Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Нийслэл 187 тэрбумын бонд босгож, зам барина

Нийслэл 187 тэрбумын бонд босгож, зам барина
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 21
Нийслэлд энэ онд хөрөнгө оруулалтын төсөв суулгаагүй. Өнгөрсөн жил 420 тэрбум төгрөг төсөвлөсөн учраас нийслэлд хэд хэдэн гүүр, замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн ч энэ жил санхүүжилт тавиагүй учраас ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон.
Тиймээс Засгийн газар нийслэлийн энэ жилийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бонд босгох замаар шийдвэрлэхээр болжээ. Тодруулбал, Сангийн яамнаас 187 тэрбум төгрөгийн бонд босгох эрхийг олгосон бөгөөд тус бондыг дотоодын зах зээл дээрээс босгох юм байна. Ингээд тус хөрөнгө оруулалтаар нийслэлийн бүтээн байгуулалтыг хийх аж. Одоогоор бондын хүү, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл тодорхой болоогүй байгаа аж.
Энэ талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас тодруулахад “2022 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд Улаанбаатар хот эхний ээлжид 187 тэрбум төгрөгийн бонд гаргана. Энэ санхүүжилтээр холбоос замуудаа холбосноор түгжрэлийг бууруулах, эрчийг сайжруулах ажил үр дүнтэй болно. 225 км зам холбовол Улаанбаатарын түгжрэлийг бууруулах ажлууд үр дүнд хүрнэ. Тиймээс үүний санхүүжилтийг л хийх гэж байгаа юм. Сангийн сайд дөрөвдүгээр сарын 22-нд ирнэ. Ирсний дараа концевц боловсруулаад, бонд босгох бичиг баримтуудаа бүрдүүлээд Засгийн газрын хуралдаанд энэ сардаа багтааж оруулна. Ер нь бэлтгэл ажлууд хангагдсан гэж ойлгож болно” гэлээ.
Энэ нь нийслэлийн гаргах анхны бонд юм. Учир нь эрх зүйн орчин байхгүй байсан учраас нийслэл бие дааж бонд гаргаж байгаагүй. Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийслэл бие даан бонд гаргах боломжтой болсон юм. Гэхдээ нийслэл бонд гаргаж байгаа ч энэ мөн л улсын нийт өрөнд тооцогдоно. Өнөөдрийн байдлаар манай улс нийт 33 тэрбум ам.долларын өртэй болоод байгаа. Энэ нь нэг иргэнд хуваавал шинэ төрж байгаа хүүхдээс эхлээд иргэн бүр 13 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд ч гараад байгаа. Манай улс маш өндөр гадаад өртэй учраас дампуурах эрсдэлтэй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа билээ.
Сэтгүүлч Л.Одончимэг нь iToim.mn сайтын редактораар ажилладаг. 2016 оноос хойш улс төрийн чиглэлээр дагнан бичиж байгаа бөгөөд сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Odnoo Odnoo-facebookОдончимэг itoim-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн