Open iToim app
Нийтлэл | 12 мин уншина

Монгол адууны төрөлхийн “гүйгүүл” чанарын нууц

Монгол адууны төрөлхийн “гүйгүүл” чанарын нууц
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 27
Саяхан “Гайхамшигт монгол адуу” телевизийн нэвтрүүлгээр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сум хүртэл “голомт хээр” морь, Өвөрхангай аймгийн Баруунбаянулаан сумаас Дорнод аймгийн Баян-Овоо сум хүрэхээр сартай “гал” хүрэн морь гүйж явааг харуулсан баримтат нэвтрүүлгийг үзэж монгол адууны ухааныг гайхаж биширлээ. Энэ нэвтрүүлэг You tube дээр “Гайхамшигт монгол адуу” нэрээрээ байгааг шууд үзэж болно.
Хамгийн чухал нь 1232 км хол зайнаас энэ хоёр морь төөрөлгүй, зүг чигээ алдалгүй, төрсөн нутаг ус, идээшиж дассан адуун сүргээ олж ирж байгаа төрөлхийн гений авьяас чанарын нууц гүн гайхширалд орууллаа. Монгол адуу 30-40 км зайнаас л адуун сүрэгтээ гүйж ирдгийг мэддэг болохоос арай ч 1000 гаруй км зайнаас төрсөн эх нутгаа олж ирж чадна гэж ёстой л “зүүдэлсэнгүй” явлаа.
Өнөөгийн бид адгуус амьтанд байгалиас заяасан рефлексээс өөр сэтгэн бодох чадваргүй болох тухай сургаал номоор хүмүүжсэн хүмүүсээ. Өвс ургамал хүчилтөрөгч ялгаруулж, нарны цацрагийг хүлээн авдаг, адуу янцгаан үүрсэж бие биенээ зайнаас мэдэлцдэг, адууны хомоол үнэрлэж өөрийн сүргийн адууны биш адуунаас гаргасан хомоол дээр хомоолоо гаргадаг мэтийн сонин зан үйл хийдэгт нууц нь байна уу.
Харин нь монгол адуунд рефлексээс гадна байгалиас заяасан гений “гүйгүүл” буюу “төсөөлөн бодох” онцгой чадвар хадгалагдан үлдсэн юм биш үү.
Энэ хол зайд ямар долгионы давтамж,  ямар гээчийн зүг чиг заадаг луужин, хиймэл дагуулын GPS ашиглаад Мөнххаан, Баян-Овоо сум зүүн зүгийн чиглэлд байна гэдгийг тодорхойлоод байна вэ. Хэрэв долгионы давтамж, эсхүл ямар ч үнэр ашиглаагүй бол өөр юу ашигласан байж таарах вэ, хүн төрөлхтний ашиглаж буй шинжлэх ухааны ололтоос өөр, багаж төхөөрөмжөөр хэмжих боломжгүй долгион, гэрлийн цацраг ашиглаад байна уу, математикийн ямар загвар хэрэглээд байна вэ гэх мэт олон асуулт аяандаа урган гарч, хариултууд нэхнэ дээ. Бид газрын цахилгаан ба соронзон орон байдгийг, потенциал хүчдэл байдгийг физикээс мэднэ. Луужин хааш нь харуулж газарт тавьснаас үл хамаарч зөвхөн хойт зүгийг олж тогтмол заадгийг  бид мэднэ.
Эсхүл адуу морьд хоорондоо харилцдаг байгалиас заяасан ямар нэгэн төрөлхийн авъяас чадвар байна уу, тэр авьяас зөвхөн Монголын бэлчээрийн адуун сүрэгт маань илүү хадгалагдаж үлдсэн ховор нандин шинжлэх ухааны судлагдахуун болж байна уу.
Монголчууд бид “гүйгүүл адуу”-ны энэ уугуул төрсөн нутагтаа гүйж очдог чадварыг бараг хүн болгон мэддэг боловч яагаад судалж үзээгүй, дэлхий нийтэд танилцуулаагүй өнөөдрийг хүрсэн юм бол гэх мэтийн олон бодол төрсөн дөө. Мэдээж бүх адгуус амьтанд энэ чанар байсан биз ээ. Гэхдээ байгалийн урт хугацааны шалгарлын явцад алдагдаж үгүй болж зөвхөн монгол адуунд “гүйгүүл” чанар хадгалагдаж үлдсэн юм биш үү.
