Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа. Тодруулбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хоригийг хүлээн авахыг дэмжжээ.Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны саналыг хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана. Хэрвээ нэгдсэн чуулгаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хууль бүхэлдээ хүчингүй болох юм. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хуулийг хэлэлцэхдээ иргэд олон нийтийн санаа бодлыг тусгаагүй, хэлэлцүүлээгүй, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаагүй гэдгээр хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа. Түүнээс олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийн тухай хууль заавал байх ёстой. Энэ хууль батлагдсантай холбоотойгоор тойргийнхоо иргэдтэй уулзахад энэ хуулийг эсэргүүцэж байгаа иргэд байхгүй байналээ. Заавал байх ёстой хууль. Цахим гэмт хэргийн хохирогч болж байгаа олон тохиолдол болж байна. Тиймээс Цахим хөгжлийн яам хуулийг хэлэлцэх процессын алдаа гаргалгүйгээр олон нийтийн үгийг сонсож, хэлэлцүүлээд дахин оруулж ирнэ гэж бодож байна.