Open iToim app
Нийтлэл | 5 мин уншина

П.Цэнгүүн: Би шунахай үнэн, гэхдээ хэнийг ч хохироож, луйвардаагүй

П.Цэнгүүн: Би шунахай үнэн, гэхдээ хэнийг ч хохироож, луйвардаагүй
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 10
Алтан тариа ХХК-ийн захирал П.Цэнгүүн олон нийтэд нээлттэй цуврал лекц уншиж байгаа билээ. Тэрээр өчигдөр хоёр дахь лекцээ “Хэрэглэгч үү, Өрсөлдөөн үү” сэвдээр уншсан юм. Түүний лекцээс зарим агуулгыг тоймлон хүргэж байна. 
Бизнесмэнүүд Ерөнхий сайдаас илүү алсын хараатай...
-Энтрепренер, бизнесмэнүүд л алсын хараа сайтай байдаг. Үргэлж шинийг эрэлхийлж, эрсдэлээ байнга тооцож, хэдэн жилийн цаадахыг харж чаддаг. Манай Ерөнхий сайд Алсын хараа гэсэн ном гаргасан байсан. Гэхдээ бизнесмэнүүд илүү алсын хараатай. Үнэ өсөх, зах зээл хаашаа явахыг тэд урьдчилж харж чаддаг. Учир нь, нөөц баялгийг хамгийн зөв ашиглаж хөдөлмөрийн хуваарьт оруулдаг. Үүнийг төр хийж чадахгүй. Хэрвээ төр нөөц баялгаа хуваарилж, ашиглана гэвэл бид социализм руу буцна.
Энтрепренерүүд бизнес эхлүүлэхдээ хамгийн их хохирно, эрсдэл үүрнэ гэдгээ мэддэг. Мэдээж ашигтай ажиллавал хожно. Муу ажиллавал алдагдалд орно. Тиймээс ямар ч бизнесмэн хүн ашгийг максимум түвшинд барих хэрэгтэй. Ашиг хийж байж л цаашдын хуримтлал үүснэ. Ашиг олж үйлдвэр тэлнэ, дараагийн шинэ бүтээгдэхүүн гарна, өөр салбарт хөрөнгө оруулалт хийнэ, нийгэмд тустай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болно.
Өнөөдөр инфляц үүсгэж байгаа гол хөшүүрэг нь хэвлэсэн мөнгө, Засгийн газрын өр, зээл. Бизнесмэнүүд зээл авч үйлдвэр бариад бүтээгдэхүүн нийлүүлэх нь инфляц бий болгоод байна. Харин зээл авахгүй, ашиг хийгээд хуримтлалтай болж, тэр хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр босговол энэ нь инфляцыг нэг ч төгрөгөөр өсгөхгүй. Энэ хоёрт том ялгаа бий шүү. Хуримтлал бол бүх юмны суурь. Хуримтлуулсан, олсон ашгаасаа хөрөнгө оруулалт хийх нь нийгэмд хамгийн тустай, үр ашигтай зүйл. Тиймээс ашиг бол шүтэж байх ёстой зүйл.
Төрийн монополийн хохирогчид нь иргэд 
-Бизнесийн байгууллагууд хэрэглэгчийнхээ төлөө өрсөлдөнө. Ажилчид ажлын байрныхаа төлөө, ажил  олгогчид ажилтныхаа төлөө, худалдан авагч бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөө байнга өрсөлдөнө. Зах зээл, солилцоо байна аа л гэж үзвэл өрсөлдөөн байна. 
Өрсөлдөөний гурван хэлбэр байна. Нэг нь төрийн монополь, нөгөө нь төрөөс тусламж авдаг өрсөлдөөн, өөр нэг нь монополийн эсрэг хуулиар өрсөлдөөнийг хязгаарласан хэлбэртэй байна. Бид 70 жил төрийн монопольд амьдарсан учраас бүгд ойлгож байгаа байх. Бүгд ядуураад зах зээл рүү шилжсэн. Монополь гэдэг зүйлийг нийгэм муухай гээд ойлгоцон. Гэтэл тийм биш. Бизнесмэн бүхэн монополь байхын төлөө тэмүүлдэг. Чадах уу, чадахгүй юу гэдэгт л учир бий. Чадах боломжийг ганцхан субъект гаргаж өгдөг. Тэр нь төр. Төргүй монополь хэзээ ч бий болохгүй. Тиймээс нэг номерт төр л монополийг бий болгодог. Өнөөдөр Монголд дэд бүтэц, ус цахилгаан, нойл, дулааны салбар чинь тэр чигтээ төрийн монополь байна. Эдгээр салбарын хөгжил хөрөнгө оруулалт нь ямар байгааг бүгд мэднэ. 
Өрсөлдөөний хамгийн шударга хувилбар бол чөлөөт зах зээл 
-Төрийн монополь байсан цагт хувийнхан ч, гадныхан ч хөрөнгө оруулалт хийхгүй. Шинэчлэлт, шинэ бүтээгдэхүүн байхгүй, эцэст нь хэрэглэгчид, иргэд л хохирно. Элдэв янзын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, квот, онцгой дархан эрх чинь бүгд төрийн монополь. Эдгээр чинь арилжаа наймаа, өрсөлдөөнийг хязгаарлах зорилготой, өөр юу ч байхгүй.
Төрөөс тусламж авдаг монополь гэдэг нь дампуураад ирэхээрээ айгаад төрөөс тусламж авдаг. Энэ харин манайд харьцангуй бага байх.
Гурав дахь нь монополийн эсрэг хуулиуд бий. Дэлхийн дахинд янз бүрийн хуулиуд бий. Томорвол задална, хэт өндөр байвал шийтгэнэ, хэт доогуур байвал бас шийтгэнэ гэх мэт. 
Шударга өрсөлдөөний тухай хууль бол цэвэр төрийн интервенцийн нэг хэлбэр юм. Энэ хууль бол өрсөлдөөнийг хязгаарлах, худалдаа арилжаа наймааг боймлох л зорилготой. Чөлөөт зах зээл дээр монополь үүсэхгүй, тэгэх ямар ч нөхцөл байхгүй. Тиймээс чөлөөт зах зээл бол өрсөлдөөний хамгийн цэвэр, хамгийн шударга, хамгийн зөв хувилбар юм. Чөлөөт зах зээл дээр капиталууд нийлээд үгсэн хуйвалдсан цаашаа явах бололцоогүй. Харин төр орвол капитал үүснэ.
undefined
Тэгш бус байдлыг арилгана лоозон болтол ярьсан ч ядуурал 40 хувьд хүрлээ 
-Хөрөнгөтнүүдийг үзэн ядаж, тэгш бус байдлыг хална гэж улиг болтол ярьсан. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 40 хувь буюу 1.2 сая хүн ядуу амьдарч байна. Тэгш бус байдлаа ярьсаар байгаад ийм байдал руу орчихлоо. Ярьж байгаа юмныхаа эсрэг юмыг байнга хийгээд байна. Төв банк нь өөрөө мөнгө хэвлэж тарааж инфляцаа өсгөчихөөд өөрсдөө буруугүй, өрөөлийг буруутай болгох гэж оролддог. Өөрөөр хэлбэл, нийгмийг хуурдаг. Тэгш бусын кейс яг үүнтэй ижил юм. 
 Ёс суртахууныг юугаар хэмжих вэ
-Намайг "Шударга бус"-аас ёс зүйтэй бай гээд торгосон. Тэгвэл ёс зүйг юугаар хэмжээд байгаа юм бэ. Би бизнесмэний хувьд ашгийн төлөө ажилладаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлээд мөнгөө авлаа, ашгаа хийлээ. Би бол шунахай, үнэн. Миний хажууд банк дээрэмдсэн дээрэмчин байна. Надтай адил хувийн ашиг сонирхолтой. Тэр хүн банк дээрэмдээд надтай яг адил мөнгө олчихлоо. Мөнгө хийсэн үү, хийсэн. Гэхдээ энэ хүн тэр мөнгөнд хүрэхдээ бусдыг хохироосон, золиосолсон, бусдын юманд гар хүрсэн. Эндээс л ёс зүй, ёс суртахуун гарч ирнэ. Би хэнийг ч хохироогоогүй ашиг хийсэн. Харин тэр хүн банкинд хадгалсан хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хулгайлсан. Үүнийг л ёс зүйгүй бизнес гэнэ, өөр юугаар ч ёс зүйг ялгахгүй. Өөрийгөө болон хэрэглэгчдэд хохирол учруулахгүй бол тэр л хамгийн ёс зүйтэй бизнес юм. 
Би хэзээ ч өөрийгөө үндэсний үйлдвэрлэгч гэж хэлэхгүй 
-Үндэсний үйлдвэрлэл гэдэг чинь хууран мэхлэлт ш дээ. Үндэсний үйлдвэрлэл гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Бүтээгдэхүүн, үйлчилгээндээ юуг оруулаад үндэсний үйлдвэрлэл гээд байгаа юм. Тариа байна уу, юу ч байсан тэнд энэ дэлхий дээрх арилжаа наймааны холбоос орсон л байж таараа. Орохгүй байна гэсэн ойлголт байхгүй. Үндэсний үйлдвэрлэл гээд яриад байвал та нар Хойд Солонгос шиг болно. Юугаа ч үйлдвэрлэж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Би лав өөрийгөө хэзээ ч үндэсний үйлдвэрлэгч гэж хэлэхгүй. 
Хэрэглэгч хаан гэдэг сэтгэхгүйгээ өөрчил
-Монголчууд хэрэглэгч хаан гэдэг сэтгэхүйгээ өөрчлөх цаг болсон. Учир нь, хэрэглэгч хаан гэдэг зүйл байхгүй. Хэрвээ хэрэглэгч хаан байсан бол айпон гар утас гарч ирэхгүй. Тэр ухаалаг утсыг чинь үйлдвэрлэгч Apple, Стиб Жобс бүтээж гаргаж ирчихээд хэрэглэгчид өгч байгаа ш дээ.
/Лекцийг бүтнээр нь доорх бичлэгээс үзнэ үү/
Түүний гурав дахь лекц гуравдугаар сарын 17-нд болох бөгөөд “Бизнест яагаад философи хэрэгтэй вэ” сэвдээр тавих юм байна.
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн