Open iToim app
Парламент | 5 мин уншина

ЧУУЛГАН: Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болбол сайд хийх эрхийг нь хасъя

ЧУУЛГАН: Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болбол сайд хийх эрхийг нь хасъя
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах талаар нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан юм. Ингэхдээ 76 гишүүний 38-ыг мажоратори тогтолцоогоор, 38-ыг нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор (38+38) сонгодог байхаар тусгасан. Мөн гадаадад байгаа иргэдийн саналыг гээгдүүлэхгүй байхаар тусгажээ. Хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд дараах асуултыг асууж, ажлын хэсгээс хариулт авав. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Энхболд, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар тэргүүтэй хүмүүс байлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Үндсэн хуульд сонгуулийн шууд зарчмаар төлөөллөө сонгоно гэж заасан байдаг. Иргэд нэг дэлгүүрээс дээлийн өнгө авахдаа хүртэл хүрч үзэж, имэрч үзэж байж авдаг. Өөрийнхөө төлөөллийг сонгохдоо халуун гараас нь барьж, тухайн хүн хэн бэ гэдгийг мэдэж байж сонгомоор байна гэдэг саналыг хэлдэг. Хувь тэнцүүлсэн тогтолцоо оруулж ирэх нь шууд сонгох зарчмыг зөрчих үү. Ямар үндэслэлээр 38+38 болгосон бэ, орон нутгийн төлөөлөл 38 байгаа нь хангалтгүй санагдаж байна.
Мөн намын жагсаалт их хардлага дагуулдаг. Үүнд ямар нэг шалгуур тавих уу. Ямар хуулиар зохицуулах вэ. Тухайлбал, 10 нам сонгуульд орлоо гэхэд 380 хүний нэр жагсаалтад бичигдэх юм байна. Үүнийг хангах техникийн боломж бидэнд байгаа юу. Мөн сонгуулийн үеэр цахим орчинд нэр дэвшигчийн нэр хүндийг унагаах, гүтгэх тохиолдол гардаг. Энэ огт хөндөгдөөгүй байна. Цаашид үүнийг хэрхэн шийдэх вэ?
undefined
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Шууд гэж заасан асуудал ҮХЦ-ийн хэд хэдэн дүгнэлт гарсан. Үүний хамгийн сүүлийн дүгнэлтийг авч үзсэн. Уг дүгнэлтээр холимог тогтолцоо нь Үндсэн хууль зөрчихгүй гэж үзжээ. Тиймээс хуулийн төслийг өргөн барьсан. 38+38 гэдгийг гаргахдаа төрийн нэгдсэн бодлого орон нутгийн бодлоготой тэнцүү хэмжээнд байвал хөгжилд хэрэгтэй гэж үзсэн. Хэлэлцүүлгийн явцад энэ тоо хэд болохыг гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд шийднэ. АН-аас бол 48+28 гэж тооцоолоод байгаа юм.
Намын жагсаалтын шалгуур гэж урд өмнө нь байгаагүй, одоо ч зохистой бус. Намууд олон зүйл харгалзаж үзэж байж жагсаалтыг гаргадаг. Энэ эрх намуудад байх ёстой. Сонгуулийн хуульд намын жагсаалтын шалгуур тавих нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж буй байдал.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Манайд бүртгэлтэй 37 нам хоорондоо эвсэхгүйгээр намын жагсаалтаа гаргаад, нэмээд мажораториор нэр дэвшигчдээ дэвшүүлсэн тохиолдолд саналын хуудас хэр том болох вээ гэдгийг макет хийж үзсэн. Манай ашиглагдаж буй санал тоолох төхөөрөмж бол 56 см /дөрвөн нүүр/ саналыг хуудсыг унших чадалтай. Мөн үүнийгээ хоёр талаар нь уншиж болно. Энэхүү дөрвөн нүүр буюу хоёр хуудас саналын хуудсыг хоёр талаар уншигдахаар хийх боломжтой. Сонгуулийн урьдчилсан саналыг тав хоногийн хугацаатайгаар авна. Гадаадад байгаа иргэдийн саналыг дөрөв хоногийн хугацаатайгаар авах юм.
ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Цахим орчинд сурталчилгаа хийхдээ нийт зардлынхаа 15 хувиас хэтрүүлэхгүй зардал гаргах ёстой гэж оруулсан. Нэр дэвшигчид өөрийн цахим хуудсаа бүртгүүлнэ. Сурталчилгаа байршуулах эрхтэй.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Цэцийн шийдвэрт итгэх боломжгүй. Байнга өөрчлөгдөж байдаг. Нөгөө талаар намын жагсаалтыг саналын хуудас дээр бичнэ гэвэл техникийн боломж нь хүрэхгүй л юм байна шүү дээ. Зардал бууруулахад ямар арга хэмжээ байгаа вэ?
