Эрдэнэс Тавантолгой ХК 13 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд 7.5 сая тонныг нь 2023 оны эхний улиралд экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт 1.3 тэрбум ам.долларын /4.3 их наяд төгрөг/ борлуулалтын орлого олжээ. Энэ нь компанийн хамгийн өндөр орлого олсон 2019 онтой харьцуулахад 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Борлуулалтын орлогын 800 сая ам.доллар нь бэлнээр орж ирж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлсэн. Урьдчилаад авсан нүүрсэнд 270 сая ам.доллар, оффтейк нөхцөлтэй гэрээний өр төлбөрт 200 гаруй ам.долларын нүүрс борлуусан байна. Улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн бөгөөд төлөвлөснөөс 500 тэрбум төгрөгөөр давж биелэжээ. 2022 оны жилийн эцсийн байдлаарх татварын дараах цэвэр ашиг 1.3 их наяд төгрөг гаргав. Зургаан сарын өмнө компани 178 гэрээ байгуулснаас 133 нь нүүрсээ ам нөхцөлөөр нийлүүлэх гэрээ байсан аж. Заримтай нь 2022 оны эцсээр ам нөхцөлийн гэрээг дуусгаж, 87-тай нь хил үнээр нүүрсээ борлуулах хэлцлийг хийж чаджээ. Хил үнэ нь амны үнээс 80-100 ам.доллараар илүү юм. Компанийн 2019 онд дотоодод гаргасан бондын өрөөс 400 тэрбумыг хөрөнгө оруулагчдад барагдуулжээ. Ирэх наймдугаар сард төлөх хоёрдугаар ээлжийн 100 гаруй тэрбум төгрөгийг үйл ажиллагааны орлогоосоо төлөх боломжтой. Он гарснаас хойш Эрдэнэс Тавантолгой 7 удаа биржээр, хил үнээр нүүрсээ амжилттай заржээ. Дөрөвдүгээр сарын 11-нд Ганд мод боомтоор 260 мянган тонн нүүрс гаргасан нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Төсөл, бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй хэрнээ Эрдэнэс Тавантолгойгоос санхүүжилтийг нь нүүрсээр төлж байсан Богдхан төмөр замын гэрээг зогсоожээ. Компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 258.9 мянган тонн нүүрс дутсан асуудлыг тогтоож, Тавантолгой ХК-аар 13.9 сая ам.доллар буюу 48 тэрбум төгрөгийг Эрдэнэс Тавантолгой ХК-д төлүүлсэн байна. Хуулийн зөрчил гаргасан компанийн удирдлагын багт ажиллаж байсан 33 хүнийг чөлөөлж, 12 алба, нэг төв, нэг нэгжийг татан буулгаж 26 ажлын байрыг цомхотгосон. Тендергүй ажил үйлчилгээ авсан гэрээнүүдийг цуцалж, шаардлагагүй алба нэгжийг татан буулгаж, бусад зардлыг танаснаар 237 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллажээ. Дээрх бодит үзүүлэлтүүдийг үндэслэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн БЭТ-ийг үргэлжлүүлэн зургаан сар ажиллуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Хэрвээ УИХ БЭТ-ийн хугацааг дахин зургаан сар сунгавал Эрдэнэс Тавантолгойн бүх үйл ажиллагаанд орон улсын аудит хийлгэж, тус компанийн хариуцаж байгаа том төслүүдэд үр дүн гаргаж ажиллахаар төлөвлөжээ. Мөн 2023 онд ЭТТ нийт 23 сая тонн нүүрс борлуулах бөгөөд энэ төлөвлөгөө биелүүлэхэд БЭТ-ийн ур чадварыг ашиглана гэж тооцсон байна.
