УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнгөрсөн онд эрчим хүчний дутагдлыг хэрхэн нөхсөн, ирээдүйд үүсэх эрчим хүчний дутагдлыг хэрхэн нөхөх талаар ЭХЯ-аас тодруулав.
Энэ талаар ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий "Цахилгаан, эрчим хүчний эх үүсвэрийн нөөцийг нэмэгдүүлэхэд Амгалан ДЦС-ыг 100 МВт-аар өргөтгөх ажил эхэлсэн. Амгалан ДЦС нь 100 МВт-ын гурван зуухтай, хотын зүүн хэсгийг авч явдаг станц юм. Мөн Гуравдугаар ДЦС-ын дэд бүтцийг ашиглан суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-ын шинэ станцаар өргөтгөх ажлыг ОХУ-ын техникийн зээлээр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ОХУ-тай хэлцэл хийж ажиллаж байна. Орон нутгийн дулаан хангамжийн хувьд төвлөрсөн дулаан хангамжийн станцгүй арван аймагт шинэ ДЦС барихаар ажиллаж байна. Одоогийн байдлаар есөн аймагт барилга угсралтын ажил эхэлсэн. Өнгөрсөн онд суурийн ажлыг хийсэн. Энэ онд үндсэн тоног төхөөрөмжийг татна. Одоогийн байдлаар 50 МВт-ын Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөл, Бөөрөлжүүтийн цахилгаан станцийн барилга угсралт эхэлсэн" гэв.
ДЦС-ыг Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд барьж байгаа аж. Орчин үеийн 10 дулааны станц, 88 дулаан дамжуулах төв, 70 гаруй км дулаан дамжуулах шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн систем байгуулах ажил юм байна.