Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн талаар “Hope” сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч Б. Батхүүтэй ярилцлаа.
-Эрэгтэй хүний сэтгэл зүйн онцлогийн талаар яриагаа эхлүүлье. Эмэгтэй хүнтэй харьцуулахад ямар байдаг вэ?
-Эрэгтэй хүний сэтгэл зүй тухайн хүнийх нь онцлогоос шалтгаалаад янз бүр. Дааврын нөлөө, тархины бүтэц зэрэг эмэгтэй хүнээс өөр байдаг. Эрчүүд ихэвчлэн интроверт байх нь түгээмэл. Эрчүүдийг монологи буюу нэг асуудалд төвлөрдөг хэмээн тодорхойлох нь бий. Жишээ нь, нэг дор олон хүний яриаг сонсох бус нэг л хүний яриа дээр илүү төвлөрөх, харж байгаа зүйл дээрээ ч нэг юманд фокуслах гэх мэт. Тиймээс эрчүүдэд тодорхой хэмжээний бэрхшээл тулгарахад нэг зүйл дээрээ л төвлөрдөг талтай. Ингэснээр амархан сэтгэл зүйн асуудалд орох, цаашлаад сэтгэл гутралд өртөх магадлалтай байдаг.
Мөн эрчүүдийн мэдрэмжээ илэрхийлэх байдал, асуудлыг даван туулах хандлага нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр барих нь түгээмэл. Тиймээс архи, тамхи хэрэглэх гэх мэтчилэн ямар нэгэн сөрөг зан үйлээр түүнийгээ илэрхийлэх нь бий. Үүнээс болж сэтгэл гутралд амархан өртдөг.
-Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэггүй нь сэтгэл гутралд өртөх шалтгаан болдог гэлээ. Сэтгэлийн хөдөлгөөнөө чөлөөтэй илэрхийлэхэд нь юу саад болдог вэ?
-Дэлхийн нэг, хоёрдугаар дайны үеэс эрэгтэй хүн зоригтой, сэтгэлийн хаттай, нугарашгүй, хугаршгүй байх ёстой гэдэг болсон нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн байж болзошгүй. Зөвхөн дэлхийн нэг, хоёрдугаар дайн гэхээсээ түүнээс өмнөх ч дайны нөхцөл байдлаас үүдэлтэй байж магадгүй юм.
Өсвөр насны хүүхдийн хувьд аавыгаа харах, эрэгтэй хүнийг даган дуурайх байдлаар суралцдаг гэсэн судалгаа бий. Эрэгтэй хүн ямар байх ёстой, яаж биеэ авч явах ёстой, ямар зан үйл хэрэглэж байна, яаж сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж байна гэдэг цэвэр эцэг, эрэгтэй хүнээс үлгэр дурайллыг харж сурдаг гэсэн үг. Тэгэхээр эрэгтэй хүн болгоны сэтгэл зүй орчны нөлөөллөөс бүрэлдэн бий болох магадлалтай байна. Харин олон эмэгтэй хүнтэй багаасаа хамт амьдарсан эрэгтэй хүний зан үйл арай өөр байдаг. Нэг ёсондоо ээж, эгч, дүүтэйгээ өссөн эрэгтэй хүн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэмж өндөртэй болж өссөн судалгаа бий.
-Сэтгэл гутралд ихэвчлэн хэд орчим насны эрчүүд өртдөг вэ?
-Хамгийн өртөх магадлалтай үе бол 13-19, 35-40 нас. 13-19 насанд өсвөр насны шилжилтийн процесс явдаг учраас зан ааш тогтворгүй, хэт эмзэг, мэдрэмтгий байдаг нь сэтгэл гутралд өртөхөд нөлөөдөг. Харин 35-40 насанд сэтгэл гутралд өртвөл хамгийн хэцүү, хүнд байдаг. Яагаад гэвэл, манай улсын нийгэм, эдийн засгийн байдлаас болж эрчүүд өөрийн гэсэн амьдралаа зохиох, амжилт гаргах, карьер хөөх, тогтсон байр суурьтай байх зэрэг хүндрэлтэй. Энэ нь сэтгэл гутралд өртөх нэг шалтгаан болдог. Сэтгэл гутралаас болж амиа егүүтгэж байгаа эрчүүдийн дунд 35-40 насны эрчүүд олон байгаа юм. Гэхдээ сүүлийн үед эрчүүд сэтгэл гутралаа даван туулахдаа сэтгэл зүйчид хандах нь түгээмэл болсон.
-Эрчүүдийг сэтгэл гутралд орсон гэдгийг хэрхэн мэдэх вэ?
