Монголчуудын дунд нүдний болор цайх эмгэг зонхилон тохиолдох болжээ. Нүдний өвчлөлийн талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Нүд судлалын тасгийн их эмч Ч.Гантуяатай ярилцлаа.
-Монголчуудын дунд нүдний ямар өвчлөл зонхилж байна вэ?
-Нүдний эмгэгүүд дундаа нүдний ханиад буюу салст үрэвсэл, нүдний даралт, нүдний болор цайх эмгэгүүд зонхилон тохиолдож байна. Эдгээрээс хамгийн элбэг тохиолдож байгаа өвчлөл нь нүдний болор цайх эмгэг. Нүдний болор нь хүүхэн харааны ар хэсэгт байрладаг, гүдгэр гадаргуутай тунгалаг орчныг бүрдүүлдэг бөгөөд хүний хол, ойр харах явцыг хангадаг. Харин болор цайх үед болорын найрлагад өөрчлөлт орж болор тунгалаг чанараа алдаж, бүдэгшин, хараа фокусгүй болж, сарнисан байдлаар харах, гэрлээс гялбах зовуурь илэрдэг. Энэ байдлаас улбаалан болор хатуурч эхэлнэ гэсэн үг. Мөн болор цайх эмгэг хүндэрсэн тохиолдолд хараагаа бүрэн алдах эрсдэлтэй тул байнга анхаарах шаардлагатай. Нөгөөтэйгүүр эрт илрүүлж, оношилбол мэс заслын аргаар эргээд сэргээх боломжтой байдаг.
-Болор цайх эмгэг нь ямар шалтгаанаас болж үүсдэг вэ. Хэдээс хэдэн насны хүмүүст ихэвчлэн илэрдэг вэ?
-Болор цайх эмгэг олон шалтгаантай. Гол шалтгаан нь насжилт. Бусад шалтгаанд нь гэмтэл, төрөлхийн болон олдмол, мөн удаан хугацаагаар дааврын гаралтай бүтээгдэхүүн, эм хэрэглэх зэрэг шалтгаанаас үсч болно. Мөн сахартай хүн, чихрийн шижинтэй хүмүүс болор цайх эмгэгт өртөх нь элбэг байдаг. Нас ахын хэрээр нүдний болор тунгалаг шинж чанараа алдаж, бодисын солилцооны эрчмийг алдагдуулдаг. Зарим хүн 50 наснаас эхлэн нүдний болор цайх эмгэгээр оношлогддог бол зарим нь 60, 70 гээд янз бүр байдаг.
-Болор цайх эмгэгт ямар эмчилгээ хийдэг вэ?
-Болор цайх өвчлөлд ямар нэгэн дусаалга дусаагаад эргээд хэвийн болох, бүрэн эдгэрсэн гэх худал мэдээлэл цахим орчноор яваад байдаг. Энэ бол маш ташаа ойлголт. Нэг цайрсан болорыг мэс заслын аргаар л эмчлэх боломжтой. Нэг ёсондоо өөрийн төрмөл болорыг аваад, оронд нь хиймэл болор суулгадаг. Гэхдээ нэн тэргүүнд болорын цайлт хэр их, ямар шатанд байгаагаас хамаарч хагалгаанд орох уу, үгүй юү гэдэг нь шийдэгдэнэ. Эхэн шатандаа явж байвал болорын хагалгааны заалт үүсэхгүй. Дунд болон хожуу үедээ орсон бол эрсдэл, харааны чадал, зэрэг олон зүйлд үндэслэн хагалгааны заалттай эсэхээ шийднэ.
-Болор солих мэс ажилбарын дараа тухайн хүнд ямар нэгэн зовуурь илрэх, эргээд хараа нь муудах зэрэг асуудал үүсэх үү?
-Болор солих мэс засал нь аюул багатай хэдий ч халдвар орох, цус алдах зэрэг хүндрэл гарч болзошгүй. Ямар нөхцөлд хагалгааны дараа хараа муудах, зовуурилах зэрэг шинж тэмдэг илэрдэг вэ гэвэл зөвхөн нүдний болороос үл шалтгаалан, нүдний даралт ихсэх өвчинтэй, өөр ямар нэгэн нүдний хавсарсан эмгэгтэй, чихрийн шижин, сахрын өвчинтэй байхын бол хараа муудах ийм эрсдэл байдаг. Энэ нь цөөн тохиолдолд илэрдэг бөгөөд эдгээр хүмүүсийн хараа бүрэн эмчлэгддэггүй. Энэ үед болорыг дахин авч, тохирох харааны шил зүүхийг зөвлөдөг. Харин зөвхөн болорын эмгэгтэй хүнд мэс заслын хийхэд үр дүн нь 95 хувийн амжилттай буюу ихэнх хүний харааны асуудал бүрэн шийдэгддэг.
-Болор солиулах мэс ажилбарт орсны дараа анхаарах ёстой зүйл нь юу байдаг вэ?
-Болорын мэс засал хийлгэсэн хүн хүнд болон хөнгөнөөс хамаараад хүмүүст эмчилгээ тодорхой хугацаатайгаар хийдэг. Хагалгааны дараа эмчилгээнээс гадна гам барих зайлшгүй шарадлагатай. Жишээ нь, хагалгаанд орсны дараа эхний хэдэн долоо хоног биеийн хөдөлгөөнийг хязгаарлах, хүнд зүйл өргөх, доргилт гэмтэл авахаас сэргийлэх хэрэгтэй. Харин нүдний мэс ажилбарт орсны дараа нүд аргах, торох, улайх, нулимс гоожих зэрэг нүдний хуурайшилтын шинж тэмдэг илэрч байвал нүдний дусаалга, хиймэл нулимс хэрэглэхийг зөвлөдөг.
-Нүдний болор цайх эмгэгээр өвчлөхгүй байх, үүнээс урьдчилан сэргийлэх арга байдаг уу?
-Нүдний болор цайх эмгэгийг өвчлөхгүй байх боломж тун хомс. Яагаад гэвэл хүн болгоны үс цайрдагтай адил хүний бие эрхтэнд болох ёстой физилогийн процесс явагдаж байдаг. Тэгэхээр нас ахихын хэрээр тодорхой хэмжээнд болор цайх эмгэгт өртдөг. Гол нь яг хэзээ цайх, хагалгаанд орох шаардлагатай юу, үгүй юү гэдэгт асуудал байдаг. Тэрнээс биш энэ эмгэгээс урьдчилан сэргийлж, өртөхгүй байх боломжгүй. Харин нүдний болор цайх эмгэгийг хүндрүүлэхгүй байхаас урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ нь 50-ас дээш насны хүмүүс жилд нэг удаа нүдний эмчид оношлуулж, хянуулах нь урьдчилан сэргийлэхийн нэг хэлбэр болж өгдөг. Яагаад энэ эмгэг зонхилон тохиолдоод байна гэвэл иргэд өөрсдөдөө анхаарал халамж тавихгүй байдгаас улбаалан хүнд шатандаа оношлуулаад байна. Нэг ёсондоо хагалгаа хийхээс өөр боломжгүй болгочихсон ирдэг.. Хамгийн хүнд хэлбэрийн шатандаа хараагаа бүрэн алдах ч тохиолдол байдаг болохоор нүдний хараа сайн ч байсан, муу ч байсан эрт оношлуулж, шалгуулж байхыг иргэддээ зөвлөж байна.