Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Өнгөрсөн оноос ЭЕШ-ыг жилд хоёр удаа зохион байгуулахаар шийдсэн билээ. Шалгалтын бүртгэл өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны 18.00 хүртэл eec.mn цахим хуудсаар үргэлжилнэ. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл мөн өнөөдөр эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 31-н хүртэл болно. Энэ жил 40 орчим мянган сурагч ЭЕШ өгөхөөр байгаа аж. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат “Цар тахлын байдлаас улбаалан сонсголын шалгалтыг авалгүй гурван удаа завсарласан. Энэ жилийн ЭЕШ-ын англи хэл, орос хэл, монгол хэлний хичээлийн шалгалтын үндсэн агуулгад сонсоод ойлгох чадвараар хийж гүйцэтгэх даалгаврыг оруулж байна. ЭЕШ-д оролцогчид монгол хэл, бичгийн шалгалт өгөх ёстой. Үүний дагуу монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөв болон арванхоёрдугаар сард зохион байгуулна. Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо 400 байна. ЭЕШ-д өндөр оноо авсан ч монгол хэл, бичгийн босгоо даваагүй бол их, дээд сургуульд элсэн суралцах боломжгүй. Өмнөх онд монгол хэл, бичгийн шалгалт өгөөд босго оноог давсан бол энэ жил дахин өгөхгүй байж болно. Бүртгэл цахимаар явагдана. Дуртай цагтаа, хүссэн газраасаа бүртгүүлэх боломжтой. Монгол хэл, бичгийн шалгалтын үнэгүй. Бусад шалгалтын суурь хураамж 5900 төгрөг хэвээр байна. Тусгай хэрэгцээт сурагч ЭЕШ-д бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээний төвд холбогдох бичиг баримтыг өгч, мэдээллийг баталгаажуулна. Ингэснээр анги танхимдаа холбогдох тоног төхөөрөмж байршуулах зэргийг хийх юм. Бүртгүүлээгүй тохиолдолд шалгалтын үеэр сурагчидтай нэг нөхцөлөөр үнэлэгдэх эрсдэлтэй” гэлээ. Энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 22-нд, ЭЕШ-ыг зургадугаар сарын 15-18-нд зохион байгуулах аж.