Гүйгүүл морьдын замын туршид хэд хэдэн маш сонин үзэгдэл болж өнгөрч байгааг баримтад нэвтрүүлгээс үзэж болно.
Хамгийн эхнийх нь хоёр морины нөхөрлөл, нөхөрлөлдөө үнэнч байгаа явдал юм. Гал хүрэн морийг Говь-Алтай аймгаас Өвөрхангайд авч ирээд 5 хоног голомт хээртэй ижилсүүлж хамт байлгаад сул тавьж гүйлгэсэн мэдээ байна. Тэр хоёр нэг зүгийн адуу гэдгээ яаж хоорондоо ойлголцон мэдэж аян замын туршид салалгүй хамт явав аа. Замын туршид олон адуун сүргүүд таарахад аль нэг нь тэр сүрэгтэй ижилсэж үлдэж хоцорсонгүй.
Эхлээд Дорнод аймгийн Баян-Овоо сум чиглэж явалгүй Сүхбаатарын Мөнххаан сумыг яагаад чиглэв. Мөнххаан нь наана байршилтай гэдгийг яаж мэдээд байна вэ гэдэг асуултуудад миний залуу насандаа Шинжлэх ухааны академид 16 жил ажилласан туршлага ямар ч нэмэр болж чадсангүй ээ.
Нэг шөнө хэсэг адуутай нийлж хоносны өглөө бор морь газарчлан 30 км орчим зайд дагуулан явж морьдыг “төмөр замын гарам”-аар гаргаад өөрөө буцаж байгаа хоёр дахь сонин үйлдэл харагдаж байгаа. Гүйгүүл морьд маань замд таарсан бор морьтой нийлж 20 минут орчим тээрэхдээ яаж өөрсдийгөө Мөнххааны чиглэлд гүйж яваа гэдгээ мэдэгдэж, улмаар бор морь газарчилж төмөр замын гарамаар морьдыг гаргаж байгаа үзэгдлийг юу гэж тайлбарлах вэ. Хүний сонсгол  20-20кГц давтамжийн хүрээнд сонсдог гэдэг. Морьд ямар нэгэн дуу авиа гараагүй болохыг бодоход өөр ямар нэг давтамж дээр ярилцсан болж таарч байна уу. Морьд бие биеэрээ шүргэлцэж тээрч зогсохдоо “төмөр замын гарам”-ыг яаж олж гарах мэдээллээ солилцсон, ярилцсан болж таарч байна уу. Адуу тээрч бие биесээрээ нийлж зогсох нь зун цагт халуунаас хамгаалж байгаа мэт боловч адууны шийдвэр гаргадаг “хурал цуглаан” байсан уу.
Сүүлд Мөнххаан сумаас Баян-Овоо орох замд гал хүрэн моринд хань болж тариан талбай дундуур газарчилж хамт явсан хонгор морийн үйлдлийг санаатай, ухамсартай үйлдэл гэж үзэх үү. Хоёр морь өөрийн адуун сүрэгт ойртох тутам яаран хурдалж давхиж байгааг морьдын “сэтгэл огшлоо” гэх үү. Миний ажигласнаар хоёр морь “төрсөн нутаг, өвс ургамал, ус ундаандаа” сэтгэл татагдаж ирсэн бол нутгийн захад орж ирээд өвс ургамлаа идээд санаа амраад тэндээ хоноглож зогсмоор. Гэтэл ижилдэн дассан адуун сүрэгтээ ирж нийлж байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл өвс ургамал биш, ижилдэн дассан адуун сүрэг нь татах хүч болж байна гэж хэлж болохоор байна. Иймээс бидний мэдэгдэхгүй аргаар “голомт” хээр морь өөрийн адуун сүрэгтэйгээ ямар нэгэн холбоо тогтоогоод байна уу гэсэн “хөнгөн гоомой” боловч дүгнэлтийг хийж болмоор санагдсан.
Энэ хоёр адууг 3-4 жилийн өмнө Сүхбаатар аймгаас Говь-Алтай, Өвөрхангай аймагт аваачихдаа Улаанбаатар хотыг дайруулан төв засмал замаар машинаар тээвэрлэсэн тухай нэвтрүүлэг хийсэн хүн цахим хуудсанд ярьсан байгаа. Бүр тодорхой энэ хоёр морины одооны гүйж ирсэн ойр дөт Өвөрхангай-Дундговь-Говьсүмбэр-Хэнтийн-Галшар-Сүхбаатарын-Мөнххаан гэсэн маршрут замаар, Тунгалаг тамир романд гардаг шилийн сайн эр цахиур Төмөр шиг морьдыг хөтлөөд, хөөгөөд хөлөөрөө яваагүй нь тодорхой болсон юм. 
Тэр хоёр морьд энэ замаар урьд өмнө нь явж уул толгод, тал хөндийг нүдээрээ үзээгүй, хараагүй шүү дээ. Иймээс нүдний хараанд үлдсэн дүрсээ дахин ашигласан гэж үзэх боломжгүй байгаа юм. Бас ингэж явбал 200 км ойр дөт зам гэдгийг хаанаас яаж мэдэж авав гэдэг асуулт аяндаа гарч ирнэ. Гэтэл явж үзэж дадсан хүнээс ч илүү газраа  сонгож мэдэж гүйлээ.  Үүнд хариулах хүн байна уу.
Нохой бол ямар нэгэн мөрийг шиншилж 200 км хүртэлх замыг мөрдөж чаддаг чадвартай тухай хаа нэгтээ уншсанаа санаж байна. Амьдралд нуусан хар тамхи болон хулгайчийн мөрөөр мөрдөж олж барихад нохойг ашигладгийг бид мэднэ. Гэтэл энэ хоёр адуу өмнөх өдрүүдэд нь энэ газраар явж мөр гаргаагүй учраас мөрдсөн байж таарахгүй нь мэдээж.
Хурдан морь судлаач А.Баярмагнай дүгнэхдээ “XXI зууны сүүлч гэхэд даншиг их наадмын хурдан морины уралдаанд Цэцэн хан аймгийн морьд давамгайлах болж, эдүгээ 180 гаруй жилд тэргүүлэх байр эзэлж ирлээ” гэжээ. Энэ дүгнэлт бол их хурдны өлгий Цэцэн хан (Сүхбаатар аймаг) болохыг судалгаагаар нотолсон эрдэмтний үнэлгээ билээ. 
Харин энэ үзүүлэлтийн нөгөө талд нэг тоо нуугдаж байдаг нь өнөөдрийг хүртэлх хугацаанд энэ нутгаас хамгийн олон хурдан морьд өөр аймаг хошуунд худалдагдсан тоо гаргах нь гарцаагүй үнэн. Буцаж нутгаа зорин яваа адууг гүйгүүл адуу, алдуул морь, заримдаа зуугуул морь гэж нэрлэдэг. Эхийнхээ хэвлийд ирсэн унага хүртэл ижлээ эрээд эх нутгаа гүйдэг тухай бид дуулж ярьдаг. Вьетнамын дайны үед тус улсад тусламж болгоод вагонд ачуулаад явсан морь эх нутаг Төв аймгийн Мөнгөнморьтдоо буцаж ирсэн гэсэн домог бий. 
Бүр ойрхны бодит жишээ бол адуун сүрэгтээ 2 удаа гүйж ирсэн Ононгийн алдарт “аварга хээр” морины түүх байна. Уулбаян сумын Агваан багш сонинд өгсөн ярилцлагадаа “манай унаган адуу, 1980 оны дундуур “муушиг” тоглоомын мөрийд өгөөд 2 дахь удаа сүрэг адуундаа гүйгээд ирэхээр нь сольж авч адуундаа үлдээсэн юм. Аварга хээр морь ч Төв аймгаас Сүхбаатар нутагтаа гүйж  Хэнтийн Дархан сумын нутагт Хэрлэн голын “Хөмөлтийн гүүр” орчмоос баригдаж ирсэн тухай Онон манлай ярьсан байдаг.
