Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа. Тэрээр өнгөрсөн 7 хоногт АНУ-д ажлын айлчлал хийж “Агаарын тээврийн тухай Монгол Улсын засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг батлаад ирсэн билээ. Ингэснээр Монгол Улс АНУ хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн нээгдэж байгаа аж.
-АНУ руу шууд нислэг хийхээр болж, АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурсан. Хэзээнээс нислэг үйлдэж эхлэх вэ?
-Монгол, Америкийн хооронд агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажил үндсэндээ 20-иод жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Сая энэ ажлыг эхлэх бодит алхмыг хийгээд ирсэн. Миний бие АНУ-д айлчлал хийгээд энэ хэлэлцээрийг үзэглээд ирсэн. АНУ-ын Тээврийн яам, Төрийн департаменттай гурав, дөрвөн удаа цахимаар уулзаж, хэлэлцээр хийсэн. Ингээд сая АНУ-д ажиллаж АНУ-ын Төрийн департаментын Төрийн нарийн бичгийн даргын орлогчтой үзэглэсэн. Тавдугаар сард манайхаас айлчлал хийхээр яригдаж байгаа. Тэр үеэр хэлэлцээрийг эцсийн байдлаар байгуулна. Хэлэлцээр байгуулсантай холбоотойгоор АНУ-ын Тээврийн яам, Холбооны нисэхийн газар, Тээврийн аюулгүй байдлын газартай уулзсан.
Хэлэлцээр байгуулаад нислэг үйлдэхээс өмнө Америк руу нисэх шаардлагуудыг хангах ёстой байдаг. Тиймээс урьдчилсан аудит хийлгэх хүсэлт тавьсан. Манай талаас ямар шаардлага хангах ёстой байна вэ гэдгээ мэдээд, дутуу зүйлүүдээ бэлдэе гэдэг байдлаар ярьж тохирсон. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Холбооны нисэхийн газраас мэргэжилтнүүдийг уриад урьдчилсан аудит хийлгэнэ. Нээлттэй агаарын харилцааны хэлэлцээр нь нэлээд онцлогтой. Бусад улстай байгуулсан хэлэлцээрээс хэд хэдэн давуу талтай. Америкийн дурын цэг рүү, агаарын аль ч тээвэрлэгч нисч болно. Мөн дундын цэгүүдээр дайраад нисэх ч боломжтой.
-Одоогоор хэдэн агаарын тээвэр Монгол Улс АНУ хоёрын хооронд нислэг үйлдэхээр ярьж байна вэ. Шууд ниссэнээр тийзний үнэ хямдрах уу?
-МИАТ АНУ руу нислэг хийх боломжтой хоёр агаарын хөлөг түрээсээр авч байна. Дөрөвдүгээр сардаа багтаад эхний агаарын хөлөг орж ирнэ. Дараагийнх нь 2024 оны нэгдүгээр улиралд оруулж ирнэ. Энэ хөлөг замдаа буухгүйгээр шууд АНУ руу явах боломжтой агаарын хөлгүүд гэсэн үг. Бэлтгэл ажлуудаа хангаад нислэгийг 2024 оны нэгдүгээр улиралдаа багтаан хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Тийзний үнэ нислэгийн хугацаанаас шалтгаалдаг. Ковидын өмнө Монголоос АНУ руу жилд 57 мянган хүн ниссэн байна. Энэ хүмүүс Сөүл, Бээжин, Туркээр дамжин ниссэн байна. Ингэж явахад 20-24 цаг зарцуулдаг. Энэ 57 мянган хүн АНУ-ын аль хот руу илүү нисээд байна вэ гэдэг судалгаанаас үзэхэд 3-4 хот байгаа. Эдгээр хотууд руу Монголоос шууд нисэхэд 10 цагаас 10 цаг 40 минут нисэх боломжтой байгаа. Нислэгийн цаг одоо байгаагаас хоёр дахин багасаж байгаа учраас үүнийгээ дагаад тийзний үнэ ч буурах боломжтой.
Энэ мэт нислэгүүд хийгээд, гэрээ хэлэлцээр байгуулаад байж болно. Гагцхүү ирэх зорчигч юу байна вэ гэдэг л асуудал байна. Монгол руу нисэх 23 агаарын тээвэрлэгч нисэхгүй байж томилгоо авчихсан. Яагаад гэхээр хүн байхгүй. Монгол Улс 39 улсын 100 хот руу нисэх боломжтой, хэлэлцээр хийчихсэн. Мөн л зорчигч байхгүйн улмаас бүгд рүү нь нислэг үйлдэж чадахгүй байна. Тухайлбал, бид Сингапур руу тогтмол нислэг хийж байсан. Гэтэл зорчигч байхгүй улмаас зогсоосон. Тиймээс аялал жуулчлалынхаа үйлчилгээнүүдийг бий болгох нь зүйтэй гэж бодож байна.
-МИАТ АНУ руу шууд нислэг үйлдэнэ гэж байна. Тэгвэл АНУ-ын агаарын тээвэр нислэг үйлдэх үү?
-Мэдээж хоёр тал эрх тэгш эрхтэй байх зарчим үйлчилнэ. Америкийн талаас нислэг үйлдэх нь чөлөөтэй. Манайд бусад улсууд руу агаарын тээвэрлэгчийг томилгоо хийдэг. Тээврийн компани хүсэлтээ гаргахаар энэ чиглэлд энэ компани ниснэ гэдэг томилгоо хийдэг гэсэн үг. Нээлттэй агаарын тээврийн хэлэлцээр бол Америкийн талаас энэ компанийг нисгэе гэдэг хүсэлтээ манай Иргэний нисэхийн газарт гаргахад аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа, эсэхийг үзээд л нисэх боломжтой. Шаардлага хангасан авиа компаниуд ч нисэх боломжтой.
-7 хоногт ч юм уу, 14 хоногт хэд нисэх вэ. Нэг үгээр нислэгийн давтамж хэд байх бол?
-Судалгааны түвшинд олон зүйлүүд байна. Бид Монгол Америкийн хооронд байнгын зорчдог олон удаагийн визтэй хүн хэр байна вэ гэдгийг хүртэл судалж байна. Одоогоор 80 гаруй мянган хүн байнгын зорчдог визтэй, 40-өөд мянган монголчууд Америкт амьдарч байна. Жилд 57 мянган хүн зорчсон байна. Мэдээж үнэ хямдраад, нисэх хугацаа богиносоод ирвэл үүнээс нэмэгдэх байх. Нөгөө талаар гадаад харилцааны салбарынханд тодорхой аялал жуулчлалын хөнгөлөлттэй гэдэг юм уу, визгүй зорчих боломжийг олгож өгөөч гэдэг асуудлыг тавьж байгаа. Тэгвэл бид ганц цэг рүү биш Америкийн хэд хэдэн цэг рүү ч нисэх боломжтой байна.
-Монголоос Америк хүртэл хэдэн улсыг дамжин өнгөрдөг вэ. Нислэг үйлдэхийн тулд эдгээр улсуудаас зөвшөөрөл авах уу?
-Монгол Улс 39 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй. Үүний хүрээнд тогтмол нислэгүүд хийх, тэдний нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх боломжтой. Бид нисэхдээ тэдний агаарын орон зайг ашиглах хэлэлцээр хийнэ. Тэнд тодорхой хэмжээний мөнгө төлнө. Манай хэлэлцээр байгуулсан 39 улсаас 27 улс нь Америктай агаарын харилцааны хэлэлцээртэй. Тэгэхээр аяллын дугаар ашиглаад явах боломжтой. Америк өөрөө 130 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй. Тэгэхээр хоёр тал маш олон нөхцөлөөр тохирч энэ нислэгийг хийх боломжтой.
-Нислэг үйлдэж эхэлтэл бүтэн жилийн хугацаанд бид бэлтгэл ажлаа хангах юм байна. МИАТ энэ нислэгийг үйлдэхийн тулд хоёр онгоц түрээсэлж байгаа гэлээ. Тэгвэл нисгэгч боловсон хүчний тал дээр манайх ямар байдалтай байгаа вэ?
-Мэдээж тодорхой хэмжээнд хүний нөөцийн бэлтгэл ажил хангана. Өмнө нь бид Америк руу Улаанбаатараас дөрвөн удаа нисч байсан. Хамгийн сүүлд ковидын үеэр ниссэн. Тэгэхээр 10 гаруй цагийн нислэг хийж байсан туршлага байна. Мөн агаарын тээвэр авч байна гэж ярилаа. Тухайн онгоцыг авахад яг тэр онгоцыг нисэх багийг бэлддэг. Мөн засвар, техникийн ажилчдыг бэлддэг.