Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудаас хоёрт ордог. Ихэвчлэн 35-аас дээш насныханд тохиолддог ч сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай байгаа аж. Хөхний хавдрыг эрт оношилбол эмчлэгдэх боломжтой. Хавдар даамжирч илүү томорч, тархах тусам төгс эмчлэгдэх магадлал буурдаг байна.
Иймд хөхний хорт хавдрын талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Анагаах ухааны магистр, хавдар судлаач, хими эмчилгээний эмч Т.Урансайхантай ярилцлаа.
-Хөхний хорт хавдар үүсэх шалтгаан нь юу байдаг вэ?
-Хөхний хорт хавдрын үндсэн шалтгаан нь удамшил юм. Таны эмээ, ээж, эгч зэрэг гэр бүлийн хүмүүс дунд хөхний хорт хавдраар өвчилж байсан бол танд ч илрэх эрсдэлтэй гэсэн үг. Удамшлаас гадна олон хүчин зүйл хөхний хавдар үүсэхэд нөлөөлнө. Үүнд, дааврын эм, жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар хэрэглэх, олон удаа үр хөндүүлэх, сарын тэмдэг хугацаанаасаа өмнө ирэх, цацраг идэвхт туяанны бодист хордох, таргалалт, рентген туяанд хордох зэрэг орно. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдэд тохиолдох хавдруудаас эхний хоёрт ордог. Нэгдүгээрт умайн хүзүүний хавдар ордог.
-Хөхний хорт хавдраар өвдөж буйгаа хэрхэн мэдэх вэ?
-Хамгийн энгийн арга нь гэрийн нөхцөлд хөхөө шалгаж үзэх. Сар бүрийн тогтсон нэг өдөр буюу сарын тэмдэг дууссанаас хойш хоёроос гурав хоногийн дараа шалгах хэрэгтэй. Шалгахдаа усанд эсвэл шүршүүрт орж байх үедээ шалгаснаар арьсан дээр ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг сайн мэдэрдэг давуу талтай байдаг. Дараагаар нь толины өмнө биеийг сайтар тослон суганаас хөх хүртэлх зай болон хөхийг бүхэлд нь хурууныхаа өндгөөр зөөлөн дарж тэмтэрч үзнэ. Ингэж шалгахад хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл ялгарч байвал яаралтай нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.
Жижиг буюу нэг сантиметр хүртэлх хавдартай тохиолдолд өөрөө гэрийн нөхцөлд шалгаад мэдэх боломжгүй. Жижиг хавдрыг хөхний эхо, хөхний мамограмм рентгений шинжилгээгээр илрүүлдэг. Ингэхдээ тухайн хүнд аль болох цацагт идэвх туяаны ачаалал багатай шинжилгээ хийдэг. Хэрэв хавдрын ямар нэгэн үүсвэр мэдрэгдвэл хөхний хавдрын дараагийн шат буюу MRI scan соронзон рентгений томографикийн шинжилгээ байдаг. Ийм замаар хөхний хавдрыг 100 хувь оношилдог. Хэрэв хөхний хавдар оношлогдлоо гэж үзэхэд мэс заслын өмнөх хими эмчилгээ болон мэс засал хийсний дараах хими эмчилгээ хийлгэснээр төгс эмчилгээ бий болдог. Тухайн хавдар нь дааврын шалтгаанаас үүдэлтэй байвал дааврын эмийг таван жил уулгадаг. Эмийг уух явцад биед ямар нэгэн шинж тэмдгүүд гарна. Энэхүү шинж тэмдэг болгонд хариу арга хэмжээнүүдийг аваад явна гэсэн үг юм.
-Энэхүү хавдрын үе шат ямар байдаг вэ. Тэр үе шат болгонд өөр өөр эмчилгээ хийдэг үү?
-Хөхний хорт хавдар дөрвөн үе шаттай. Эдгээр үе шатуудад мэс засал, химийн эмчилгээ, туяа эмчилгээ, дааврын эмчилгээ зэргээс сонгож хийдэг. Ихэнхдээ хоёр болон түүнээс дээш эмчилгээг хавсран хийнэ. Нэг, хоёрдугаар шатанд мэсийн болон хавдар хэр том байна гэдгээс хамаараад химийн эмчилгээ хийдэг. Гурав, дөрөвдүгээр шатанд химийн эмчилгээ, туяа эмчилгээ хийнэ. Эмчилгээ нь таваас доошгүй жил үргэлжилнэ.
-Хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйчүүд ихэвчлэн аль шатандаа үзүүлж байна вэ?
-Манай эмэгтэйчүүд хожуу буюу гурав, дөрөв дэх шатандаа оношлогдож байна. Хожуу оношлогдож буй учир эмчилгээний аргууд хумигдана. Хөхний хорт хавдар нь бусад эд, эрхтэнд үсэрхийлж, бусад өвчлөлийг сэдрээх зэрэг асуудал нь эмчилгээг төгс хийх боломжгүй болгодог.
-Хөхний хорт хавдрын эмчилгээ, хагалгаад орсноор эмэгтэйчүүдийн бие организмд өөрчлөлт гардаг уу?
-Тухайн хорт хавдар хэр хэмжээтэй байдгаас шалтгаалан хөхийг мэс заслын аргаар бүтнээр нь авах уу, үлдээх үү гэдэг нь шийдэгдэнэ. Хэрвээ хөхөө үлдээх мэс засал хийвэл гаднаас хараад мэдэгдэхгүй. Харин хожуу үе шатанд хавдар илэрч, хэмжээ нь том байвал хөхийг бүрэн авна. Тэгэхээр эмэгтэй хүний гоо сайхны болон сэтгэл санааны хувьд дарамтад орж хямардаг. Үүнийг шийдэхэд Хавдар судлалын үндэсний төв болон бусад эмнэлгүүдэд хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ, мэс заслыг хийж өгдөг. Тэгснээр тухайн хөхөнд имплант суулгаж, нөхөн сэргээж хэвийн байдалд оруулдаг.
-Хөхний хагалгааны дараах шинж тэмдэг яаж илэрдэг вэ?
-Хөхний хорт хавдрын хагалгааны дараа бид таван жилийн хугацаанд өвчтөнөө хянадаг. Эхний хоёр жилд гурван сар тутамд үзүүлнэ, гурав дахь жилд зургаан сар тутамд, дөрөв дэх жилд жилдээ нэг удаа гэх мэтээр хянана. Энэ таван жилд тогтмол ямар нэгэн үсэрхийлэл байхгүй бол хавдар бүрэн эдгэрсэн байна гэж үзээд хяналтаас гаргадаг. Гэхдээ хяналтаас гарган химийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ дуусаад төгс эмчилгээ болсон ч таван жилд дахих магадлал өндөр. Энэ бүх хугацаанд тухайн хүнээ хяналтанд байлгадаг.
-Хагалгаанд орох эсвэл хүнд химийн эмчилгээнд орсон эмэгтэйчүүд сэтгэлзүйн байдал хэр байдаг вэ?
-Хүн хорт хавдар гэх оношийг сонсон цагаасаа авхуулан сэтгэл зүйн гүн цочролд ордог. Эхний хэсэг хугацаанд эсэргүүцэх маягаар “яагаад би” гэж оношоо хүлээн зөвшөөрдөггүй. Хэсэг хугацааны дараа өөрийн оношоо хүлээн зөвшөөрч, эрт эмчлүүлэх чухал учир цаг алдалгүй эмчилгээнд ордог. Ерөнхийдөө хөх үлдээх хагалгаанд орсон хүнийн сэтгэл зүй харьцангуй гайгүй байдаг. Харин хөхөө авхуулсан хүнд илүү хэцүү. Тэгэхээр хавдартай хүнтэй ярилцах, нийгмийн харилцаанд орох, мэс заслын дараа сэргээн засах ажилбарт орохдоо зэргээр бие биетэйгээ бүлэг үүсгэж, би ганцаараа биш гэдэг мэдрэмжийг авах нь чухал. Яг энэхүү ажил дээр сэтгэл зүйчийн хэрэгцээ их байгаад байна. Хавдартай хүн сэтгэл зүй нь тогтворгүй байдаг учир энэ асуудлаа хэлэх, ярилцах том хэрэгцээ шаардлага байдаг.
-Хөхний хорт хавдраас хэрхэн урьчилан сэргийлэх вэ?
-Урьдчилан сэргийлэх арга нь 35-аас дээш насны эмэгтэйчүүд жилдээ нэг удаа хөхний эхо болон хөхний рентген зураг авахуулах, амьдралын хэв маягаа эрүүл зөв дэглэмтэй байлгаж, дасгал хөдөлгөөн, хооллолт зэргээс хамаараад өөрийг хайрлаж, гамнах хэрэгтэй.