БНХАУ-ын хойд хэсэгт орших Өвөр Монголын нүүрсний ил уурхай нурсны улмаас зургаан хүн амиа алдаж, 47 хүн сураггүй алга болоод байгаа билээ. Нуралтын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Уурхайн аюулгүй байдлын үндэсний газраас гаргасан статистик мэдээнд Хятад улс нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэхийг уриалсны дараахан нүүрсний уурхайн ослын тоо 2021 онтой харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдэж, амь үрэгдэгсдийн тоо сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд буюу 245-д хүрсэн гэжээ. Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч БНХАУ өнгөрсөн онд нүүрсний олборлолтоо есөн хувиар нэмэгдүүлж, 4.5 тэрбум тоннд хүргэсэн. Орос Украинд түрэмгийлсний дараа дэлхийн зах зээлд нүүрсний үнэ огцом өсөж, эрчим хүчний хангамж тасалдсан зэрэг нь Бээжинг эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулахад түлхэц болсон.
Өнгөрсөн долоо хоногт нурсан ил уурхай 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл гурван жил хаалттай байсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Нүүрсний үнэ өсөхтэй зэрэгцэн дахин нээгдсэн тус уурхай тухайн оны сүүлчээр олборлолтоороо дээд амжилт тогтоосон байна. Орон нутгийн уурхайн аюулгүй байдлын зохицуулагчид ослын дараа Өвөр Монголын нүүрсний уурхайнуудад аюулгүй байдлын шалгалт хийхийг үүрэг болгожээ. Хятад улс 2021 онд эрүүгийн хуулиа өөрчилсөн бөгөөд үйлдвэрлэлийн улмаас осолд өртсөн уурхайн удирдлагуудыг шийтгэдэг болсон.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Хятадын гүехэн нүүрсний нөөц шавхагдаж байгаатай холбогдуулан нүүрс олборлогчид гүн ухахаас өөр аргагүй болж байгаа нь аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учруулж байгаа аж.
“Хятад улс жил бүр 10-25 метр (33-82 фут) гүн олборлолт явуулж байгаа нь уурхайчдыг техникийн илүү түвэгтэй асуудалтай тулгаруулж байна” гэж Аньхой хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нүүрсний уурхайн профессор Юн Лян ярьжээ. Хятад улс өнгөрсөн онд 260 сая тонн нүүрс дотооддоо олборлохын тулд олон тооны уурхайг дахин нээсэн. Энэ онд шинээр зөвшөөрсөн уурхайнууд ашиглалтад орсноор нүүрсний олборлолт цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Хятадын уул уурхайн хоёр гол төв болох Шанси болон Өвөр Монгол энэ онд олборлолтоо багадаа таван хувиар нэмэгдүүлэхээ амласан.