-Эрчүүд сэтгэл гутралын үед өөртөө болон гэр бүлдээ дараах хандлагыг гаргадаг.
Нэгд, архи дарс, муу зуршлын хэрэглээ нь хэвийн хэмжээнээсээ өндөр байх.
Хоёрт, хоол идэх. Их хоол идсэнээр жин нь нэмэгдэх эрсдэлтэй.
Гуравт, агуйдаа орох. Энэ процесс нь эрэгтэйчүүд дотогшоогоо асуудлаа тунгаан бодох, эргэцүүлэх зэргээр төвлөрдөг гэсэн үг. Удаан хугацаагаар гөлрөх, бодолд автах, ганцаараа байх, олон цагаар унтах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Энэхүү шинж тэмдэг хэвийн байдлаасаа ихээр хийж байвал тодорхой хэмжээний асуудал байна гэсэн үг. Эрчүүд бэрхшээлээ даван туулахад хэн нэгнээс тусламж авахыг хүсдэггүй, аль болох асуудлыг өөрөө шийдэхийг илүүд үздэг. Үүнийг нь агуйдаа орох гэж нэрлээд байгаа юм. Агуйдаа ороод аливаа зүйлд төвлөрөн, тунгаан байж гарц гаргалгааг эрэлхийлж байдаг. Энэ үед эрчүүдийг тодорхой хугацаанд тайван орхих, төвөг удахгүй байх хэрэгтэй. Ингэснээр эрчүүд асуудлаа дотроо шийдээд эргүүлээд хариу үйлдэл үзүүлдэг. Хэрвээ энэ асуудлаасаа шийдэж чадахгүй тохиолдолд бусдаас тусламж авахаас илүүтэй ямар нэгэн зан үйл хийж эхэлдэг. Жишээлбэл, гэнэт өөрийгөө хүчилж ажил хийх, гадуур олон хоногоор явах, асуудлаас зугтаах зэрэг нийтлэг үйлдэл анзаарагдаж байна. Эрчүүд дотроо байгаа энэ асуудлаа шийдэж чадахгүй бол тархинд нь ачаалал үүсдэг.
Тархи эерэг зүйлсийн талаар бодох тусам хүний мэдрэлийн эсийн холбоосууд хөндөгдөж, мэдээлэл дамжуулах процесс сайжирч, тархины идэвхжилд сайнаар нөлөөлдөг. Харин сөрөг зүйл бодох тусам тархины тодорхой цэгүүд л идэвхжиж хүрээгээ багасгаж байдаг. Өөрөөр хэлбэл, мэдрэлийн эсүүд бие бүрэлдэхүүнээрээ Ялангуяа хоол боловсруулах эрхтэн хямрах, доголдох, нойр булчирхай өвдөх, элэг өвдөх зэрэг дотор эрхтнүүд өвдөнө. Арьс эрүүл байдлаа алдаж, шим тэжээл, эрдэс бодис дутагдах зэргээр бие физиологид нөлөөлж байдаг. Тэгэхээр сэтгэл зүйн байдал эрэгтэй ч бай, эмэгтэй ч хүн эрүүл мэндийн гол үндсэн үзүүлэлтийн нэг болдог.
Эрчүүд өдрийн тэмдэглэл хөтөлбөл сэтгэл гутралаас сэргийлнэ
-Сэтгэл зүйгээ эрүүл байлгахад эрчүүд юун дээр анхаарвал зохистой вэ?
-Нэгд, эрүүл мэнддээ анхаардаг байх ёстой. Үүний тулд сэтгэл зүй дээрээ анхааран давхар хянах шаардлагатай. Цэвэр агаарт гарах, алхах, фитнессээр хичээллэх, хүч тэнхээгээ гаргах, гадагшлуулах байдлаар сэтгэл зүйгээ дэмжиж өгөх нь хэрэгтэй. Ингэснээр сэтгэл зүй сэргэж, өөрийнхөө хүч тэнхээ, чадамждаа найдах, өөртөө итгэх байдал нь сэргэж эхэлдэг.
Хоёрт, бусдад өөрийнхөө асуудлын талаар тодорхой хэмжээнд хуваалцдаг байх ёстой. Эрэгтэй хүн гэхээрээ асуудал бэрхшээлээ хэлдэггүй, дотогшоогоо нуудаг, далдалдаг, эр хүн гэхээрээ уйлж болдоггүй гэдэг үг байдаг. Энэ нь эр хүн ч гэсэн бие махбодоос бүрддэг болохоор ялгаагүй. Тодорхой хэмжээний эерэг, сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргах, илэрхийлэх, баярлаж, догдолж тайван байгаагаа илэрхийлэх нь чухал байдаг. Нөгөөтэйгүүр сөрөг сэтгэлийн хөдөлгөөнөө зөв зохистой илэрхийлэх бас чухал. Буруу байдлаар илэрхийлэх нь өөрийн сэтгэл зүйн байдалд хортойгоор нөлөөлж байдаг.
