Иргэн Д.Монголхүүг таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн тул зургаан сар хорихоор болсон билээ. Хэргийн талаар түүний эгч Д.Эрдэнэсувд, өмгөөлөгч Б.Баяраа нар мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Б.Баяраа: Д.Монголхүүг хорих болсон хэргийн талаар хэлье. Сүхбаатарын талбайд жагсаал хийх явцад цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэдэг шалтгаанаар нэг жил зорчих эрхээ хязгаарлуулах ялаар шийтгэсэн. Тухайн үед жагсаж байх үедээ хүүхдийн гутлыг Төв талбай руу оруулах гэтэл цагдаагийн байгууллагаас тэсэрч дэлбэрэх, бодис байх эрсдэлтэй гэж шалгаад эрсдэлгүйг тогтоосон. Ингээд гутлаа оруулах гэтэл цагдаа нар хууль бус шаардлага тавьж, оруулаагүй. Гэтэл иргэний хувийн өмчид халдсан, хүч хэрэглэсэн, эрүүл мэндэд гэмтэл учруулсан, жагсах эрхийг боомилсон цагдаа нарт биш иргэн Д.Монголхүүд ял өгсөн. Тэрээр ялаа хүлээн зөвшөөрөөгүй ч нэгэнт шийдвэр гарсан тул хэл амгүйгээр хэрэгжүүлье гэж ялаа эдэлж байсан. Ингээд хоёр удаагийн тохиолдол гарсан.
Нэгд, Д.Монголхүү 2020 онд эгэмний хагалгаанд орсон. Баривчлагдах үед нь гэмтэл сэдэрч, ГССҮТ-д үзүүлэх зөвшөөрлийг прокуророос хүсэхэд нэг хоногийн зөвшөөрөл өгсөн. Ингээд ГССҮТ-д очиж үзүүлээд харьсан. Гэтэл ГССҮТ рүү очсон замаараа буцаагүй буюу маршрут зөрсөн гэдэг үндэслэл болсон. Ийм маршрутыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд зааж өгдөг. Эмнэлэгт үзүүлж байгаа хүнд маршрут заагаад тэр нь зөрчигдвөл шоронд хийдэг байж болохгүй юм. Прокурор н.Итгэлтөгс ярилцлага өгөхдөө Д.Монголхүүг эмнэлэгт очоогүй, гадуур тэнэсэн мэтээр ярьсан байсан. ГССҮТ-д очсон гэдгийг эмч нар, хамт явсан хүмүүс нь гэрчилнэ. Үүнийг гүтгэлэг хэмээн үзэж, хариуцлага тооцуулах асуудлаар гомдол гаргана. Түүнийг цахим гаваар байршлыг нь хянаж байгаа ч маршрутыг нь өөрчилсөн баримт бүрдүүлж шүүхэд өгсөн. Бид шүүхэд хүсэлт өгөөд, тайлбараа өгтөл хүсэлт хангаж өгөөгүй. Ялын хугацаанд Д.Монголхүү Баянзүрх дүүргээс огт гараагүй, нэг удаа өвчнөөс болж гарахад нь ийм зүйл боллоо. Бие өвдөх нь Д.Монголхүүгийн буруу юм уу. Хууль ёс битгий хэл, хүн ёс ч энд алга
Хоёрт, Д.Монголхүүгийн цахим гав зургаан цаг орчим цэнэгээ барьдаг. Хоногтоо дөрвөн удаа цэнэглэдэг гэж байгаа юм. Нэг удаа цэнэг нь дуусаад унтарсан. Тэгээд өөрсдөө хянаад үзэхэд дүүргээсээ гараагүй нь тогтоогдсон. Өөрсдөө шалгаж үзчихээд зөрчил гэж үзээд байгаа юм. Шүүх ийм л байна. Бид давж заалдана.
Мөн хуульч хүнийхээ хувьд цагдан хорио дээр байр сууриа илэрхийлье. Цагдан хорио цадигаа алдлаа. Оргон зайлж болзошгүй гэдэг үндэслэлээр олон хүнийг хорьж байна. Болзошгүй гэдэгт нь нотлох баримт байх ёстой. Зүгээр л хамаагүй блдж, прокурор шүүгчийн үзэмжээр шйиддэг болсон байна. Цагдан хориход өмгөөлөгч оролцож болохгүй байна. Цагдан хорих үед материалтай танилцъя гэхээр нууц гээд үзүүлэхгүй. Өмгөөлөгч зүгээр л дүр үзүүлээд байна. Манай улс шоронжлоо. Цагдан хориогоор шорон дүүрлээ.
Д.Монголхүүгийн эгч Д.Эрдэнэсувд: Шүүхээр нотлох баримтыг цуглуулаад хэлэлцээд өгөөч гэж хүсэхээр шаардлагагүй гэж үзэж хорьсон, үл тоосон. Хүний амьдралыг ингэж л шийдэж байна. гэр бүл нь тэр хүнтэй давхар л хоригдож байгаа шүү дээ. Шүүгч прокурорууд өөрсдөө л хэлэлцэж ярилцаад, тэрэн рүүгээ оруулж хүнийг хэрчдэг махны машинтай болжээ. Хүний эрх ч ярих боломж алга. Дүү минь яаж ч шүүх, прокурор муудсан бай хуулиараа л шийдүүлнэ гэж хэлдэг. Тэгж байж эрх чөлөөгөө олж авна гэж хэлдэг. Гэтэл бидний эрх чөлөө ийм л байна шүү дээ.