Open iToim app
Нийтлэл | 2 мин уншина

ТЭСО группийн барьсан өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” хорооллын газар нь хулгайнх

ТЭСО группийн барьсан өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” хорооллын газар нь хулгайнх
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 12
Монголд хамгийн сүүлийн үеийн бараа материал ашигласан тансаг хорооллууд ар араасаа сүндэрлэх болсон. Барьж байгаа технологи, ашиглаж байгаа бараа материалаас гадна байршлаасаа хамаарч метр квадратын үнэ тэнгэр, газар шиг зөрүүтэй. Улаанбаатар хотын хувьд Хан-Уул дүүрэг, тэр дундаа Богд-Уул, Зайсан, Маршалын гүүр орчимд орон сууц хамгийн үнэтэй. Жишээ нь, Маршалийн гүүрний баруун хойно баригдаад байгаа Монголдоо өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” хорооллын метр квадратын үнэ 9.5 сая төгрөгт хэлбэлзэж байна. Тэр орчимдоо хамгийн өндөр үнэтэй орон сууц аж.
Харин тус хороолол баригдсан газрыг ТЭСО корпорац хулгайн замаар авч, тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан гэх баримтыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ярьжээ.
Тэрээр “Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дэд дарга, тагнуулын дарга нь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь, Зам, тээврийн сайд нь гаднын хөрөнгө оруулагчдыг нийлж дээрэмддэг бүлэглэлүүд л байсан ш дээ. Өнөөдөр энэ хэргүүд удаашралтай л байна. Харамсаж байна. "Токио" зочид буудлыг Д.Дорлигжавынхан булааж авсан. Сүмбэр ордын барилгын төслийг булаасан. Урд талын тансаг зэрэглэлийн “Sky Garden Residence” хотхоны газрыг булааж аваад ТЭСО-д өгсөн. Ярихаар бухимдаад байна. Хурдан шийдмээр байна” гэжээ.
Засгийн газар авлигатай тэмцэх ажиллагааныхаа хүрээнд хууль бус газрын наймаа, газар олголтын асуудлыг шалгаж, нэрсийг нь зарлана гэдгээ мэдэгдсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон хэргүүдийг дахин шалгаж, буруутай этгээдүүдэд ялыг нь үүрүүлнэ гэж мэдээлсэн. Энэ хүрээнд нэр бүхий эрх мэдэлтнүүд Японы хөрөнгө оруулалттай "Суруга Монгол"-ын газрыг дээрэмдэн хувааж авсныг шалгуулж буй. Энэ орчмын газрын маргаан, дээрмийн асуудалд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн хамаарал бүхий ТЭСО группийн барьж буй “Sky Garden Residence” хорооллын газар багтаж байгаа бололтой.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан А.Гансүх, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нартай нэлээд ойр гэгддэг бөгөөд тэдэнтэй холбоотой зарим хэрэгт нэр нь гарч дуулддаг. Хэрвээ ТЭСО группийн барьсан тансаг зэрэглэлийн “Sky Garden Residence” хорооллын газар нь хулгайнх, хууль бус замаар олж авсан бол тэнд орон сууц худалдан авсан иргэд хулгайн бизнесийг дэмжсэн болж таарах нь.
Ингээд бичихээр зарим нь хувийн хэвшлийг харлууллаа, тэд өөрийн хүчээр өдий хүрсэн гэдэг. Гэхдээ Монголд том групп, корпорацууд нь эрх баригчидтай сүлбэлдэн бусдынхаа боломжийг хулгайлдаг үзэгдэл газар авсан. Хэдхэн хүний бизнес томорч, том мөнгөөрөө хотын төвд том байшин барьж, үүргийн худалдаанд юу ашигтай байна вэ, түүний бизнест өрсөлдөгч болж жижгүүдээ шахдаг нь үнэн билээ. Сүү, аарц, ундаа, зайрмагны зах зээлд монополь шахуу компани хууль бусаар газар аваад барилга барина, дэлхийд нэгд орох ноолуурын компани, Монголын хамгийн том банкны хувьцаа эзэмшигч нь түргэн хоолны зах зээлд пицца зөөж, жижгүүдийн зах зээлийг базах жишээтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн