Засгийн газрын хуралдаанаар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, холбогдох тогтоолыг баталсан байна. Энэ асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр “Ерөнхий сайдын санаачлан Засгийн газрын хуралдаанаар баталж байгаа Авлигатай тэмцэх жилийн хүрээнд Засгийн газрын гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад таван үйл ажиллагаа хэрэгжүүлж ажиллахыг даалгалаа.
Шүгэл үлээх үйл ажиллагаа.
-УИХ-д өргөн барьсан Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар яаралтай батлуулах. Шүгэл шүлээх үндэсний тогтолцоог бүрдүүлнэ. Авлигын хэрэг илрэхэд, нээлттэй ил тод байдлыг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй юм.
-Нийтийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй нийтийн албан тушаалтан, улстөрд нөлөө бүхий албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөхийг холбогдох албаныханд даалгаж байна.
Нөгөөтэйгүүр авлига албан тушаалын гэмт хэрэг, түүнд оногдуулах ял шийтгэл гарцаагүй байх, нийтийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг эрчимжүүлэн шалгах ажлын хуулийн хүрээнд, хүний эрхийг зөрчихгүй шуурхай явуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Мөн төрийн алба, төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж пратизлаж ажиллаж, амьдардаг, олон тэрбум төгрөгийн амины орон сууц, олон зуун саяын автомашины хэрэглээтэй хэрнээ цалингаас өөр бизнесгүй гэдэг улс төрийн болон нийтийн албан тушаалтнуудыг төрийн алба, нийтийн албан тушаалаас чөлөөлөх ажлыг энэ онд багтаан хийхийг үүрэг болголоо.
-Авлига албан тушаалын хэрэгт шалгуулалгүйгээр оргон зайлсан, зугтаад гадаад улс орнуудад амьдарч байгаа, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ болон олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь буцаан шударга шүүхийн өмнө авчирч, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулна. Эл ажлын хэрэгжилтийг олон улстай хамтран зохион байгуулахыг Гадаад харилцааны яам, ХЗДХ-ийн яаманд үүрэгжүүлсэн.
Хууль хяналтын байгууллагаас авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу орон зайлсан албан тушаалтнуудын нэрийг удахгүй зарлаж, нэн яаралтай эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулна.
Шилжүүлэн авах ажиллагаа.
-Энэ нь оффшор бүс болон гадаад улсуудад нуун дарагдуулсан авлига албан тушаалын замаар олсон хууль бус хөрөнгө, орлогыг илрүүлэн, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд буцаан шилжүүлэн авчрах ажлуудыг эрчимжүүлнэ. Мөн гэмт хэргийн замаар олсон, хураасан эд хөрөнгүүдийг хэрхэн улсын орлого болгож, эргээд хэрэгцээтэй этгээдэд нь шилжүүлж, захиран зарцуулах тухай эрх зүйн орчныг бүрдүүлэх буюу холбогдох хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг ХЗДХЯ-нд даалгалаа.
Сүүлийн хоёр жилд АТГ 2.5 их наяд төгрөгийн авлига албан тушаалын гэмт хэргийг илрүүлж, эд хөрөнгийг нь битүүмжлээд байгаа. Эдгээр орлогыг цаашид хэрхэн захиран зарцуулах эрх зүйн орчныг бий болгоно гэсэн үг.
-Төрийн өмчит бүх компанийн засаглалыг 2023 оны нэгдүгээр улиралдаа багтаан сайжруулахыг даалгалаа. УИХ-д Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийг төслийг өргөн барьсан. Уг хуулийн төслийг нэн яаралтай горимоор хаврын чуулганаар хэлэлцэн батлуулах. Батлагдсан хуулийн дагуу төрийн өмчит бүх компани зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар ТУЗ, Гүйцэтгэх захирлыг томилдог болно. Зарим төрийн өмчит компаниуд дээр гадаадын менежментийн багийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилон ажиллуулах ажлыг зохион байгуулна. 2023 оны хагас жилд багтаан төрийн болон орон нутгийн өмчит бүх компанийн удирдлагыг нээлттэй болгохыг даалгалаа" гэлээ.
Засгийн газраас 2023 онд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, далд эдийн засгийг илрүүлснээр ДНБ-ийг 10 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 55 их наядад хүргэх том зорилго тавьжээ.