Би сумынхаа наадамд ганцхан жил 4 насны морь унаж, унасан шүдлэн маань түрүүлж хүнд лагс биетэй гээд дахин хурдан морь унаагүй юм. Намайг сургуульд байхад хагас бүтэн сайн өдрийн амралтаар сумаас 35 км орчим зайтай гэртээ ирээд буцахдаа “бага зээрд” морио унаж сум явна. Сумын төвд очоод эмээлээ авч, хазаараа мултлаад сул тавьж явуулдаг байсан. Аав маань “бага зээрдийг унаад яв, унхиатай морь, шөнөдөө сүрэгтээ гүйгээд ирнэ” гэдэгсэн. Моринд маань идээшиж дассан нутгийн өвс ургамал, уудаг ус нь үгүйлэгдээд түүнийгээ хүссэн сэтгэлдээ хөтлөгдөөд буцаж нутаг руугаа гүйдэг гэж ойлгодог байлаа. Харин адуун сүрэг нь нутаглаж байгаа алс тэртээ 35 км зайд байгаа нутаг усныхаа зүг чигээ морь маань хэрхэн олдог адууны ухааныг бодоогүй явжээ. Мэдээж сум очоод морио сул тавьж явуултал 10 цаг, магадгүй хоногийн хугацаа ч өнгөрч болно шүү. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд адууны сүрэг маань бэлчээртээ гарна гэх мэт байршлаа 10-20 км газар өөрчилсөн байх нөхцөл үүсдэг. Харин сумаас магадгүй 12 цагийн дараа тавьж гүйлгэсэн морь байршлаа сольсон ижил сүргээ олоод ирдэгт нууц оршиж байгаа мэт санагдана. Мэдээж гүйгүүл морь янзацгаана, хүзүүгээ тавьж, бас өлийлгэж байгаад үнэрлэж байгаа нь ижил сүргийнхээ байрлалыг тогтоож байгаа үйлдэл юм болов уу.
Би арван хэдэн настай байхдаа Сүхбаатар аймгаас Дорнод аймаг хүртэлх малын тууварт ахдаа туслаад явдаг байлаа. Хонин суурь үхэр суурьтай хамт явдаг байсан. Шөнө болгон манаж хононо. Үхэр шөнийн 3-4 цаг орчимд босоод яг л нутгийн зүг нэг эгнээнд ороод цуварч алхана даа. Энэ заншлыг бүх тууварчид мэднэ. Адуу шиг дэргэж цогоод хурдан явж чадахгүй, зөвхөн алхаж явдаг учраас хоноглосон нутгаас холдож чаддаггүй юм билээ. Тэгэхээр эх нутаг, ижил сүрэг рүүгээ гүйдэг чанар үхэрт бас байдаг юм шиг одоо надад бодогдож байна.
Миний сайн танил Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Энхээ 6 жилийн өмнө Сүхбаатар аймгаас тарчиг хавраар авчирсан гурван үрээгээ 3 жилийн дараа гүйлгэж алдсан түүхээ ярьсан юм. Тэрээр гурван үрээ авч ирээд “гүйнэ” гэж “хардаж” бодоод хоёрыг өөр айлын адуун сүрэгт салгаж тавьж нутагшуулж “төрсөн нутаг, ижил сүрэг”-ийг нь мартуулах ажлыг хийжээ. Үрээнүүд ч нутаг “гүйх” үйлдэл гаргалгүй 3 жилийг “томоотой” өнгөрүүлжээ. Даага байхад нь Сүхбаатар аймгаас авчирч  Алтанбулаг сумын нутагт соёолон болгоод буюу 3 жилийн дараа 3 үрээгээ нийлүүлж өөрийхөө адуунд тавьжээ. Маргааш өглөө нь адуугаа хураахад нөгөө 3 үрээ нийлчихсэн байхыг хараад “овоо доо бие биенээ таньж байна” шүү гэж бодсон гэнэ. Намаржин 3 үрээ нь адуугаа захлаад байснаа нэг шөнө гүйчихсэн гэнэ. Баянжаргалан суманд сураг гаргаад алдсан. Яг л нутгийн зүг гүйсэн байсан, хаврын ногоо гараагүй тарчиг цагаар Алтанбулагт ирсэн даага ч гэсэн нутгаа мартахгүй 3 жилийн дараа соёлон настай болоод “нутагтаа гүйдэг” юм билээ гэж болсон түүхээ ярьсан даа.
 Монгол адуу үнэхээр ухаантай илүү, эрлийз адуунаас өөр шүү гэсэн түүхийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач өндөр Чулуун гуайн хүү ИТХ-ын дарга Ганболд ярьсан юм. Намайг Мөнххаанд 10 орчим жилийн өмнө очиход Ганболд адууныхаа зүчийд эрлийз азаргаа тэжээж байхад уулзаж ярилцсан юм. Тэрээр эрлийз аварга унхиа их муу. Адууны сүргийн гүүнд нь өөр азарга ирж “гүүг нь эргүүлэхээр” уурлаж хөөж туугаад хоёр толгой даваад явчихаар эргээд адууны сүргээ олж ирж чаддаггүй “төөрчихдөг” ядуу амьтан шүү дээ хөөрхий. Бас өөрийнхөө байдасыг хураагаад “холион бантан” таринаа, монгол азарга шиг байдасаа тасалж хөөж мэддэггүй амьтан шүү гэж ярьж билээ. Энэ бол эрлийз адуу байгалиас заяасан төрөлхийн чадвар авъяасаа, рефлексээ илүү ихээр алдсны бас бодит түүх.  
Хэрвээ өнөөгийн бид адууныхаа удам угсааг сайжруулах “буян” хийж байна нэрийн дор ингэж хурдан эрлийзжүүлсээр байвал тун удалгүй монгол адууны байгалийн гений “гүйгүүл” чанар алга болж адуун сүргээсээ төөрсөн эрлийз, өөрийн байдсаа хурааж цус ойртож эргүүтсэн эрлийз адуутай болж хэзээ ч уучлалшгүй “нүгэл” үйлдсэн, монгол адууныхаа цөм сүргийг сүйтгэсэн хүмүүс болж түүхэнд үлдэхээр байна.
Ном сударт “зөгий” бол 100 км хол зайнаас үүрээ олдог, нохой 2000 төрлийн үнэрийг ялгадаг, баавгай 25 км зайнаас хаана самар байгааг үнэрлэж мэддэг учраас самар түүсэн хүн шуудайтай самраа дэрлэж унтаж болохгүй, баавгай самрын үнэрээр ирэх магадлалтай гэдэг сургаал л байдаг нь санаад орж байлаа.
Адуу нь уран зураг ба фото зураг дээрх төрөл нэгтнээ хараад таньдаг цөөн амьтны нэг юм гэсэн. Эрдэмтдийн нарийн судалгаагаар адуу өнгөт зүүд зүүдэлдэг гэдгийг тогтоосон байна. Харин хүн зөвхөн хүүхэд насандаа өнгөт зүүд зүүдэлдэг бөгөөд нас ахих тутамдаа энэ чадвараа алддаг гэнэ. Адуучин хүмүүс чихрийн шижин өвчтэй болох магадлал бусад хүмүүсийнхээс 50% бага байдаг гэдгийг статистик судалгаа харуулдаг юм байна.
Америк тивд адуу байгаагүй бөгөөд Коумби тус тивийг нээсний дараа европоос авчирсан байна. Одоо АНУ нь дэлхийн хамгийн олон 10 сая адуутай улс юм байна.
1880 оны үед Германы математикын багш Вельгелм Остен өөрийн морио 10 хүртэлх тоог таньдаг болгож сургасан бөгөөд эзнийхээ самбарт 4 гэсэн тоог бичихэд морь нь туурайгаараа газар 4 удаа тогшдог байжээ. Тооноос гадна үсгийг таньдаг болсон бөгөөд А үсгийг хараад нэг удаа, С үсгийг хараад 3 удаа тогшин тавьдаг болжээ. Энэ морь “ухаант Ханс” нэрийг авч зураг нь “Нью-Иорк таймс” сэтгүүлийн нүүрэнд 1904 оны үед хэвлэгдсэн байдаг гэнэ. Судалгаагаар Хаанс морь хариултыг мэддэг хүний асуултанд төвөггүй хариулдаг байдал нь түүнийг бусдын бодлыг давхар уншдаг болохыг тогтоосон байдаг гэнэ. Ингэж бусдын бодлыг уншдаг үйлдлийг “Ухаант Хаансын нөлөө” гэж шинжлэх ухаанд нэрлэсэн байдаг юм гэнэ билээ.
Монгол адууны өвөгийг тахь гэж үздэг байсан боловч хромсомын тоо адилгүй учир биш гэсэн дүгнэлтэд сүүлийн үед хүрсэн байдаг гэсэн. Харин тарпан гэдэг зэрлэг адууг судлаачид адууны өвөг байж болох талаар дурьдсан байдаг ч XIX зуунд бүрэн устсан тул батлах боломжгүй юм гэсэн шүү. Одой морь ч бас төрөл байх шүү.
Дэлхийд Английн хөгшин Билли нэртэй азарга хамгийн урт 62 насалсан байдаг бөгөөд адууны дундаж нас 25-30 жил байдаг гэнэ.
Цэцэн ханы хошууныхан хурдан морьдоо их худалддаг, харин зарагдсан морьд маань ийм урт 25 жилийн хугацаанд унасан газар, ундалсан ус, ижил адуун сүргээ санагалзан төрсөн нутаг руугаа гүйхээр өдөр шөнөгүй зэхэж, өглөө үдэшгүй бодож амьдралаа өнгөрөөдөг болохыг энэ баримтат нэвтрүүлэг харуулж өглөө.
Иймээс өөр аймаг, сум хошуу нутагт хурдан морио худалдсан хүн болгон, холоос очиж худалдаж авсан хүн бүр морио хэзээ нэгэн цагт эргүүлж заавал ижил дасал болсон адуун сүрэгт нь нийлүүлж олон олон “гал хүрэн”, “голомт хээр” морьдод сэтгэлийн их амар амгалан эдлүүлдэг монгол ёсыг өнөөдрөөс эхлэн хөгжүүлж эхлүүлье Монголчууд аа, уяачид аа, адууг эрхэмлэдэг хүмүүс ээ.
Гайхамшигт монгол адуу төслийг санаачлагч, гүн ухаантан Ю.Үнэнбүрэн, зохиолыг бичсэн Д.Цэцгээ нарын бүтээсэн баримтат нэвтрүүлгийн ачаар дэлхийд өөр ямар ч амьтанд байхгүй, магадгүй дэлхийн аль ч өнцгийн орон зайнаас үл хамааран ижил дасал адуун сүрэг рүүгээ алс холоос гүйдэг монгол адууны агуу гайхамшигт байгалийн төрөлх зан  чанарын нууцын оньсын  захаас монголчууд бидэндээ таниулж өгсөнд гүн талархаж байна.
Энэ “Гайхамшигт монгол адуу” нэвтрүүлгээс сургамж авч монгол адууныхаа удам угсааг сайжруулж байна нэрийн дор ингэж хурдан эрлийзжүүлсээр байвал тун удалгүй монгол адууны агуу “гүйгүүл” чанар алга болж адуун сүргээсээ төөрсөн эрлийз, өөрийн байдсаа хурааж цус ойртож эргүүтсэн эрлийз адуутай болохоос сэргийлж эрлийз адууны азарганы импортын өндөр татварыг бий болгож, бас эрлийз адуутай айл өрхөөс малын хөлийн өндөр татвар авдаг, улс, аймаг, сумын сайн малчин алдар цол олгохдоо мал сүрэгт нь эрлийз адуу байгаа эсэхийг тооцдог болж байгалийн гайхамшигт “гүйгүүл” буюу “төсөөлөн бодох” унаган генийн чанараа хадгалж үлдсэн агуу монгол адуугаа хамгаалж, судалж дэлхийн өв соёлын санд үнэтэй хувь нэмрээ оруулцгаая.
Сайн үйлс дэлгэрэх болтугай. 
Инженер Доржийн Моондой, Монгол улсын гавьяат холбоочин
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн