Open iToim app
Мега төсөл | 9 мин уншина

Сурвалжлага: Зогсох эрхгүй гүний уурхай ба 100 жилийн дараах ирээдүйд санаа зовохын учир

Сурвалжлага: Зогсох эрхгүй гүний уурхай ба 100 жилийн дараах ирээдүйд санаа зовохын учир
ТОВЧ АГУУЛГА
Улбар шар хувцастай хүмүүс нэгэнтэйгээ “За, баярын мэнд” хэмээн гар барин огшиж буй энэ газар бол Оюу толгой төслийн кэмп. Нэгэндээ баяр хүргэж буй учир нь, эл өдөр /2023 оны гуравдугаар сарын 13/ Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэлж байна. Энэхүү үйл явдлыг сүржин тэмдэглэсэн нь гүний уурхайн үйл ажиллагаа тасралтгүй, тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдсэнтэй холбоотой. Ингэснээр Оюу толгой төслийн өгөөж нэмэгдэж, түүнийг даган манай улсын эдийн засаг өсөх чухал ач холбогдолтой аж. Энэхүү үйл явдлыг сурвалжлах, архивлан үлдээх боломж “iToim”-чууд бидэнд олдсон юм. Хүлээн авна уу.
Далд уурхайн олборлолт хийгээд газрын гадаргаас 1300 метрийн гүнд байгуулсан бүтээн байгуулалтын талаар товчхон...
Сурвалжлагынхаа эхэнд яагаад газрын гүнд тийм том бүтээн байгуулалт хийх болсон шалтгаан, далд уурхайн олборлолт гэж юу юм бэ гэдгийг товчхон тайлбарлах нь зөв байх.
Ил уурхайн олборлолт
Ил уурхайн олборлолт
Хүдрийг олборлоход ил болон далд уурхайн аргыг ашигладаг. Ил уурхайн олборлолт гэдэг нь газрын гадаргыг доош харсан конус хэлбэрээр ухаж олборлохыг хэлнэ. Конусын ам өргөсөх тусам гүн ухаж, олборлож байна аа гэсэн үг. Оюу толгойн Оюут ордоос хүдэр олборлож эхэлсэн цагаас хойш энэ аргыг ашиглаж байна. Харин далд уурхайн олборлолт гэдэг нь газрын гүнд байгаа баялгийнхаа доор нь оччихоод олборлохыг хэлнэ гэхэд буруудахгүй болов уу. Монголчууд олборлолт хийхийн тулд газрын гадаргаас 1300 метр гүнд бүтээн байгуулалтаа хийсэн бол олборлох гээд байгаа хүдэр нь газрын гадаргаас доош 200-1500 метрийн гүнд оршиж байгаа аж. Тодруулбал, хүдрийг тэсэлж доош унагаад түүнийгээ зөөвөрлөн газрын гадаргад, баяжмалын үйлдвэрт хүргэхийг л далд уурхайн олборлолт гээд байгаа юм.
undefined
Хүдэр газрын гадаргатай ойр байвал ил уурхайн аргыг, хол байвал далд уурхайн аргыг ашигладаг. Учир нь, газрын гадаргаас хол байгаа хүдрийг ил уурхайн аргаар олборловол зардал ихтэй, баялгаасаа авах ашиг бага болно. Тиймээс олборлолт хийхдээ арай бага зардал гаргаж, ашиг ахиу олохын тулд далд уурхайн аргыг ашигладаг нэг талтай. Гүний уурхайн бүтээн байгуулалт хийж, түүнд өндөр ач холбогдол өгч буй учир ердөө л энэ. Хамгийн гол нь зардал багатай, ашиг ихтэй байх. Оюу толгойн нийт баялгийн 80 хувийг агуулж буй газрын гүнд Хэрүга, Хюго даммет өмнөд, Хюго даммет хойд гэсэн гурван бүлэг орд бий. Эдгээрээс өчигдөр Хюго даммет хойд ордоос гүнийн уурхайн олборлолтыг эхлүүллээ.
Хүдрийг гүнээс баяжуулах үйлдвэрт хүргэх зам
Далд уурхайн олборлолт хийх янз бүрийн технологи байдаг бөгөөд Оюу толгойн далд уурхай нь блоклон олборлох технологийг ашиглана. Энэхүү горим хэрхэн ажилладгийг энгийнээр тайлбарлая.
Хүдэр байршиж буй хэсгийн хамгийн тохиромжит цэг рүү хөндлөн малтаж тэсэлнэ. Бүтээн байгуулалтыг хийхдээ 1.3 км гүнд 200 км гаруй хөндий гаргаж, ажиллах хэсэгтээ инженерчлэлийн шийдлээр бэхэлгээ хийсэн учир тэсэлсэн хүдэр доош унахдаа зөвхөн хүдрийн буулгуураар цухуйж гарч ирнэ. Одоогийн байдлаар 21 хүдрийн буулгуур байгуулаад байна.
Буулгуурт буусан хүдэр
Буулгуурт буусан хүдэр
Цухуйсан буюу ил гарч ирсэн хүдрийг хутгуурт ачигчаар хутгаж аваад тээврийн түвшинд хүргэхэд хүдэр буулгагч автомат машинаар буулгаж авна. Ингээд машинаар 300 тоннын хүчин чадалтай анхдагч бутлуурт хүргэнэ. Машинаас бутлуур руу асгахад хүдрийг атгасан гарны хэмжээтэй болтол нь бутална.
Анхдагч бутлуур
Анхдагч бутлуур
Үүний дараа конвейераар дамжуулж, босоо амд хүргэнэ. Босоо амаар баяжуулах үйлдвэрийн агуулахад ирж баяжмал болох юм.
Баяжуулах үйлдвэрт боловсруулах хүдрийн хэмжээ нэмэгдэхгүй, гэхдээ...
Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн агуулах нь 600 мянган тоннын хүчин чадалтай. Далд уурхайгаас олборлосон хүдэр энэ агуулахад ирж, баяжуулах үйлдвэрт боловсруулагдан баяжмал болно. Олборлолт ийнхүү нэмэгдэх ч баяжуулах үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэхгүй юм байна.
undefined
Энэ талаар Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Бат-Орших “Гүний уурхайгаас олборлолт хийж эхэлсэн ч жилд боловсруулах хүдрийн хэмжээ нэмэгдэхгүй. Одоо өдөрт дунджаар 100 мянган тонн хүдэр боловсруулдаг. Харин бидний үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн буюу баяжмалын хэмжээ нэмэгдэнэ. Учир нь, гүний уурхайгаас олборлосон хүдрийн агууламж нь ил уурхайгаас олборлосон хүдрийн агууламжаас гурав дахин их” гэсэн юм. Ил уурхайгаас хүдэр олборлоход нэг тонн хүдэрт дунджаар 0.4 хувьд нь зэс агуулагддаг байна. Харин далд уурхайгаас олборлоход энэ агууламж дунджаар гурав дахин их байх аж.
Мэргэжилтэн Д.Бат-Оршихын ярьсныг Оюу толгой компанийн 2022 оны тайланд жишээлэн тайлбарлая. Оюу толгой компани 2022 онд 40 орчим сая тонн хүдэр боловсруулав. Энэ тоо ирэх онуудад тийм ч их өөрчлөгдөхгүй гэсэн үг. 2022 онд 40 сая боловсруулсан хүдрээсээ 615 тонн зэсийн баяжмал буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Харин энэ үзүүлэлт ирэх онуудад өснө. Өөрөөр хэлбэл, хийх ажил хэвэндээ ч үр ашиг нь их байна.
Газрын гүнд ажиллах зориг
undefined
Таны зогсож буй газраас дээш 1.3 км үргэлжлэх шороо байна гээд төсөөлөөд үзээрэй. Хэзээ мөдгүй нураад дарагдчих юм шиг мэдрэмж төрөх болов уу. Яг энэ төсөөлөл дунд 900 орчим хүн өдөрт 12 цаг ажилладаг. Тэдэнд айдасгүй ажиллах зоригийг уурхайн стандартын шаардлага хангасан байдал өгдөг байна. Гүний уурхай руу орж буй ажилтан бүрд 2.5 кг жинтэй амь хамгаалагч буюу битүү орчинд амьсгалах төхөөрөмж өгнө. Мөн малгай, бээлий, хувцас, нүдний шил, амны маск өгнө. Малгайд нь чийдэн, байршил тогтоогч, угаарын хий мэдрэгч, чихний бөглөөс суурилуулсан байдаг аж.
Гүний уурхайн салшгүй нэг хэсэг бол “Чандмань” захиргаа, үйлчилгээний төв юм. Гүний уурхайн тархи нь гэж хэлж болохуйц энэ газар бүхэлд нь хянаж, ямар нэг осол гарахад хүмүүст мэдээлдэг байна. Тухайлбал, уурхайд чичирхийлэл мэдэгдэхэд тэр чичирхийлэл газар хөдлөлтөөс үүссэн үү, хүдрийн нуралтаас үүссэн үү гэдгийг мэдэж болно.