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хүн төлөөллөө шууд сонгохын тулд нэр сонгох ёстой гэдэг шаардлага тавьдаг гэж байна. Тэр үнэн. Жагсаалт гаргаж байгаа ч давхар хүний нэр тавина. Намд эсвэл хүнд саналаа өгч болно. Намын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа бол намд саналаа өгч болно. Харин төлөөллөө харж байгаа бол хүнээ сонгох боломжтой юм.
undefined
СЕХ-ны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ: Сонгуулийн зардлыг бууруулахад сонгуулийн сурталчилгааны хэвлэл, тээврийн хэрэгсэл, ухуулга хуудас зэргийн төрөл, хэмжээг 30-70 хувь багасгасан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийг 50 хувь, хэвлэмэл материалыг 30 хувь, ухуулга хуудсыг 50 хувь, зурагт самбарыг 60 хувь багасгахаар тусгалаа. Ингээд нийт дүнгээрээ сурталчилгаанд зарцуулах зардал 48 хувь буурна гэсэн урьдчилсан тооцоотой байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Техникийн боломж хүрнэ гэдэг утгаар хэлсэн юм. Намын жагсаалт, мажоратори тогтолцоогоор нэр дэвших бүх боломжийг тооцоолж үзсэн.
УИХ-ын гишүүн Д.Батлут: 38+38 нь төлөөллөө сайжруулж буй хэлбэр мөн үү. Намын нийт санал дээр жагсаалтад нэр дэвшсэн хүмүүсийн саналыг нэмж тооцох юм байна. 38 хүн жагсаасан байхад 35 дахь хүн өндөр санал авбал яах вэ, 1,2-т бичигдсэн хүн маш бага санал авбал яах вэ. Намын жагсаалтаа баримтлаад явах уу.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Намууд хүмүүсээ эрэмбэлээд оруулна. Нам нь хэдэн хувийн санал авахаас хамааран эрэмбэлсэн дарааллаараа хүмүүсээ хуваарилна. Харин АН-ын өргөн мэдүүлсэн хувилбарт намууд хүмүүсээ эрэмбэлчихээд, дараа нь иргэдээс авсан саналаар нь дахиж эрэмбэлээд тэрнийхээ дагуу дээрээсээ хэдэн хүн орсон байна, түүгээрээ сонгогдсонд тооцно гэсэн. Аль аль нь байж болох хувилбар. Гишүүд эцсийн шийдвэрийг гаргана. Намууд аль болох сонгогдох боломжтой хүмүүсээ л жагсаана. Найз нөхөд, дарга цэрэг оруулна гэж байхгүй шүү дээ. Тухайн нам гурван хувийн босгоо даваагүй бол тэр намд өгсөн иргэдийн саналыг суудал авсан намуудад тэнцүү хувааж өгнө.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн цэц 2012 онд холимог тогтолцоог болно гэж, 2016 онд болохгүй гэж шийдвэр гаргасан. Энэ бол дандаа дунд суудлын хуралдааны шийдвэр гаргасан. Сая 2022 оны зургадугаар сарын 22-нд ҮХЦ өмнөх шийдвэрүүдээ авч үзээд эцсийн тогтоол гаргасан юм. Ингэхдээ болно гэж шийдвэр гаргасан. Их үлдэгдлийн зарчим гэж бий. Тухайн нам гурван хувийн босгоо даваагүй бол саналыг нь суудал авсан намуудад хуваарилдаг нь олон улсын зарчим юм. Үүнийг орхисон ч болно.
undefined
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж, Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан. Энэ үед намын жагсаалтаар орж ирсэн гишүүд Засгийн газрын гишүүн болсон. Бөөн хэрүүлтэй. Дараа нь Засгийн газар нь унахад жагсаалтынхан унагаасан. Миний хэлэх гээд байгаа саналыг намууд бодох ёстой. Жагсаалтад нэр дэвшиж байгаа гишүүнийг Засгийн газрын гишүүнээр ажиллуулахгүй байя. Ингэвэл жагсаалтад дээгүүр бичигдэхийн тулд мөнгөө барьж гүйдэг явдал багасна. Үүнийг хуульдаа хийх ёстой.
Сонгуулийн зардлыг бууруулахад олон арга хэрэглэсэн. Хэрэгждэггүй юм байна лээ. Үүнийг багасгахын тулд намууд хамтарсан сурталчилгаа хийе. Сум сумдаа, дүүрэг дүүрэгтээ очоод мэтгэлцээд явъя. Энэ бол зардлыг хэмнэхээс гадна хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн ялгаад саналаа өгнө. Нүүр нүүрээ хараад ярьдаг байдлыг энэ хуульд оруулж өгье.
Би буруу санаагүй бол их үлдэгдлийн зарчим гэдэг асуудлаар ҮХЦ дүгнэлт гаргаж байсан. Үүнийг харах хэрэгтэй шүү. Үндсэн хууль зөрчсөн зүйл хийчих вий.
Чуулган үргэлжилж байна.

Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн