Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

ХХБ, Хаан, Хас банкинд хууль биелүүлэх гурван сарын хугацаа үлдэв

ХХБ, Хаан, Хас банкинд хууль биелүүлэх гурван сарын хугацаа үлдэв
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 3
УИХ 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд системийн нөлөө бүхий буюу нийт банкны салбарт таваас дээш хувь эзэлж байгаа арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани хэлбэртэй болохоор заасан. Ингэхдээ 2022 оны зургадугаар сарын 30-ны дотор банкууд хувьцаагаа олон нийтэд санал болгож, хувьцаат компанийн хэлбэрт шилжихээр заасан. Харин цар тахлын нөхцөл байдлаас хамаарч хуулийн хугацааг нэг жилээр буюу 2023 оны зургадугаар сарын 30 болгож сунгасан.
Тэгвэл өнөөдрийн байдлаар системийн нөлөө бүхий таван том банкнаас Голомт, Төрийн банк олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болох эхлэлээ тавиад байна. Монголын хамгийн том банк болох Хаан банк өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд IPO гаргах хүсэлтээ өгсөн. Харин 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан баланс, аудитын тайлангаас хамаарч IPO гаргах ажил бага зэрэг сунжирч байгаа бололтой. Гэхдээ энэ хавартаа Хаан банк хуулийн шаардлагаа биелүүлж олон нийтэд нээлттэй хувьцаагаа санал болгоно. Эхний ээлжинд 5-10 хувиа арилжаалахаар төлөвлөж байгаа аж.
Харин Худалдаа хөгжлийн банк, Хас банкны хувьд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд IPO гаргах хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байгааг эх сурвалж мэдээлсэн. Хуулийн хугацаа дуусахад гурван сар хүрэхгүй хугацаа үлдсэн бөгөөд дахин хуулийн үйлчлэлийн хугацааг сунгахгүй гэдгээ Монголбанк мэдэгдсэн.
Хас банкны хувьд хувьцаа эзэмшигчийн төвлөрөл бага, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн дээд хувь хэмжээ 20 хувь байгаа бөгөөд багахан хувиа л олон нийтэд санал болгох болов уу. Харин Хаан банк, Худалдаа Хөгжлийн банк нийт хувьцааныхаа 10 хүртэлх хувийг олон нийтэд санал болгох хүлээлт бий. Дээрх хоёр банкны хувьд нийт банкны системийн 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг томоохон банкууд юм. Энэ хэрээр хамгийн өндөр ашигтай ажилладаг. Гэхдээ хуулийн хугацаанд амжиж IPO гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Түүнчлэн, Банкны тухай хуульд оруулсан бас нэг өөрчлөлт энэ онд хэрэгжих ёстой. Энэ нь банкны нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой юм. 
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн