Хувийн болон төрийн өмчийн сургуулийн ялгаа өндөр байгаа учир хувийн сургуулиудад хэрэглэдэг хөтөлбөрийг улсын сургуульд хэрэгжүүлнэ гэв.
Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Боловсролын чанарыг дээшлүүлэх нь хүн болгоны асуудал боллоо. Дэлхийд Финланд улс боловсролоороо тэргүүлдэг. Тэнд байдаг нэг ойлголт бий. Тэр нь хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлдэг гэх ойлголт юм. Гэтэл манай улсад хамгийн ойрхон нь муу, чанаргүй, хот хөдөөгийн ялгаатай, хотын зах, төвийн чанар ялгаатай, хувийн болон төрийн сургуулийн ялгаа өдөр шөнө шиг, тэнгэр газар шиг байна. Тиймээс өөрсдөө хөтөлбөрийн шинэчлэл хийе гэвэл цаг хугацаа алдах тул дэлхийд туршигдсан тэргүүн туршлагыг төрийн сургуульд нэвтрүүлнэ. Энэ хүрээнд Финландын математикийн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхээр туршиж байна. Уг хөтөлбөр дэлхийн 170 орон туршигдсан. Манайд бол үнэтэй хувийн сургуулиуд л энэ хөтөлбөрийг авч хэрэглэдэг.
Төрийн өмчийн сургуулиуд энэ хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлж болдоггүй вэ гэдэг асуудал яригдана. Бид хэлэлцээрт орж байна. Ямар ч байсан сая эхэлсэн хичээлийн улирлаас зургадугаар сар хүртэл 50 сургуулийг сонгож энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Зургадугаар сард туршилт амжилттай болвол есдүгээр сард улс даяар 5-6 дугаар ангийн математикийн хөтөлбөрийг Финландын хөтөлбөрөөр солино. Үүнтэй холбогдуулан зөвхөн математикийн хөтөлбөр биш англи хэлний хөтөлбөрийг Английн компаниас туршилтын журмаар 50 сургуульд нэвтрүүлсэн. Туршилт амжилттай болвол мөн есдүгээр сараас 5-6 дугаар ангийн хөтөлбөрт ороод явна. Англи хэл, математик, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлийн хөтөлбөрт дэлхийн тэргүүн тушлагыг авч хэрэглэх нь цаг хожсон, төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн чанарын ялгааг арилгах түлхэц болно.
Хувийн сургуулиуд нэг хүүхдийн лицензийг 25-30 еврогоор авдаг бол бид туршилтын хугацаанд нийт 30 мянган хүүхдэд найман доллараар авч байна. Туршилт амжилттай болвол төрийн өмчийн 800 гаруй сургуульд авч хэрэгжүүлнэ. Энэ жил 5-6 дугаар анги, дараа жил 7-8 дугаар анги гээд явна. Гуравдугаар ангиас англи хэл заая гэж байгаа учир 3-аас дээш ангид нэвтрүүлнэ. Нэгдүгээр ангиас мэдээлэл технологийн хичээл ордог болно" гэлээ.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багш нарыг туршлагажуулах, чадваржуулах шаардлагагүй. Багш зөвхөн хүүхэдтэй харьцах, суралцахуйн үйл ажиллагааг удирдах ёстой гэв.