Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Төмөр замын ҮЭ-ийн дарга Б.Баяраа: Шүүр ажиллагааны хүрээнд Б.Цогтгэрэл, Д.Эрдэнэбат нарыг чөлөөл

Төмөр замын ҮЭ-ийн дарга Б.Баяраа: Шүүр ажиллагааны хүрээнд Б.Цогтгэрэл, Д.Эрдэнэбат нарыг чөлөөл
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 27
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан бичиг хүргүүлжээ.

Тэд Засгийн газрын 5Ш ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэв. УБТЗ ХНН-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд ЗТХ-ийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх Б.Цогтгэрэл нарыг томилсон нь буруу гэж үзэж, шүгэл ажиллагааны хүрээнд мэдээлэл хүргүүлж, шүүрдүүлэх хүсэлт тавьсан байна. Мөн төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагад хариуцлага хүлээлгэдэг жишиг бий болгох шаардлагатай гэв. Энэ талаар Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Б.Цогтгэрэл, Д.Эрдэнэбат нарыг Засгийн газрын оролцоотой УБТЗ ХНН-ийн ТУЗ-д томилсон нь буруу. Тэд төлөөлөх чадваргүй, улс төрийн шахаагаар томилогдсон.
Төрийн өмчийн гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцдог жишгийг тогтоох шаардлагатай. УБТЗ ХНН-ийн тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч дарга нь зах зээлийн эрэлт ихэссэн тохиолдолд авлигаас ангид байх, эрэлт нийлүүлэлтэд нийцсэн тээврийн үнэ тарифыг мөрдлөг болгох, доод шатны албан тушаалтнуудын үйл ажиллагааг хяналт тавих үүрэгтэй. Аль нэг албан тушаалтан алдаа гаргахад дээд албан тушаалтан нь хяналт тавиагүй үндэслэлээр хариуцлага үүрдэг. Гэтэл УБТЗ ХНН-д энэ үйлчлэхгүй байна. Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ хорионоос түр гарч ирэхдээ хажуу камерт хоригдож байсан С.Батдөлийн дамжуулсан үгийг хэлсэн. Үүнийг шалгах шаардлагатай. Маш ноцтой зүйл бий. УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалт хариуцсан дарга С.Батдөлийн хэрэгт холбоотой. С.Батдөл хорих камераас үүнийг хэлснийг цахим сүлжээнд Д.Мөнх-Эрдэнэ хэлсэн юм шүү дээ. Үүнийг шалгахгүй өдий хүртэл явж байгаа нь сэжигтэй байна.
Мөн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өөрийн хувийн хэрэгцээнд Ган зам пресс төвөөр цаг тооны бичиг яаралтай хэвлүүлэхэд төвийн дарга нар нь ажилчдаа 72 цагийн турш нойр хоолгүй ажилласан. Гэвч илүү цагийн хөлс олгож, нөхөн амруулаагүй. Үүнээс гадна УБТЗ ХНН-д аливаа төрлийн дарамт байнга гардаг ч ёс зүйн хороогоор шийдүүлэх нэрийн дор хууль зөрчиж байна.
УБТЗ ХНН-д шүүрдэх оролдлого хийхгүй, сонгон шалгаруулалтгүй хүн томилж байна. Шүүр ажиллагаа нь энгийн ажилчдад дарамт, эрх мэдэлтнүүдийн хувьд өөрсдөд нь дургүй хүнээс салах боломж боллоо. Өөрөөр хэлбэл, шүүр ажиллагаа эзнээ олохгүй байна. Энэ асуудлуудаар АТГ-т хандана" гэлээ.

Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн