Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамцтай ярилцлаа.
-Та сүүлийн үед ном туурвих ажилд ихээхэн анхаарч байна уу. Та өмнө нь хоёр ч ном гаргасан шүү дээ?
-Миний ном хийх гэж юу байх вэ. Энд тэнд сүсэгтэн олондоо уншсан лекцүүд байдаг юм. Тэднийгээ нэгтгээд, сэдэв өгөөд нэг ном болгосон. Мөн шашны түүхийн жаахан юм оролддог юм. Энэ ном арай болоогүй байна. Өөрийнхөө бодож санаж явдаг зүйлүүдийн тухай хоёр ном хийх санаатай оролдож байна. Дээрээс нь киноны зохиол бичиж чадахгүй юм. Гэхдээ санааг нь гаргах гээд олон талаас нь судалгаа хийгээд явж байна. Өнгөрсөн 70 жилд гарсан шашны талын кинонууд бүгд үнэн бодит байдал, шашны оршин тогтнол, юу бодож, сэтгэж байсан, хүн ардад ёс зүйг хэрхэн тогтоож байсныг гуйвуулсан байдаг. Тиймээс яг үнэн бодит зүйлийг харуулж, хийх юмсан гэж боддог.
Би 1970 онд лам болсон. Тухайн үед олон сайхан өвөгчүүлээс их зүйл сонсож, тэднээс үнэн бодит мэдээлэл авч байсан. Тиймээс нэгд, энэ хүмүүсийн ачийг санах үүднээс, хоёрт, шашны явж ирсэн түүхийг үзэл сурталжсан, ангич намч шинж чанараар харахгүй, үнэн бодит кино хийх юмсан гэж боддог юм.
-Агуулга нь шашны талаар кино байх нь. Бурхны шашны үнэн түүхийг харуулахаар зорьж байгаа юм уу?
-Тийм ээ, нэг ангитай кино хийнэ гэж төлөвлөж байна. Бид нүүдэлчин улс, хот суурин олон байсангүй, хүрээ хийдээс өөр юм байсангүй. Тиймээс лам хүн ч гэсэн малчин ардын гэрт л төрж, өсөж, хонь хургатай ноцолдож, малаа хариулж, хөдөө нутагт өсч бойждог. Лам, хар, ноён, баян, ядуу гэхгүйгээр бүгд ойролцоодуу л байсан юм билээ. Тэр дунд өсч, бойжсон хүн эх оронч, газар усаа хайрладаг, аав, ээж, ахан дүүсээ хайрлаж, хүндэлдэг, бусадтай эвтэй, зүйтэй байхыг боддог, ёс зүй сайтай байсан. Ийм хүмүүсийг сүүлд ангич, намч гэж ялгаад, уралцуулаад, кино зохиол бүтээл хийчихсэн. Тиймээс бурхны шашин, лам нарын талаар үнэн зөв мэдээлэлтэй болоосой гэж бодож, санаа зовж явдаг юм. Энэ ч утгаараа тэр талын юмнуудыг сайхан гаргаж өгөх юмсан гэж бодож, өөрийнхөө бичих санаатай байгаа номондоо ч энэ талыг оруулж өгнө. Миний өдөр тутмын ажил их учраас өдөржин суух боломж гарахгүй юм даа.
-Та "Монголын бурхан шашны тэргүүн би биш" гэж хэлсэн байсан. Тэгвэл Х Богд Монголын бурхан шашны тэргүүн болох уу?
-Өндөр гэгээний үеэс тэгээд явж ирсэн уламжлалтай. Өөрөөр хэлбэл, Богд Монголын бурхан шашны тэргүүн байсан. Богдын орон тоо ямагт хүнгүй байж ирсэн. Харин одоо бол Богдтой болсон.
-Манай улсад хэдэн хойд дүр байгаа вэ?
-20 орчим байна уу даа. Энэ хүмүүс маань одоо боловсрол, мэдлэгээ олж байна. Ингээд шашны захиргааны бүрдлийг хийж байгаа. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дээр Ловонгуудын зөвлөл гэж байсан. Түүнийгээ өргөтгөөд Хамба нарын зөвлөл болгоод 21 аймаг, есөн дүүргийн том хамба нар ирж жилдээ хоёр удаа чуулж, шашнаа хөгжүүлэх дэвшүүлэх тухай ярьдаг болсон. Үүн дээр Лхарамба, Гавж, Хувилгаадууд нь ороод эмнэлэг, зурхай гээд мэргэжлийн Дацангуудаас төлөөлөгч тавиад өнгөрсөн жилээс эхлээд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй чуулгантай болсон. Бид Монголын Бурхан шашныхаа хөгжил, дэвшлийн 40 жилийн төлөвлөгөөг гаргасан. Зорилгодоо хүрэхийн тулд гурав, гурван жилээр тасалж аваад том хийдүүд энд ирж ажлынхаа гүйцэтгэл тайланг тавьдаг болсон. Өнгөрсөн жилээс эхлээд Монголын бурхан шашны төвд аймгуудаа нэгтгэж чадсан. 21 аймаг, есөн дүүргээ нэгтгэсэн. Одоо бол бид сумд руугаа гарах үе эхлээд байна. Өнгөрсөн жил 21 аймгийн төв дээр сумдынхыг нь цуглуулж, хуралдуулаад аймаг дээрээ нэгтгэсэн. Ингээд Монголын бурхны шашин босоо тогтолцоотой болох юм. Сумдууд нь аймагтаа, аймаг нь Монголын Бурхан шашны төвдөө захирагддаг болгосон гэсэн үг.
Мөн уламжлалаа сэргээхийн тулд Хамба номун хаан гэж гаргасан. Энэ нь шашны удирдлагын оройны хамба юм. Түүний дээр Богдоо зална. Ингээд босоо тогтолцоо бий болгох юм. Шашин зохион байгуулалтын хувьд ч, боловсролын хувьд ч одоо л нэг юм жигдэрч эхэлж байгаа үе нь.
-Тэгвэл 40 жилийн дараа Монголын Бурхны шашин ямар түвшинд хүрсэн байх вэ?
-Дөчин жилийн дараа энэ бүтэц бүрэлдэхүүн нэлээд сайн ажилладаг болно. Сум, аймгуудын төвийн хийдүүд нэлээд сайн ажилладаг болно. Дацангууд ч гэсэн зөвхөн ном уншдаг байхаа болино. Мэргэжлийн сургууль бий болно. Дацан гэдэг чинь ерөөсөө сургууль гэсэн үг шүү дээ. Сургууль эмнэлгийн, зурхайн, ёс суртахууны, Чойрын ном үздэг гэх мэт маш олон хэсэгт хуваагдана. Нэг дацанд олон сургууль бий болоод ирэхээр хийд гэдэг нэр авдаг байсан. Тэгэхээр хуучин бүтэц рүүгээ бид явж байгаа. Зохион байгуулалт, удирдлага, сургалт хүмүүжлийн хувьд ч гэсэн ийм болж байгаа.
Тэгэхээр 40 жилийн дараа Монголын бурхны шашин нэлээд өндөр хэмжээндээ хүрчихсэн байна гэдэгт итгэл төгөлдөр байгаа. 20-иод жилийн дараа жигдэрчих байх аа. Одоо бол Богд, хувилгаадууд нь дэндүү жаахан байна. Ажил хийх насандаа хүрээгүй байна. 20 гаруй жилийн дараа Богд яг сайхан ид боловсорсон 30 орчим настай болоод ирнэ. Мөн зэрэг цол хамгаалсан хүмүүс нь 40, 50 хүрээд ирнэ. Энэ үед Бурхны шашны үйл ажиллагаа жигдрээд ирнэ гэж бодож байгаа.
-Ер нь Бурхны шашин ингэж дэлгэрэн хөгжих нь нийгэмд, иргэдэд ямар ач холбогдолтой юм бэ?
-Ашиг олз гэхээсээ илүү бурхны шашин нийгмийг хэрхэн зохион байгуулж, ямар үүрэгтэй, ямар үзэл бодолтой байх, үүнийг хүн арддаа хэрхэн түгээн дэлгэрүүлэх ёстой вэ гэдэг нь чухал юм.
Хэрэглээний шашин бол дэлхий нийтээр бий. Харин шашны боловсрол олж, мэдлэгийг суугаад жинхэнэ сүсэгтэн болоод ирэхээр хэрэглээний биш шашинтай болж байгаа юм. Шүтэж бишрээд явж байгаа эхэн үеийнх бол хэрэглээний шашин гэсэн үг. Дэлхийн 7 тэрбум хүнээс 6 тэрбум орчим нь шашин шүтдэг гэдэг. Үүний ихэнх нь л хэрэглээний шашин шүтэж байгаа байх.
-Иргэдийн ёс суртахуун, соён гэгээрэлд шашин эерэг нөлөө үзүүлэх үү. Бид хүн чанар, мөн чанараасаа улам алсраад байх шиг?
-Шашны дээд сургууль дээр сүсэгтний холбоо, Гандан хийдийн захиргаа нийлээд бодлого явуулаад Гандан дээр жил бүхэн сургалт явуулдаг болсон. Мөн Д.Нямсамбуу, Н.Нанзаддорж тэргүүтэй лам нар сургалт явуулж байна. Түүнчлэн Асралт төв дээр сургалт хийж байна. Бага, дунд, ахлах гээд гурван үе сургалт явуулж байгаа. Энэ сургалтад суусан хүмүүст бурхны шашны тодорхой хэмжээний мэдлэгтэй боллоо гээд үнэмлэх олгож байгаа. Энэ сургалтуудад настай, залуу маш олон хүн ирж хамрагддаг. Сүүлийн үед эрдэмтэн мэргэд, дээд сургуулийн багш нар хүртэл ирж байгаа. Энэ бол сайн. Коммунизмын үед авсан тойм мэдлэгээрээ өнөөгийн шашныг муу хэлээд байна гэдэг алдаатай. Биднийг харахад инээдэмтэй. Тэгэхээр голд нь орж судлаад байр сууриа илэрхийлвэл зүйтэй шүү дээ.
Сүүлийн 10 гаруй жил ингэж сургалт хийсний үр дүнд хүмүүс их төлөвшиж, бурхны шашны ойлголт нь тэс өөр болж байгаа. Нийгэмд амьдрах амьдрал зөв болж байгаа. Үүнийг хараад бид ажиллаж чадвал нийгмийг бүлээсгэж чадах юм байна гэсэн бодол төрж байна. Мөн Ширэндэв гандан хийд, Д.Нямсамбуу тэргүүтэй олон хүн шоронгоор явж яриа хийж байна. Эхлээд яриа хийхэд хүмүүс сонирхохгүй байснаа ирдэг болоод, амтанд нь орж байна. Сүүлдээ “манай шоронд бурхны шашны өрөө хийж өгөөч” гэсэн хүсэлт тавиад бид гурван шоронд 10, 10 сая төгрөгөөр бурхны шашны өрөө байгуулж өгсөн. Түүнчлэн хавдрын эмнэлгүүдээр явж өвчин нь эцсийнхээ шатанд орчихсон, хажуугаар явж байгаа хүмүүсээс байнгын горьдлоготой, аврал эрсэн нүдээр харж байгаа хүмүүст бурхны шашны үхлийн тухай ярьж ойлгуулахыг хичээж байна. Ийм, ийм шат дамжиж өнгөрдөг, энэ үед нь ингэж бодоорой, тэр үед нь тэгж бодоорой, үхэл гэдэг ийм юм, ертөнцөд төрсөн бүхэн үхнэ. 100 жилийн өмнө хэдэн сая хүн төрсөн бэ, өнөөдөр хэд нь үлдээ вэ. Ингээд бодит ертөнцийн оршин тогтнолыг нь хэлээд, үхлийн тухай маш сайн ярихад хэнийг ч горьдохгүй, айдасгүй болж, бодитоор хүлээж авдаг. Энэ мэтчилэн бидний хийж байгаа ажил, ололт амжилт олох бүрэн боломж байна.
Сургуулийн хүүхдүүдэд хүртэл бид ёс суртахууны хичээл заадаг. Сургалт явуулж байгаа хувийн сургууль дээр очихоор хүүхдүүд настай хүн хажуугаар нь гарахад нэлээд тонгойгоод “сайн байна уу та” гэж мэндэлж байна. Ороод яриа хийхээр бүгдээрээ завилж суугаад, зарим нэг сэтгэл булаасан зүйл дээрээ залбирч байх шиг. Тэгэхээр бид өөрчилж болох юм байна гэдэг итгэл суугаад байгаа шүү дээ.
-Тэгвэл мухар сүсэг, шашин хоёр өөр ойлголт уу. Гандан орсон, ном уншуулсан нэгнээ мухар сүсэгтэй гээд байдаг шүү дээ?
-Мухар сүсэг гэдэг бол хүн төрөлхтөнд байдаг араншин төрх болохоос биш хэн нэгэн хүн зохион бүтээгээд, бодлого явуулаад байгаа юм огт байхгүй. Хувь хүн өөрөө зохиогоод гаргаад ирдэг зовлонтой зүйл юм.
Хүн гэдэг амьтнаас ялгаатай нь хүсдэг, мөрөөддөг, зовдог, жаргадаг, гунигладаг, гутардаг амьтан. Өөрийнхөө амьдралыг ийм болоосой, тийм болоосой ч гэдэг юм уу, энэ зовлонгоос яаж хагацдаг юм билээ гэсэн бодлын үндсэн дээр өөрт нь тохирсон шүтлэг гараад ирдэг юм шиг. Энэ бол дэлхий нийтээрээ байгаа. Жишээ нь,Чехэд Карлын гүүрэн дээр байгаа олон хөшөөн дотроос нэг хөшөөнд хүслээ шивнэдэг юм гэнэ лээ гээд шар, бор, цагаангүй бүгдээрээ л зогсож байдаг. Наашаа яваад Австрид хүрээд ирэхээр Гётэйн хөшөөний хажууд онц авах гээд хүүхдүүд эргэлдээд л. Америкт ч очлоо гэсэн Хөрөнгийн биржийн урд талын бухны хуухнагийг атгачихсан, баяжих гэж байгаа юм гээд л зогсож байдаг. Энэ бол аливаа нэгэн шашнаас мунхруулах гэж зохиосон ажил биш. Хүн төрөлхтөн өөрөө зохиодог. Гэхдээ мухар сүсэг бүр муу, буруу юм биш. Үүнийг хоёр хувааж үзмээр юм шиг байгаа юм. Нэгд, хүнд хэрэг болоод байдаг мухар сүсэг гэж байна. Мөн хэрэг болдоггүй, гай болдог мухар сүсэг байна. Тухайлбал, усанд цус дусааж болохгүй гэдэг. Энэ бол яах аргагүй байгаль орчноо хамгаалахад чухал нөлөөтэй. Юм ойлгохгүй байгаа, боловсрол мэдлэг тааруу хүнд усанд цус дусаавал нүгэл шүү гээд хэлчихээр дусаахгүй шүү дээ. Мөн шанаагаа их битгий тул. Өр алдсан хужаа шиг гэж ярьдаг. Энэ нь нэг л их гунигтай дүр, төрх хүнд харуулаад байдаг. Тиймээс шанаагаа битгий тул гэж хэлж байх шиг.
Энэ бүхнийг шашинтай холбох ч ажил биш. Ерөөсөө энд сайн, муу тал нь юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнээс хойш ч мухар сүсэг байна. Жишээлбэл, коммунизмын үед Ээж хад гээд гараад ирсэн. Тэр үед лам дээр очиж болохгүй. Тиймээс сүсэгтэй хүн хагарч, дэлбэрэх гээд нэг хадан дээр очоод “намайг дөрвөн өрөө байртай болгоод өгөөч ээ” гэдэг ч юм уу залбирдаг байх. Уг нь шашин бол тийм биш юм. Цаана нь лус савдаг, тэнгэр гээд нэг юм оршино гэж ярина. Гэвэл коммунизмын үед даржин, ёстой мухраас мухар сүсэг үүсч л байсан. Тэгэхээр хүн төрөлхтний нийгэм, хүний оюун боловсролын чадвар, хэр хэмжээнээс хамаараад мухар сүсэг үүсдэг юм байна.
-Та манайд 20 гаруй хойд дүр байгаа гэлээ. Ер нь хойд дүр тодруулахын ач холбогдол юу юм бэ?
-Хойд дүр тодруулна гэдэг бид уламжлалаа баримталж байгаа хэрэг юм. Шашны зүгээс аваад үзвэл Молом ерөөл тавих, Бодьсадвын хамаг амьтны тусын тулд би өөрөө бурхан болъё гэдэг сэтгэл байгаа юм. Хойд, урд нас бий гэж хүлээн зөвшөөрсөн бодьсадвын сэтгэл, нигүүлсэл, энэрэл, хайр, мэдлэгээр өндөр хэмжээнд явсан хүмүүс дараагийн төрөлдөө үргэлжлээд явдаг. Шүтэн барилдлагын холбоогоор шавь, нутаг нугынхаа улсуудтай холбогдож ирсэн. Молом ерөөлийнхөө хүчээр, урд насандаа олсон кодлогдсон эрдэм боловсрол, далдын мэдлэгээрээ хүнд тус болдог тэр шинж чанарыг нь бид ашиглаад тэднийгээ тодруулдаг уламжлалтай.
-Тэгвэл өмнөх дүрийн чадвар, сурсан эрдэм дараагийн төрөлд нь дамжина гэж ойлгож болох уу?
-Дамжаад илт мэдэгдэнэ гэдэг тун ховор. Маш өндөр зэрэглэлийн бясалгалын хэмжээнд хүрсэн ганц нэг хүн дээр байна. Гэхдээ дараагийн төрөлд авьяас нь маш ойрхон байгаа учраас сайн багш нар заагаад өгчихвөл маш хурдан сэргэдэг уран чадвар хойд хүмүүст байгаа.
-Та олон түмэнд, ялангуяа залууст хандаж юу хэлмээр байна. Амьдралын, амьдралын утга учрын тухай?
-Нэгд, залуучуудын бие хаа их гоё болж байна. Эрэгтэй, эмэгтэйгүй бие хаагаа гоё хөгжүүлээд, хувцсаа сайхан тохируулж өмсдөг, өөртөө итгэлтэй, хэлбэрт орсон байна. Хүн эрүүл байх, хүний ижил сайхан амьдрах, ажил хөдөлмөрөө сайхан эрхлэх нь хамгийн сайхан. Энд алдаж байгаа нэг зүйл байна. Би гоё болчихсон гэж бодоод тэр дотор талд би гоё, би хөөрхөн гээд ирэхээр түүнийгээ гайхуулах, түүгээрээ бусдын дээр гарах гэсэн дээрэлхүү бодол, ёрын сэтгэлүүд үүсээд байна. Энэ нь өөрийгөө хорлоод байгаа юм. Нэг хүн тоохгүй бол хорсоод, тэр хүнтэй хэрэлдэхэд бэлэн. Нэг хүн хажуугаар нь гарахдаа ч юм уу, хамт ажилладаг хүн гоёыг нь огт харахгүй байгаа юм шиг болоод ирэхээр нь “Энэ одоо энэ юу юм бэ” гээд эхлэх ухаантай. Тэгэхээр сэтгэхүйгээ ажиглах хэрэгтэй байна. Би сайн сайхан байна. Гэхдээ би үүнийг хүнд гайхуулын төлөө биш, өөрийнхөө тусын тулд биеэ хөгжүүлсэн гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэрүүгээрээ гайхуулах, омогших, бусдыг дээрэлхэх бодолтой болбол дотор тал зэвэрнэ, илжирнэ. Ингээд хэрүүл маргаан, амьдралын бүтэлгүй юм руу явчиж мэдэх тал байгаа юм. Тиймээс эрэгтэй ч, эмэгтэй ч энэ талыг сайн бодох хэрэгтэй гэж хэлмээр байна. Мөн дотоод сэтгэхүй рүүгээ өнгийж харах хэрэгтэй.
Хоёрт, боловсрол олж авч байгаа дээрээ анхаарах хэрэгтэй байна. Боловсролыг хүн амьд байхын төлөө, эрүүл сайхан байхын төлөө, зөв сайхан хань ижилтэй байж, сайхан амьдрахын төлөө л эзэмшдэг. Тэгэхгүй ертөнцийн хязгааргүй тийм орон зайд хий сэтгэлгээгээр боловсролыг олж аваад, тэрэн рүүгээ хүчтэй зориод ирэхээр боловсрол боловсрол биш болдог. Тэрүүгээрээ гайхуулах, цалин мөнгөө голох, хүмүүсийг ялгах, энэ орк, би сэхээтэн гэдэг байдал үүсээд ард түмний эвлэрэлд асар сөрөг нөлөө үзүүлж байна. Бие, хэл, сэтгэл гурвын буруу хандлагаас болоод нийгмийн хагарал бий болж байна.
Гуравт, санаж явах чухал зүйл бол гадаад явахыг диваажинд очих гэж байгаа шиг хандлага бүх залууст байна. Гадаад улс диваажин мөн үү, биш үү гэдгийг судалж үзэх ёстой. Тэр гоё улсад, тэр гоё байшин дотор хүн амьдарч байгаа учраас зовлон бий. Дандаа жаргалтай байна гэж байхгүй шүү дээ. Чигтэйхэн том өрөөтэй орчин үеийн байшинд ороод би жаргана гэж бодож болохгүй. Тэр нөхцөл болохоос бидний жаргалын шалтгаан биш шүү дээ. Гадаадын улс орнуудыг хараад "тэнд л жаргалтай байна аа" гэж бодоод байгаа нь эндүүрэл. Гадаадад очоод туйлын их ажил хийгээд мөнгө олж байгаа, эх орондоо өөртөө тохирсон сайхан ажил хийгээд олсон мөнгөө гамнаж хэмнээд амьдралдаа зарцуулаад байгаа хоёрын аль нь жаргалтай юм бол доо гэж бодогдоод байдаг юм. Гадаадад байгаа гэдгээр сэтгэлээ тэжээгээд байна уу даа. Биеэ өвдтөл нь зүтгэж баахан мөнгө олж ирээд эмчлүүлээд дуусах байдал руу хүмүүс орж байна. Хүний нутагт ах, дүү хамаатан садангүй биеэ дааж амьдраад, насны эцэст юу болох вэ.
Үр хүүхдээ англи хэл сургах гээд өөрийнхөө хагас дутуу мэддэг англи хэлээр ярьсаар байтал аав, ээжийнхээ ярьсныг ойлгохгүй англи хэлтэй болгочихоод сүүлд нь “би чиний төлөө энэ Америкт ирсэн. Үхтлээ зүтгэж ажил хийж, чиний төлбөрийг төлөөд овоо боловсролтой болголоо” гээд хүүхэдтэйгээ хэл нь ч нэвтрэхгүй, сэтгэлгээ нь ч нэвтрэхгүй болоод ганцаараа горойгоод үлдэх юм уу, яах юм. Тиймээс гадаадад байлаа ч гэсэн үр хүүхдэдээ анхаараарай. Үр хүүхдэдээ монгол соёлоо эзэмшүүлж, эх нутагт нь хайртай болго, өөрийн хүүхэд болго. Тэрний төлөө хайраа хэчнээн зуу дахин нэмж зарцуулаад, хэн хэндээ хэрэгтэй хүн болгож өсгө.
Дайн тулаан, корона гарснаас хойш хүний нутагт амьдарна гэдэг хэцүү боллоо шүү. Монголдоо байвал хэн намайг хөөх юм, хэн намайг дээрэлхэх юм. Миний нутаг, миний өссөн шороо гээд байж байна. Тиймээс маш хашир бодож байж амьдралаа зохио. Гадаад, яв. Энэ бол хал үзэж халуун чулуу долоосон хөгшин хүний хэлэх юмсан гэж бодож явдаг үг. Буруу, зөв бол та бүхэн уучлаарай.