Open iToim app
Шүүх | 2 мин уншина

С.Шаарийбуу гуайн нөхөн олговрыг нэмэгдүүлэх нэхэмжлэлийг Малайзын шүүх хүлээн авчээ

С.Шаарийбуу гуайн нөхөн олговрыг нэмэгдүүлэх нэхэмжлэлийг Малайзын шүүх хүлээн авчээ
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 24
Малайз улсад 2006 онд бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүл тус улсын Дээд шүүхийн нөхөн олговор олгох шийдвэрийг давж заалдахаар болсон байна.  
Эргэн сануулахад, Малайзын Селангор мужийн Шах Алам хотын Дээд шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны гэр бүлд 5 сая малайз рингит буюу 1.1 сая ам.долларын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан. Шүүхээс нөхөн төлбөрийг хэргийн хариуцагчид болох 2015 онд цаазын ял сонссон Малайзын цагдаагийн тусгай албаны ахлах мөрдөгч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар, тус улсын Ерөнхий сайдын зөвлөх асан Абдул Разак Багинда болон Малайзын Засгийн газраас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Тэгвэл Ш.Алтантуяа агсны гэр бүл Шах Алам хотын Дээд шүүхийн нөхөн олговор олгох шийдвэрийг нэмэгдүүлэхээр дээд шатны Давж заалдах шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт давж заалдах шатны шүүх талийгаачийн ар гэрийн нэхэмжлэлийг хүлээн авч, ирэх зургадугаар сарын 13-нд шүүх хурлыг хийхээр товлосон байна.
Ш.Алтантуяа агсны гэр бүл анх 2007 онд Малайзын Засгийн газраас нөхөн олговор гаргуулахаар 100 сая малайз рингитийг нэхэмжилсэн байдаг.
Малайзын шүүх 2015 онд Ш.Алтантуяа агсны амь насыг хөнөөсөн хэрэгт цагдаагийн тусгай албаны ахлах мөрдөгч Азила Хадри болон бага түрүүч Сирул Азхар Умар нарт цаазаар авах ял оноосон. Азила Хадри нь 2019 онд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын захиалгаар Ш.Алтантуяа агсны амь насыг хөнөөсөн болохоо мэдүүлсэн юм.
Харин Малайзын шүүх 2020 онд Ерөнхий сайд асан Нажиб Разазт татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан, авлига авч, мөнгө угаасан хэргээр 12 жилийн хорих ял оноож, улсад учруулсан 210 сая малайз рингит буюу 46.8 сая ам.долларын хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Тэрээр өнөөгийн эрх баригчдын улс төрийн нөлөөллөөр өөрийг нь ялласан гэж мэдэгдэн давж заалдсан. Гэвч Малайзын шүүхээс түүний давж заалдах нэхэмжлэл нь гэм буруугүй болохыг нь нотлох хангалттай үндэслэлгүй хэмээн буцааж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр хангасан байдаг. Мөн Малайзын прокурорын байгууллага 2019 онд Азила Хадригийн мэдүүлгийн дагуу Ш.Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлыг эхлүүлж, Нажиб Разак хэргийн захиалагчийн хувиар яллагдагчаар татагдах үндэслэл бий болоод байгаа юм.
Эх сурвалж: Malaysianow, Malaysiakini
 
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн