Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Уушги судлалын тасгийн эрхлэгч Ж.Болортуяатай уушгины хорт хавдар өвчний талаар ярилцлаа.
-Уушгины хорт хавдар үүсгэж буй гол шалтгаан юу вэ?
-Уушгины хорт хавдрын үед гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр амьсгалын замын хучуур эсийн хэвийн бүтэц, үйл ажиллагаа өөрчлөгдөн хяналтгүйгээр үржин олширч, хавдрын эсэд шилжин идэвхждэг. Улмаар уушгины эдэд эмгэг ургалт үүсгэн бусад эрхтэнд тархаж өвчлүүлдэг хоруу явцтай эмгэгийг уушгины хорт хавдар гэж хэлээд байгаа юм. Гадаад хүчин зүйл гэдэг нь удамшлын урьтал байдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл аав, ээж, ах дүүс нь уушгины хорт хавдартай байсан бол бага хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг. Гэвч гадаад шалтгаан буюу голлох шалтгаан нь тамхи. Тамхины найрлагад агуулагдаж байгаа бодисууд маш их хортой. Тэдгээр бодисууд нь эхлээд судас нарийсгана, дараа нь цус өтгөрүүлнэ. Тамхи бол уушгины хорт хавдар төдийгүй зүрх, судасны өвчинд нөлөөлдөг зүйл юм.
-Манай улсад уушгины хорт хавдар өвчний тохиолдол хэр их бүртгэгддэг вэ?
-Манай улсад сүүлийн арван жилд уушгины хорт хавдрын нас баралтын 3595 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт хорт хавдрын 9.4 хувийг эзэлж, хорт хавдрын нас баралтын гурав дахь тэргүүлэх шалтгаан болж байна. Мөн уушгины хорт хавдраар анх оношлогдсоноос хойш амьдарсан хугацааг хувиар тайлбарлавал, сүүлийн 10 жилийн хугацаанд 84 хувь нь нэг хүртэлх жил, 14.7 хувь нь 1-5 хүртэлх жил, ердөө 1.5 хувь нь л таваас дээш жил амьдарсан байдаг. Энэ бол маш харамсалтай тоо баримт.
-Уушгины хорт хавдар үүсэх гол шалтгаан нь тамхи гэж байна. Тэгэхээр дам тамхидалтад өртдөг хүмүүс энэ өвчнөөр өвчлөх боломжтой юу?
-Идэвхтэй тамхи татаж байгаа хүмүүсийн 85-87 хувь нь идэвхгүй буюу өөрийн хажууд байгаа хүмүүсээ ч хордуулдаг. Үүнийг дам тамхидалт гэж ярьдаг шүү дээ. Дам тамхидалтад өртөж байгаа хүмүүсийн гурваас таван хувь нь уушгины хавдраар өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Тамхины утаанд 4000 гаруй хорт бодис агуулагддаг. Тэдгээрийн 50 гаруй нь хүний биед хорт хавдар үүсгэгч бодис байдаг. Дам тамхидалт нь хүүхэд, насанд хүрэгчдэд амьсгал, зүрх судасны өвчин үүсгэх, цаашлаад үхэлд хүргэх аюултай. Мөн туяа, вирусийн халдвар, агаарын бохирдол, орчны бохирдол зэрэг нь хавдар үүсэх шалтгаан болдог. Жишээ нь, азбесттай орчин, уран гэх мэт химийн хортой орчинд ажилладаг хүмүүс уушгины хавдраар өвчлөх магадлал маш өндөр. Сүүлийн үед залуу хүмүүс уушгины хавдраар оношлогдох болсон. Энэ нь юунаас болсон бэ гэхээр алт угааж байсан, мөн автомашин засварын газарт ажилласан хүмүүс хавдраар өвдсөн байна. Үүнийг мэргэжлийн хортой нөхцөл гэж хэлээд байгаа юм. Үүнээс болж залуус уушгины хорт хавдраар өвдөх тохиолдол эрс ихэссэн.
-Уушгины хавдраар өвчилсөн хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ. Эрт үед нь биед илрэх шинж тэмдгээр мэдэх боломжтой юу эсвэл нарийн шинжилгээгээр мэдэгддэг үү?
-Эхэн үедээ явж байгаа хавдрыг шинжилгээгээр ч мэдэх боломжгүй. Олон жил тамхи татсан хүмүүс, мэргэжлийн хортой нөхцөлд ажилласан уушгины хорт хавдраар өвдсөн хүмүүст ханиалга ихсэх мөн цустай ханиах, цээжээр өвдөх зэргээр шинж тэмдэг илэрнэ. Манай улсад уушгины хавдар ихэвчлэн эцсийн шатандаа л оношлогддог нь харамсалтай. Хүмүүс цустай ханиалгах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илрэхээр л эмнэлэгт ханддаг. Харамсалтай нь, хавдрын дөрөвдүгээр шат буюу эцсийн шатандаа орсон байдаг. Уушгины хавдраар өвдсөн нийт хүмүүсийн 80 хүртэлх хувь нь эцсийн шатандаа оношлогдоод нэг жил хүрэхгүй хугацаанд л амьдардаг.
-Уушгины хорт хавдар хэдэн үе шаттай явагддаг вэ?
-Уушгины хавдар бол дөрвөн үе шаттай явагддаг өвчин. 3А үе хүртэл мэс засал эмчилгээ хийж болох учир 3А хүртэлх уушгины хорт хавдарт эмчилгээ хийгддэг. Эхэн үед буюу 1А-3А шат хүртэл оношлогдсон бол эмчилгээгээр бүрэн эдгэрэх боломжтой. Үүнээс цааш хүндэрсэн буюу 3Б, дөрөвдүгээр үедээ оношлогдсон өвчтөнд хими эмчилгээ хийдэг ч сүүлийн шатандаа орсон учир эмчилгээ авах нь ховор байдаг. Эмчилгээ авсан ч амьдрах хугацаа маш богино байдаг.
-Уушгины хорт хавдар өвчин бусад эрхтэн рүүгээ үсэрхийлдэг үү. Хэрэв үсэрхийлвэл юу болох вэ?
-Уушгины хорт хавдар болгон бусад эрхтэн рүүгээ үсэрхийлдэггүй. Энэ хавдар нь дотроо маш олон төрөлтэй. Жишээлбэл, аденокарцинома гэдэг хэлбэр байна. Энэ хэлбэрийн хавдар нь бусад эрхтэн рүү үсэрхийлэх магадлал маш өндөр. Харин үсэрхийлэх магадлал бага, ургалт удаан хэлбэрийн хавдар нь хавтгай эст карцином гэх. Аль хэлбэрийн хавдар байна вэ гэдгээсээ хамаараад өөр өөр байна. Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад, уушгины хавдар байнга нэмэгдэж байна. Энэ нь манай улсын агаарын бохирдол, орчны бохирдолтой холбоотой. Агаарын бохирдол ихтэй нийслэлд амьдарч байгаа бидний дунд уушгины хавдрын өвчлөл буурахгүй, улам ихэснэ. Мөн Монгол Улс өндөр тамхидалттай орны тоонд ордог учир иргэдэд эрүүл мэндийн боловсролыг олгож, тамхины хор уршгийг сурталчлах, агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийснээр л уушгины хорт хавдар өвчин буурна. Түүнээс нааш өвчлөл буурахгүй.
-Та манай уншигчдад уушгины хорт хавдраас сэргийлэх зөвлөгөө өгөхгүй юу?
-Дөнгөж эхэлж байгаа хавдар рентген шинжилгээгээр оношлогдохгүй байж болзошгүй учир 45-аас дээш насны тамхи татдаг, агаарын бохирдолтой орчинд 15-аас дээш жил амьдарсан, мөн түүнчлэн дээр дурдсан мэргэжлийн хортой нөхцөлд арваас дээш жил ажилласан бол бага тунт цээжний компьютер томографит жилд нэг удаа заавал харуулж байгаарай гэж зөвлөе.