Улсын дээд шүүх Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг өнгөрсөн пүрэв гаригт бүртгэсэн. АН-ын шинэхэн дарга өчигдөр амбицтай мэдээлэл хийж, таван том амлалт дэвшүүлэв. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас улам хурцадсан АН-ын хагарал үүгээр дуусаж, эвийн цавуу нь Л.Гантөмөр болов. Хоёр удаагийн сонгууль дараалан МАН-ын үнэмлэхүй ялалтыг үзсэн иргэд сөрөг хүчний дуу хоолой ийнхүү сэргэж байгааг сайшаан хүлээж авч байна. Хүчтэй сөрөг хүчинтэй байх нь Монгол Улсад л хэрэгтэй.
Гэвч Ардчилсан нам зүгээр л тамга, тэмдгээ булаацалдаж байгаад гэнэт л эвлэрье гээд эвлэрчихээгүй нь ойлгомжтой. Л.Гантөмөр тэргүүтэй хүмүүс бүгдийнх нь бус ч, дийлэнхийнх нь эрх ашиг, АН доторх фракцуудыг нэгтгэж чадсан бололтой.
Л.Гантөмөр АН доторх фракцуудын эрх ашгийг хэрхэн нэгтгэв, өөрөө аль фракцын, хэний хүн бэ гэсэн асуулт руу дагуулж байна. Үүнд хариулт хайлаа.
АН-ын эвлэрлийн автор Ц.Элбэгдорж уу
Л.Гантөмөр нь Ардчилсан залуучуудын холбооны дэмжлэгтэйгээр, тэр тусмаа Г.Батхүү агсан, Д.Зоригт нарын дэмжлэгээр улс төрийн тогоонд алхаж оржээ. 2009 оноос Нэг ардчилал фракцыг үүсгэсэн. 2021 оны АН-ын Онц их хурлыг энэхүү фракц хөдөлгөсөн гэдэг. Нэг ардчилал фракцыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэмждэг, бүр клубийг нь байгуулж байсан түүхтэй. Энэхүү клубт Г.Батхүү агсны хүү Б.Батхөлөг хүртэл байсан.
Л.Гантөмөр 2014 онд өгсөн ярилцлагадаа “Нам гэдэг ганц л лидертэй байдаг юм байна. Тэр лидер нь Ц.Элбэгдорж. Түүнийг Ерөнхийлөгч болгодог нь хамгийн буруу байж” хэмээн ярьж байжээ. Мөн Н.Алтанхуягийн Засгийн газар унахад дараагийн Ерөнхий сайдаар гурван хүн яригдаж байсны нэг нь Л.Гантөмөр. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг дэмжих нь дамжиггүй гэх агуулгын хэвлэлүүд бичиж байжээ. Үүнээс үзвэл, Л.Гантөмөрийг Ц.Элбэгдоржийн хүн гэж харж болохоор. Цаашлаад АН-ын эвлэрлийн автор нь Л.Гантөмөр бус Ц.Элбэгдорж байхыг үгүйсгэхгүй.
Муу нэртэй, луу данстай Х.Баттулга ч түүний ард яригдаж байна
Х.Баттулга нь Л.Гантөмөрийн Нэг ардчилал фракцтай түнжин муутай байсан. Гэвч улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж байдаггүй, харин эрх ашиг л гэж байдаг гэдэг. Х.Баттулга болон Л.Гантөмөрийн холбогдсон сэжим нь О.Цогтгэрэл. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа АН-ын даргаар О.Цогтгэрэлийг тавих сонирхолтой байсан. О.Цогтгэрэл нь өөрийн гэсэн бизнестэй, хөрөнгөтэй бас Х.Баттулгыг сайд байх үед бүх талаар хамтран ажиллаж байсан юм.
Сонирхолтой нь, АН-ын дарга тодрохоос өмнө Х.Баттулга С.Баярцогтын хэргийг цагаатгасан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Цэцэд өгсөн. АН-ын даргад өрсөлдөж буй гол хоёр өрсөлдөгчийн нэгнийх нь хэргийг сөхөж, бүр өөрийн биеэр ҮХЦ-д очиж өргөдлөө өгсөн нь Л.Гантөмөрийг дэмжиж байгаа юм байна гэх ойлголтыг нийгэмд өгсөн.
Л.Гантөмөрийн ар дахь Увсынхны дэмжлэг
АН-ын нөлөө бүхий гишүүдийг Увсынхан өнгөлж байна. Тухайлбал, О.Цогтгэрэлээс эхлүүлээд ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжавтай нэг нутгийнх. Л.Гантөмөр өөрөө ч Увсынх. Тэрээр Шийдлийн буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Д.Дорлигжавтай хамт нэг танхимд ажиллаж байсан. Харин 2021 онд АН-ын Онц их хурлаас О.Цогтгэрэлийг даргаар сонгоход /УДШ бүртгээгүй/ О.Цогтгэрэл ерөнхий нарийн бичгийн даргаараа Л.Гантөмөрийг томилж байсан юм. Сүүлд АН-ын гишүүн О.Баасанхүү О.Цогтгэрэлийг Ц.Нямдорж, Д.Дорлигжав нарын гар хөл болоод яваад байна гэж шүүмжилж байсан. Энэ бүгдээс харахад О.Цогтгэрэл, Д.Дорлигжав, Л.Гантөмөр нарын эрх ашиг нэгдсэн бололтой.
Л.Гантөмөрийг 2014 онд Ерөнхий сайдад, 2017 онд АН-ын даргад өрсөлдөж байхад сул улстөрч, бяргүй улстөрч хэмээн тодотгож байсан. Тэр харизмгүй улстөрч байж болох ч хэнтэй ч гар барьж чаддаг улстөрч гэдгийг дээрх дэмжлэгүүдээс харж болох юм.