулгыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хийж, гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийн хоёр хувийг эзэмшдэг. Тэгэхээр ураны ордуудаа ашиглаад, эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. НҮБ-ын байнгын таван орны эрх ашгийг хангаад өгчих хэрэгтэй. Тэгж байж бид атомын цахилгаан станцыг ашиглах юм руу явна. Атомын цахилгаан станц барина гэхээр цөмийн хаягдлын тухай ярьдаг. Тийм зүйл байхгүй. Хоёр хөрш чинь нутаг дэвсгэр дээгүүрээ цөмийн хаягдал тээвэрлүүлээд явахгүй шүү дээ. Энэ бол Монголыг эрчим хүчний хараат бус байх бодлогын эсрэг явуулж байгаа гадаадынхны бодлого. Нэг кг уранаар гаргаж байгаа эрчим хүч сая нүүрсээр гаргаж байгаа эрчим хүчтэй тэнцүү. Гэтэл бид өөрсдөө ордтой байж ийм сайхан боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Нэг ам.доллар зарцуулаад 3 ам.доллар олох төсөл рүү өнөөдрийг хүртэл бид орохгүй байгаа нь буруу. Улаанбадрахын ордыг ашиглалтад оруулаад түүнийхээ бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ядаж л 300 мегабайтын атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй. Тэр чинь нэг портер дээр л багтана. Ийм их хөгжчихсөн юм. Улаанбаатараас нэлээд хол бариад л Улаанбаатарыг тэр чигт нь эрчим хүчээр хангаад хорт утаан дотор амьдарч байгаа иргэдээ аврах бүрэн боломжтой. Үүн дээр Засгийн газар ажиллах хэрэгтэй.