“Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улс хоёрдугаар сарын 1-нээс экспортод гаргаж байгаа нүүрсээ хил үнээр зарахаар болсон. Мөн удахгүй биржээр нүүрсээ арилжаална. Эл шийдвэрийг нүүрс олборлогч, экспортлогч ААН-үүд хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Өнгөрсөн жил Биржийн тухай хуулийн хэлэлцүүлэг болоход аж ахуйн нэгжүүд, нүүрс ассоциаци оролцож, тодорой санал хүсэлтээ хэлээд явж байсан. Сая нүүрсний асуудал дагасан шуугиантай холбоотойгоор энэ хуулийг шуурхай батлагдчих шиг болсон. Аж ахуйн нэгжүүдийн ерөнхий хандлага нүүрсийг биржээр зарахыг дэмжиж байгаа. Биржтэй болсноор үнэ тогтолт ил тод болно. Өрсөлдөхүйц үнэтэй байвал Монголын баялгийн үнэ нэмэгдэнэ. Монголын баялгийн үнэ нэмэгдвэл уурхайчдад ашигтай, төрд ч, ард түмэнд ч ашигтай. Саяхныг хүртэл уурхайчдыг нүүрсээ зориуд хямд үнээр уурхайн аман дээрээс зараад, ашгаа Хятадуудтай хуваагаад авчихдаг гэсэн үнэслэлгүй хардлага маш олон жил явлаа. Тэгэхээр биржээр, хил үнээр нүүрсээ зараад ирэхээр энэ хардлага сэрдлэгэ байхгүй болох сайн талтай.
Нүүрсний салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, том талбайд, том техник хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн гол нь тогтвортой олон жил ажиллаж хөрөнгө оруулалтаа нөхдөг салбар. Нүүрсний салбарт тогтвортой ажиллаж байгаа том аж ахуйн нэгжүүд бий. Тэд үнэ дээр тоглож, татвараас зугтахад ач холбогдол өгдөггүй. Гол нь олон нийт, төртэй зөв харьцаатай байж, тогтвортой ажиллахыг л эрмэлздэг. Энэ ч утгаараа үнэ бизнесийн зарчмаараа л тогтоож явсан.
Нөгөө талд үүссэн хардлагаас болж борлуулж байгаа гэрээний үнийг нь тооцдоггүй. Манай төр засаг гэрээний үнэ чинь хамаагүй, хилийн цаана Хятадад зарлагдаж байгаа үнээс тооцож татвар авна гэж олон жил ингэж явсан. Энэ нь зарим тохиолдолд үндэслэлгүй учраас уурхайнуудыг алдагдалд оруулах, хоёрдугаар зэрэглэлийн нүүрс зарах нь ашиггүй болох, түүнээс нь болж тухайн баялаг нь хог болж хувирах тохиолдол байсан. Зарим талаараа монголчуудын байгалийн баялаг хаягдаж байсан алдаатай зохицуулалт байсан. Энэ нь “Ковид-19” цар тахлын үеэр нэлээд хурцаар илэрсэн. Засгийн газраас жишиг үнийг хаа хамаагүй тогтоож, үүнээс нь болж олон аж ахуйн нэгж алдагдалд орсон. Тухайн үед тогтоосон жишиг үнэ нь үндэслэлгүй, хууль бус байсан гэж үзээд шүүх дээр Захиргааны хэрэг хүртэл үүсээд явж байгаа. Тэгэхээр энэ мэт үнэ дагасан олон маргаан бий. Тиймээс үнэ ил тод, зах зээлийн зарчмаар тогтох нь маш хэрэгтэй. Энэ үүднээс нь харвал биржтэй болох нь маш зөв юм.
-Өмнө нь нүүрс тээврийг ихэвчлэн худалдан авагч тал өөрөө хариуцдаг байсан. Одоо хил үнээр, биржээр арилжаалсан нүүрсийг олборлогч тал өөрөө хариуцан худалдан авагчдад хүргэдэг болох юм байна. Энэ дээр ямар нэгэн хийдэл гарах эрсдэл бий юу?
-Тээвэр дээр “Ковид-19” цар тахлын үед илэрсэн том дутагдал нь уурхайн амны үнэ өсч шалихгүй хэрнээ хил хүртэлх багахан зайд тээврийн үнэ хэд дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэхэд зөрүү нь тээврийн үнэ рүү ороод алга болоод байсан. Үүнийг урд хөршид мөрдөж буй хатуу хяналт, хилийн наана маш их машин овоорч зардал өссөнтэй холбон тайлбарладаг. Тийм байлаа ч нэг тонн нүүрсэн дээр 300 ам.долларын зардал гарна гэж байхгүй. Ийм үзэгдлүүд л гарсан. Энэ бол Монголын олох ёстой орлогыг сорж, алга болгож байгаа том хар нүх болсон. Үүнийг шийдэх тээвэр ложистикийн бодлогыг хэрэгжүүлэх байгууллага нь Монгол Улсын Засгийн газар. Энэ ажил олон жил хоцрогдож ирсний гайгаар Монголчууд маш их боломжоо алдсан. Үүнийг яаралтай засах ёстой гэдэг асуудал сүүлийн хэдэн жил яригдсаны эцэст нүүрсээ хил үнээр борлуулдаг болно, биржээр зарах шийдвэр гарсан. Энэ нь нүүрсний тээврийн хувьд огцом өөрчлөлт. Гэнэтийн өөрчлөлт ямар ч бизнест таатай зүйл биш. Саяхан “Эрдэнэс Тавантолгой” тээврийн тендерээ зарлахдаа тааз үнэ өгсөн байна. Тэр үнэн нь өмнөх тээврийн зардлаас огцом буурсан байна лээ. Тухайн үнээс хамгийн бага үнэ санал болгосон нь тээврээ хийнэ гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдээс “Хэт бага үнэ санал болгож байгаа учраас олон аж ахуйн нэгж өрсөлдөх боломжгүй байна, зардлаа хэмнэх томоохон тээврийн компаниуд орох нь, эсвэл тэндээс ашиг олох нь сонин биш, худалдан авагч нь хямдханаар ч хамаагүй тээврээ явуулаад, хяналтаа тогтоож, монопольчлох сонирхолтой байгууллагад боломж олгосон байна” зэргээр тээвэрчид шүүмжилж байгаа юм байна лээ.
Өмнө нь худалдан авагч тээврээ өөрөө шийдээд уурхайн аман дээрээс нь нүүрсээ шуурхай явуулчихдаг байсан. Одоо тээврийн асуудал Монголын төрийн өмчит компаниас хамаарна. Тээвэр хүссэнээр нь шуурхай явж чадахгүй бол гэрээ зөрчигдөх, хугацаа алдах болгоомжлол бол бий. Гэхдээ зарчмын хувьд нүүрсээ хил хүргэх нь зөв гэж бодож байна. Харин тээврийн өртгийг зах зээлийн зарчмаар нь уян хатан тогтоох ёстой юм байна гэж харсан.
-Ер нь худалдан авагч Хятадууд хил үнээр, биржээр нүүрс арилжаалахыг ямархуу хүлээж авах бол?
-Худалдан авагчид нэг тогтсон схемээр ажиллаад сурсан байгаа. Тиймээс энэ схем өөрчлөгдөхөд таатай хандахгүй нь мэдээж. Хамгийн гол нь монголчууд бирж байгуулж болно. Гэхдээ бирж байгууллаа гэчихээд хил дээр очоод түгжирдгээрээ түгжирвэл ямар ч ач холбогдолгүй. Үнэ нь ч өсөхгүй. Дэд бүтцээ шийдээгүй цагт бирж үр дүндээ хүрэхгүй. Дэд бүтцээ шийдвэл биржтэй байсан, байгаагүй уурхайн амны үнэ өснө. Өнөөдөр бирж байгуулж, хил үнээр нүүрсээ зарна гэж байгаа нь зөв хандлага. Харин яг хүссэнээрээ ажиллахгүй учраас компаниудад түвэг удах магадлал бий. Ур хугацаандаа биржээр зарсны нөлөөгөөр Монголын нүүрсний зах зээл илүү нээлттэй, ил тод болно. Нээлттэй байдлыг дагаж Хятадаас илүү олон оролцогч орж ирэх байх. Зарим худалдан авагчдад процедур нь өөрчлөгдөөд түвэгтэй санагдана. Харин заримынх нь хувьд шинэ боломж нээгдэнэ. Гэхдээ боломж нээгдээд цэгцрэх хүртэл хугацаа орох учраас эхэндээ аж ахуйн нэгжүүд дурамжсан хандаж магадгүй юм.
-Нүүрсний хулгай тойрсон асуудал нь тээвэртэй холбогдож байгаа. Цаашид ийм хулгай гаргахгүй гэх баталгаа бий юу?
-Нүүрсний хулгай ганц тээвэр биш. Хил дээр гаалийн бүрдүүлэлт хийлгүй, хоосон машин гэж нүүрс гаргасан асуудал бий. Энэ бол төсөөлөхөд бэрх, маш ноцтой асуудал. Үүнийг үргэлжлүүлээд шалгаж, буруутай этгээдүүд нь шийтгэлээ авах ёстой. Хоёрт, алдагдсан боломжийн нийт хэмжээ. Энэ нь тээвэртэй холбоотой. Зөвхөн богинын тээвэр дээр хэдэн тэрбумаар тооцогдох ам.долларын орлогыг монголчууд алдсан. Орлого нь монгол руу ордоггүй Хятадуудын дансаар явчихдаг байсан асуудал. Энэ бол манай хяналтын бүсээс гараад явсан, ямар ч татвар шимтгэл аваагүй гэсэн үг. Гэтэл тэдний хийсэн ашгийг нь уурхайн аман дээр зарж байгаа нүүрснээсээ хүчээр АМНАТ-аа авч байсан учраас уурхайчид маш их алдагдалд орсон. Энэ асуудлыг цэгцлэхийн тулд тээврийн дүрмийг өөрчлөх шийдвэрүүд гарч байна гэж харсан. Хил хүртэл асуудлаа бүрэн өөрсдөө хариуцаж байгаа бол хилээрээ яг цаг хугацаандаа тоо хэмжээгээрээ гаргаж чадах юм уу гэдэг нь хамгийн анхаарах гол асуудал болох нь.
-Та түрүүн дэд бүтэцгүй бол биржээр зарсны үр дүн гаргахгүй гэлээ. Уг нь Тавантолгой ордоос Хятадын хил хүртэл төмөр зам тавьчихсан. Гэхдээ хоёр улсын хилийн төмөр замыг холбоход хоёр жил болно гэж байгаа шүү дээ?
-Монголын төмөр зам Хятадын хил дээр очсон. Тэр хүртэл нүүрсээ төмөр замаар зөөх боломжтой. Хоёр улсын хэлэлцээрийн дагуу Хятадын нарийн төмөр замыг манайх руу, Монголын өргөн төмөр замыг Хятад руу зөрүүлж, ачиж буулгах терминалуудаа байгуулах ёстой. Энэ ажлыг яаралтай хийх хэрэгтэй байна. Энэ бүтээн байгуулалтыг хийж дуусгах нь Хятадын худалдан авагчдын эрх ашигт хамгийн их нийцнэ. Энэ дэд бүтэцгүйгээс болж Монгол-Хятадын аж ахуйн нэгжүүд бүгд алдаж байгаа. Төмөр замын холболтыг хамгийн хурдан байдлаар хэрхэн шийдэж болох бүх боломжийг талууд эрэлхийлэх ёстой. Ер нь Хятадын хил шууд нэвтэрдэг тээврийн шийдлээ хийсэн цагт хил үнэ, биржийн арилжаа маш сайн ажиллана.