Гандандэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай үзэсгэлэнт болгогч хэмээх туулай жилийн өнгийн талаар ярилцлаа.
-Монголчууд шинэ жилийн өнгийг үхэр хариулаач болон үхрээр шинждэг. Ирж буй үзэсгэлэнт болгогч хэмээх туулай жил ямархуу жил гарахаар байна вэ?
-12 жилийг таван мах бодь, таван өнгөөр амилуулж, 12 жилээр төлөөлүүлж 60 жилээр тооцоолдог. Жаран туулай жилээр эхэлдэг. Одоогийн жаран бол 1987 оны гал туулай жилээр эхэлсэн. Дараагийн жаран 2047 онд эхэлнэ.
Өнгөрч бус сайжруулагч хэмээх усан бар жил маш сайхан жил гарлаа. Өвс ногоо ихтэй, ялангуяа хөдөөгийн ард түмэнд. Хур цагтаа унаж, өвс ногоо сайн ургасан сайхан жил болсон. Бид өвлийн хатуу улирлыг даваад хавартай золгож байна. Жилийн өнгийг туулай жилийн өнгөөр ч шинждэг. Мөн үхрээ хариулж яваа хүн болон жилийн эхний өдрөөр шинждэг. Энэ жил хоёрдугаар сарын 21-нд шинэ жил эхэлж байгаа. Энэ өдөр ямар өдөр байна гэдгээр шинжинэ. Энэ жилийн шороон үхрийн шинжээр ногоон, цэнхэр өнгө дийлэнх байна. Энэ нь ургамал ногоо сайхан гарцтай, хур цагтаа буусан сайхан жил болно гэсэн үг. Үхэр хариулаач ахмад настай хүн, үхрийнхээ урд яарангуй алхаж явна. Араас нь үхэр тайван явж байна. Энэ нь туулай жил настай хүмүүст сайн, залууст дунд, нялхаст энхрийлүүштэй гэсэн санааг илэрхийлнэ.
-Шинэ жил эхлэхэд тухайн жил тусгайлан засалтай хүмүүс байдаг. Туулай жилд тусгайлан засалтай ямар жилтэй хүмүүс байна вэ?
-Хүн төрсөн цагаасаа эхлэн 13 нас хүртэл нэг жил давхацдаг. Өөрийн гарсан жил нь давхцахаар жил орсон гэж үздэг. Тэгэхээр 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настнуудын туулай жил гарч байгаа учраас жилийн заслыг хийлгэх хэрэгтэй. Мөн харш жил гэж байдаг. Тахиа жилтэй хүмүүс харш жил бол хулгана, морь жилтэй хүмүүс бага харш жил гарч байгаа учраас гол заслыг хийлгэх ёстой. Ивээл гурван жил гэж байдаг. Гахай, хонь жилтэй хүмүүс ивээл жилийн засалтай.
-Хүмүүс шинэ жилийн заслаа шинийн 8, 15-ны дотор хийлгэх ёстой гэж энэ өдрүүдэд гандан хийд олны хөлд дарагддаг. Ер нь шинэ жилийн заслыг хэзээ хийлгэх ёстой юм бэ?
-Нар буцаад буюу арванхоёрдугаар сарын 22-ноос хойш дараагийн жилдээ орж байна гэж тооцдог. Тиймээс жил орж байгаа хүмүүс арванхоёрдугаар сарын 22-оос шинийн 15-ны дотор заслаа хийлгэвэл зүгээр. Яагаад гэхээр эрэгтэй хүн өөрийнхөө жилийг угтдаг, эмэгтэй хүн жилээ дагадаг гэж ярьдаг. Ялангуяа жил орж байгаа эрэгтэй хүмүүс арванхоёрдугаар сарын 22-оос шинийн 15-ны хооронд заслаа хийлгэвэл зүгээр.
-33-ны мөчлөгийн засал гэж сүүлийн үед маш их ярьдаг, хийдэг болсон. Ээжтэйгээ хүзүүний мах хувааж идэж, өлгийдүүлдэг гэсэн мэдээлэл сошиал орчинд их түгдэг. 33-ны мөчлөг гэж чухам юу юм бэ. Ийм засал хийх ёстой юу?
-33-ны мөчлөгийн заслыг хийлгэх ёстой. Гол хийлгэх ёстой заслын нэг бол энэ. 9, 17, 33, 41, 49, 57, 65, 73, 81 насны гүүмэг гэж байдаг. Үүний хоёр нь 33-ны жил дээр таардаг. Нэг үгээр хэлбэл, хавсарсан гүймэгтэй жил гэж хэлдэг. 33-ны мөчлөг орж байгаа эрэгтэй гал, эмэгтэй усан дээр сууж байгаа. Тэгэхээр хүний хийморь лундаа маш их мууддаг. Тиймээс ажил үйл бүтдэггүй, өвчин зовлон ээрдэг учраас засал хийлгэх ёстой. Номонд бол ээжийгээ баярлуул гэж байдаггүй. Харин биеэ өөрчил гэсэн үг байдаг. Тэр нь таяг тулаад юм уу, ээжээрээ өлгийдүүлэх юм уу дом маягийн засал хийвэл засагдана гэж байдаг. Түүнээс хүзүүний мах ээжтэйгээ хувааж иддэг ч гэдэг юм уу гадуур яваад байдаг зүйлүүд огт байхгүй. Энэ жил 1991 оны хонь жилтэй хүмүүс 33-ны мөчлөг буюу гүймгийн засалтай.
-Монголчууд Азийн орнуудаас нэг сарын дараа шинэлж байна. Зөв өдрөө шинэлж байна уу гэдэг асуулт иргэдийн дунд байнга байдаг. Яагаад дорнын соёлтой орнуудаас хожуу шинэлж байгаа юм бэ?
-Буруу өдрөө шинэлж байна гэж огт ярьж болохгүй. Яагаад гэхээр алдах юм уу, буруу өдрөө шинэлэх ямар ч боломжгүй. Учир нь Энэтхэг, Хятад, Монгол улсууд нар, сарны тооллыг давхар тооцож явдаг. Дан гац нар юм уу сарны тооллоор явдаг улс орнууд ч байдаг. Давхар тооллоор явна гэдэг тооцоолол өндөртэй байдаг. 1947 онд Төгсбуянтын зурхайг маш нарийвчлалтай, Монгол орны газар нутгийн байрлалд тааруулаад, тооцоолсон гэдэг. Үүнээс хойш манай улсын эрдэмтэн лам, хувилгаад хутагтууд Төгсбуянтын зурхайг зурж цаг тооныхоо тооцооллыг хийж ирсэн. Бид зөв өдрөө шинэлж байгаа. Хятад улс шар зурхайн тоолол гэж өөр тооллоор тоолдог. Энэ нь Хятадын газар нутаг, байгаль цаг уурын хуваарьт тааруулаад шар зурхайгаар тооцдог.
-Хуучин жилд гэрт нь ажил явдал гарсан айлууд Цагаан сар тэмдэглэдэггүй, золголт хийдэггүй. Энэ зөв үү?
-Хүн нас барахад 49 хоногт буян хураадаг. Яагаад гэхээр долоон долоо 49 хоногт зуурдын төрлийг тоолдог гэж үздэг. Зуурдын төрөл 7 хоногийн настай учраас 49 хоноход хүн төрөл авна гэж бурхны номд заасан байдаг. 49 хоног өнгөрөөд гашуудлаа тайлчихаж байгаа учраас ард үлдсэн ар гэрийнхэн нь шинэлэх ёстой. Тийм дэлгэр байг гэхэд ойр тойрныхоо хүмүүстэй золгодгоороо золгох ёстой. Гол нь Цагаан сараас өмнө даллагыг нь аваад гашуудлаа тайлчихсан байх ёстой.
-Бид бурхны шашинтай ард түмэн. Гэхдээ сүүлийн үед залуучууд засал хийлгэхийг мухар сүсэг гэж хараад байх шиг. Засал хийлгэхийн ач холбогдлыг та юу гэж хэлэх вэ?
-Бурхан багшийн цагийн Их дандараас гадна, дотно, бусад гурав гээд гариг эрхсийн хөдөлгөөнийг номлосон байдаг. Гадна, дотно, бусад гурвын гадаад цагийн хүрдний ухааныг тооцож гариг эрхсийн тооцооллыг гаргадаг. Гадаад цагийн хүрд нь нар, сар, гариг, одны байршлыг хараад энэ байршил хүний амьдралд эерэг нөлөөлж байна уу, сөрөг нөлөөлж байна уу гэдгийг тооцоолж гаргадаг гэсэн үг. Тухайлбал, туулай жилийн харш жил тахиа байна. Тахиа жилтнүүдэд гариг эрхсийн ямар нөлөөлөл очих вэ, тэр нөлөөллийг тооцоолж, тохирсон заслыг хийлгэвэл ажил нь бүтэхгүй байсан бол бүтэж, бие нь өвдөх байсан бол засарна гэж ойлгож болно.