Гуравт, хэт дотогшоогоо эрчүүд өдрийн тэмдэглэл хөтлөх нь маш их нөлөөтэй. Эрэгтэй хүн сонсож, чихээрээ хүлээн авах нь илүү байна. Харин амаараа илэрхийлэх нь бага. Тийм учраас тэр илэрхийлэмжийг тэмдэглэл хөтлөх, ямар нэгэн зүйлийг бичиж тэмдэглэх, бодлоо цэгцлэх байдлаар гадагшлуулах нь эрэгтэй хүний сэтгэл зүй тогтвортой, аливаа асуудлаа тухайн үедээ шийдвэрлэж, гадагшлуулахад үр дүнтэй байдаг.
-Сэтгэл зүйч хүнийхээ хувьд сэтгэл гутралд өртсөн эрчүүдэд юу гэж зөвлөмөөр байна?
-Сэтгэл гутралд орсон хүн өөрт тулгамдаад байгаа асуудлаа ухамсарлаж ойлгодоггүй. Нэг ёсондоо өөрт тулгамдаад байгаа асуудлаа асуудал гэж үзэхээ болчихсон хүнийг хэлдэг. Хүн сэтгэл гутралд шууд л өртөхгүй, бага багаар бий өртдөг. Манай эрчүүд яадаг вэ гэхээр энэ ч яах вэ болно, энэ чинь нэг жижиг асуудал, тэгж байгаад болно доо гэх зэргээр ханддаг. Хувийн амьдрал дээрээ ч тэр ажил карьер, өөрийн биеэ авч явах байдал ч гэсэн ийм нөхцөл байдалд байх нь их байдаг. Аливаа бие хүн асуудалд энэ мэтээр тодорхойгүй яваад байхаар асуудал нь бага багаар хуримтлагдана. Эцэстээ шийдвэрлэгдээгүй асуудлууд хүний сэтгэл зүйд томоохон хэмжээний ачаалал үүсгэнэ. Ингэснээрээ нөгөө асуудлуудыг эргээд харахдаа хүн сэтгэл гутралд орчихсон байдаг. Тийм учраас эрчүүд өөрийнхөө сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх маш чухал. Өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг ойр дотны хүмүүстэйгээ хуваалцах, ярилцах гэдэг асуудал өдөр тутамд байх ёстой. Нөгөөтэйгүүр тодорхой хэмжээний асуудал байгаа бол жижиг ч гэлтгүй мэргэжлийн хүнд хандах нь маш чухал.
-Сэтгэл гутралтай хүн л сэтгэл зүйчид ханддаг гэсэн ойлголт түгээмэл шүү дээ. Энэ талаар та уншигчдадаа зөвлөгөө өгнө үү?
-Сэтгэл зүйн анхан шатны зөвлөмж аваад явах нь энэ нийгэмд байх ёстой соёл. Тийм учраас асуудлыг томроогүй, бага байгаа дээр нь сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Сэтгэл зүйчид хандана гэдэг заавал асуудалтай хүн биш, эрүүл хүн ч сэтгэл зүйчид хандэх нь нээлттэй шүү дээ. Таны хэлсэнчлэн сэтгэл зүйчдийг сэтгэл мэдрэлийн асуудал ч юм уу, өвчтэй хүнтэй л уулздаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Харин эрүүл хүн ч сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж аваад явах бүрэн боломжтой. Бие хүн аливаа зүйлд өөрийнхөө ертөнцийг үзэх үзэл, эго, оюуны чадамж зэрэг тэр зүйлээрээ хариу үйлдэл үзүүлдэг. Үүнээс аль нэг гэмтэх тохиолдолд сэтгэл зүйн асуудал давхар ороод ирдэг. Тийм учир энэ бүгдийг нэгэн зэрэг эрүүл авч явна гэдэг амаргүй асуудал. Тэгэхээр тодорхой нэг зүйлд доголдол үүсчихдэг. Доголдол үүсээгүй хүн гэж ховор. Тэгэхээр сэтгэл зүйчид хандана гэдэг хөндлөнгийн хүний нүдээр өөрийгөө олж харж, тусламж авахыг хэлж буй юм.