Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө АНУ-ын Харвардын их сургуулийн Жон Ф.Кеннедийн нэрэмжит Төрийн Захиргааны Дээд Сургуульд магистрын зэрэг хамгаалсан байдаг /2015 он/. Тэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын араас Харвардын боловсрол эзэмшсэн цөөхөн улстөрчийн нэг болсон. 2020 оны сонгуулийн дараагаас Л.Оюун-Эрдэнэ Харвардынхнаар багаа бүрдүүлж, дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн залуусыг ар араас нь Монгол Улсын Засгийн газрын өмнөөс урьж ажиллуулж буй. Ихэвчлэн улс төрийн нөлөөгөөр хэн нэгний цүнх баригч, шахааны хүнийг томилдог байсан албан тушаалд дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн залуусыг томилж байгаа нь шинэ үзэгдэл. Гэхдээ төрд ажилласан туршлага гэх юмгүй тэднийг өндөр албан тушаалд томиллоо гэх шүүмжлэл ч бий. Нөгөө талд тэд төрд бугшсан дарга нар шиг хулгай луйвар хийхгүй, эдгээр залуусаас улсаа хөгжүүлэх шинэлэг бодлого шийдвэр гарна гэдэгт итгэж байна гэж ярина. Ямартай ч Харвардын багийнхан Монголын төрд хэрхэн ажиллаж, ямар үнэ цэн бүтээхийг цаг хугацаа харуулна.
Ерөнхий сайдын Монголын төрд урьж ажиллуулж байгаа Харвардын багийнхныг товчхон танилцуулъя.
Харвардын багийнхнаас хамгийн эхэнд О.Батнайрамдал улс төрийн албан тушаалд томилогдсон. Тэрээр 2020 оны сонгуулийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдон хоёр жил ажилласан. Тухайн үед Л.Оюун-Эрдэнийн нөлөөгөөр албан тушаалд томилогдсон, түүний хүн гэдэг нь илт байсан. Тэрээр 2013-2015 онд Харвардын Бизнесийн сургуульд суралцаж, MBA хамгаалсан. Ерөнхий сайдтай хамт Харвардад хамт суралцаж байсан юм. Энэ талаараа О.Батнайрамдал “Бид баасан гараг бүр “Жон Харвард” ресторанд цуглаж уулздаг байлаа. Л.Оюун-Эрдэнэ бидэнд Монголын улс төрийн талаарх бодол, улсынхаа хөгжилд бидний оруулж болох хувь нэмрийн талаарх үзэл бодлоо байнга хуваалцдаг байв. Мөн Монгол Улсаа урт хугацаандаа хэрхэн хөгжүүлэхэд талаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцдаг байсан” тухай ярьсан байна.