undefined
Энэ талаар мэргэжилтэн Л.Цэрэн-Очир “Гүний уурхайд гарч болох хамгийн том эрсдэл нь гал гарах. Уурхайд гал гарахад шатаж үхдэггүй, утаанд нь хордож үхдэг гэнэ. Гал гарсан тохиолдолд Чандмань төвөөс уурхайчдын хувийн радио станц руу гал гарлаа, онцгой байдал зарлалаа гэдэг мэдээллийг өгнө. Ингэснээр уурхайчин хамгийн ойрын хоргодох байр руу очно. Станцаар мэдээлэхээс гадна үмхий хийг тавьдаг. Уурхайчин түүнийг үнэрлээд онцгой байдал зарласан гэдгийг мэдэж, өөрийгөө хамгаална” гэсэн юм.
undefined
Мөн Гүний уурхайн аюулгүй ажиллагааны зөвлөх Р.Гансүх “Онцгой байдлын удирдлагын баг гээд осол болох үед бүрддэг багийн гишүүд бий. Тэд байнга сургагдаж, бэлтгэгдэж байдаг. Энэ хүмүүс осол гарсан үед шөнө орой хамаагүй цуглаад уурхайд гарсан осол хэр ноцтой вэ гэдгээс шалтгаалан дараагийн аврах, сэргийлэх арга хэмжээг авдаг. Хүмүүс 1.3 км дор ажилладаг гээд хэлэхээр айх тохиолдол бий. Хамгийн гол нь аюулгүй байдлыг хангасан учир ямар ч асуудал байхгүй. Гүний уурхайн тасралтгүй олборлолт эхлэхээс өмнө энд олон залуус ажилласан. Ажлаа хийх явцдаа огт гэмтэл, бэртэл гардаггүй гэж худал хэлэхгүй. Бид гал тогоондоо байхдаа хүртэл гараа зүсэх ч юм уу байдлаар гэмтдэг шүү дээ. Үүнтэй л адил. Гэхдээ аюулгүй ажиллагааны журмаа дагавал ямар ч асуудалгүй” гэлээ.
Таамаг: Гүний уурхайн олборлолт хийсэн хэсгийн газрын гадаргад суулт үүсэж болзошгүй
Уул уурхайн ямар нэг бүтээгдэхүүн олборлоход газрын хэвлийг хөндөхгүй гэсэн ойлголт байхгүй. Монголчууд бид газар, газрын хэвлийдээ хайртай улс. Тэр ч утгаараа гүний уурхайн олборлолт хийсэн хэсгийн газрын гадарга яах бол гэдэгт санаа зовж холбогдох хүмүүсээс тодруулав. Оюу толгойн байгаль орчны хэлтсээс ингэж тайлбарлалаа. “Олборлолт хийсэн хэсэгт суулт үүснэ. Тэр хэсгийн хөрс, ургаж буй ургамал, усны голдирол өөрчлөгдөнө. Бид байгаль орчны талаасаа тухайн газрын ургамал болон хөрсний судалгааг хийж байна. Ингэснээр нөхөн сэргээх үү, үгүй юү, нөхөн сэргээх боломжгүй нөхцөлд түүнтэй дүйцэхүйц газарт нөхөн сэргээлт хийх үү гэдгээ шийднэ гэсэн үг” гэв.
undefined
Харин Гүний уурхайн геологи, геотехникийн ахлах инженер П.Өнөболд дараах байдлаар тайлбарлав. Тэрээр “Бид 1.3 км чулуулгийн доогуур нэвтрээд байгаа шүү дээ. Олборлолтын түвшингээс дээш 1300 метрийн чулуулаг байна гэж үзвэл, хүдрийн биет нь 1300 метрийн гүнээс дээш 750 орчим метрийн зузаан байгаа гэж тооцож буй юм. Түүнээс дээшээ газрын гадарга хүртэл зэс, алтны агууламжгүй чулуулаг байна. Төсөөлөөд бодоход, бид нэвтэрсэн хэсгээсээ дээш 750 орчим метрийн хүдрийг ойролцоогоор 100 жилийн хугацаанд олборлох гэж байна. Доороос нь хөндийлөөд эхлэхээр дээр байгаа чулуулаг нь тэр чигээрээ тогтохгүй нь тодорхой. Уурхайн олборлолт 100 жил үргэлжиллээ гэхэд газрын гадаргад тодорхой хэмжээний суулт үүснэ. Гэхдээ тэдэн жилийн хугацаанд, тэдэн миллиметрээр сууна гэж хэлэхэд эрт юм” гэлээ.
Гүний уурхай нь Оюу толгойн нийт эрчим хүчний тавны нэгийг ашигладаг
Оюу толгой төслийн нийт цахилгааны хэрэглээ нь 170 МВт. БНХАУ-аас эрчим хүчээ 100 хувь импортолдог. Тэр хэмжээгээр валют гадагш урсдаг гэсэн үг. Эрчим хүчний хэрэглээний 80 орчим МВт-ыг баяжуулах үйлдвэр, 35 орчим МВт-ыг гүний уурхай ашиглаж байна. Тооцвол, нийт эрчим хүчний тавны нэгийг гүний уурхай ашигладаг аж. Ирээдүйд гүний уурхайн эрчим хүчний хэрэглээ 50 МВт хүрэх төлөвлөгөөтэй гэнэ.
undefined
“Оюу толгой” ордыг ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангана гэж заасан. Гэвч энэ заалт одоо хүртэл хэрэгжээгүй. Энэ үүргийг одоогийн байдлаар Засгийн газар хүлээж байгаа. Тэд 450 МВт-ын Тавантолгой ДЦС-ыг барьж, Оюу толгойг бүрэн цахилгаанаар хангана гэж амласан ч ажил урагшлахгүй байна. Гүний уурхайн олборлолт эхэлж, цахилгааны хэрэглээ тодорхой хэмжээнд өсөх учир бид өөрсдийн эх үүсвэрийг барих ёстой. Гүний уурхайн нээлтэд Засгийн газрыг төлөөлж олон сайд ирсэн ч Эрчим хүчний сайд ирсэнгүй. Төслийг эхлүүлэх тендерийг гурав дахь удаагаа явуулах гэж буй юм. Энэ талаар Засгийн газрын холбогдох эх сурвалжаас тодруулахад БНХАУ-аас хөрөнгө оруулагчийг урина гэсэн юм.
Тэрээр “Ерөнхий сайд дөрөв юм уу, тавдугаар сард БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна. Ингэхдээ гурван цахилгаан станцын ажлыг хөдөлгөх талаар ярилцах юм. Үүнд, Эрдэнэбүрэнгийн УЦС, Багануурын ДЦС, Тавантолгой ДЦС багтаж байна. Дэд бүтцээ бодсон ч, өмнөх туршлагуудаа бодсон ч Засгийн газар Тавантолгойн ДЦС-ыг барихдаа БНХАУ-тай хамтрах сонирхол өндөр байгаа юм” гэлээ.
Зогсох эрхгүй уурхай
Нэгэнт эхэлсэн далд уурхайн олборлолт зогсох, буцах зам байхгүй. Хүдрийн биетийг хөндлөн малтаж тэсэлгээ хийсэн учир физикийн хуулиараа хүдэр доош нураад эхэлчихсэн. Энэ нурж буй процесс буюу физикийн хуулийг буцаах арга байхгүй гэсэн үг. Нурж буй хүдэр буулгуураар гарч ирж байгааг дээр тайлбарласан. Буулгуураар гарч ирж буй хүдрийг авахгүй байгаад байвал уурхай бөглөрнө. Тэр бөглөөг гаргах ажил нь шинэ уурхай байгуулахтай адил ТЭЗҮ, зардалтай. Тиймээс тасралтгүй олборлох ёстой гэж Оюу толгойнхон тайлбарлалаа. Далд уурхайн олборлолтыг эхлүүлэхийн тулд 10 орчим жилийн турш ажиллаж, 15 тэрбум ам.доллар зарцуулжээ. Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн энэ бүхэн дөнгөж эхлэл гэдгийг Оюу толгойнхон тайлбарлаж байна. Далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах хугацааг 2030 он гэж харж буй. 2030 оноос өдөрт 95 мянган тонн хүдэр олборлох боломжтой болно. Биднийг дараах ажлууд хүлээж байна.
2023 онд,
-Агааржуулалтын III, IV амын ажлыг дуусгаж бэлэн болгоно.
-Налуу амны нэвтрэлт дууссан. Харин конвейерын системийн угсралт, суурилуулалт, туршилт хийнэ.
-Баяжуулах үйлдвэр дээр гүний уурхайгаас олборлосон хүдэрт зориулсан шугамын тохируулга хийнэ. Холбогдох тоног төхөөрөмжийг шинээр суурилуулна.
Цаашид,
-Хүдэр буулгуурын тоог нэмж, 400 хүргэнэ. Одоо 21 байгаа юм.
-Анхдагч бутлуурыг нэмж барина.
-Хюго даммет нь ашиглалтын гурван хэсэгтэй. Одоо панель-0 хэсгээс олборлож байна. Цаашид панель-1, панель-2 хэсгийг ашиглалтад оруулна. Ингэснээр гүнийн уурхайн олборлолт оргилдоо хүрнэ. Панель-1, 2 хэсгийн судалгааны ажлыг 2023 онд дуусгана.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн