Банк, санхүү | 3 мин уншина

Дампуурах эрсдэлтэй хоёр банкийг гаднын хөрөнгө оруулагчид аврах уу

Дампуурах эрсдэлтэй хоёр банкийг гаднын хөрөнгө оруулагчид аврах уу
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 16
Монголбанкнаас Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлтэй байгааг 2020 оны наймдугаар сард зарласан. Уг хоёр банк дампуурлаа албан ёсоор зарлаагүй ч хүндхэн нөхцөл байдалд гурван жил орчим явж байна. Хамгийн гол нь татвар төлөгчдийн мөнгө энэ хоёр банкинд бий.
Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Тавантолгой түлш ХХК, Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм Ассет менежмент ҮЦК ХХК, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байгаа юм. Аудитын дүгнэлтээр татвар төлөгчдийн 140 тэрбум төгрөг тус хоёр банкинд эрсдэлтэй байгааг мэдээлж байлаа. Банкны салбар нь үйлчлүүлэгчийн итгэл дээр тогтдог. Хүндхэн нөхцөлд байгаа мэдээллүүд гарсны дараагаас хадгаламж эзэмшигчид тус хоёр банкнаас хадгаламжаа татах, үйлчлүүлэгчид үйлчлүүлэхээс татгалзаж эхэлсэн нь улам дарамт болж байв.
Тэгвэл уг хоёр банкинд гаднынхан хөрөнгө оруулалт татаж, аварч магадгүй байна. Тухайлбал, Чингис хаан банкинд Өвөр Монголын хөрөнгө оруулагч, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд гаднын өөр улсаас хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулах саналтай Монголбанкинд ханджээ.
undefined
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодруулахад "Чингис хаан банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Бүх банкны дүрмийн сангийн доод хэмжээ 100 тэрбум ёстой. Харин Чингис хаан банкны дүрмийн сан 50 тэрбум байгаа юм. Тиймээс шинэ хөрөнгө оруулагч орж ирэх шаардлагатай. Чингис хаан банкинд хөрөнгө оруулъя гэж Өвөр Монгол хөрөнгө оруулагч нэг удаа Монголбанкин дээр ирж уулзсан. Ерөнхийдөө сонирхож байгаагаа илэрхийлж, хөрөнгө нь БНХАУ-аас орж ирнэ гэж хэлсэн. Гадагшаа хөрөнгө оруулахаар бол БНХАУ-ын Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авдаг учир олон шат дамжлагатай. Тиймээс дэмжээч гэсэн хүсэлт гаргасан. Монголбанк БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдтай нь уулзаж, хөрөнгө оруулбал дэмжиж өгөөрэй гэсэн хүсэлтийг уламжилсан. Ийм процесс болсон. Яг эцсийн байдлаар хөрөнгө мөнгө нь орж ирээд, банкаа худалдаад, шинэ хөрөнгө оруулагчтайгаа гэрээгээ хийсэн зүйл байхгүй.
Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дээр гаднын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулъя гэж хүсэлтээ тавьсан. Харилцагчийн мэдээлэл гэдэг утгаараа аль улсаас хөрөнгө оруулах хүсэлтэй байгааг хэлэх боломжгүй, нууц юм. Монголбанк банкны тухай хуулийн шалгуурыг хангаж байна уу, мөнгөний эх үүсвэр нь цэвэр үү гэдгийг шалгаад явж байна" гэв.
Ийнхүү тус хоёр банкинд гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах хүсэлт тавьсан нь аврагдах, дампуурахгүй байх боломж юм. Нөгөө талдаа банкинд оруулах хөрөнгийн эх үүсвэр цэвэр байх учиртай. Тиймээс уг хүсэлтүүдийг Монголбанк сайтар шалгаж байгаа гэх агуулгыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч илэрхийлэв.
Чингис хаан болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь системийн нөлөө бүхий банк биш. Гэхдээ дампуурвал иргэдийн хадгаламж, төрийн мөнгийг гаргаж авах процесс удааширна, сунжирна. Тиймээс дампууруулахгүй, хөрөнгө оруулагч татах нь аль аль талдаа хэрэгтэй юм.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн