Орон нутагтаа үндэсний үйлдвэрлэлийг дэлгэрүүлэн борцтой, боорцогтой хийцтэй цайг орчин үеийн шийдэлтэй уялдуулан хийсэн “Цог ялалт” ХХК-ийн захирал Э.Цогбаяртай ярилцлаа.
-Бүтээгдэхүүнийхээ санааг анх хаанаас яаж гаргаж авч байв?
-Энэхүү бүтээгдэхүүн нь монголчуудын гэртээ чанаж уудаг ээжийн, эмээгийн хийцтэй борцтой будаатай цай. Энэхүү уламжлалт арга дээр линновац шингээж, орчин үеийн сав баглаа боодолтой болгож гаргасан. 2019 оноос бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтийг хийж, оюуны өмчийн гэрчилгээгээ авсан. Харин 2022 оны есдүгээр сараас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлээд явж байна.
-Хөгжүүлэлтийн явцад ямархуу бэрхшээлүүд тулгарч байв. Үндэсний бүтээгдэхүүн гаргахад олон асуудал тулгардаг шүү дээ?
-Манай цай зах зээлд гараад удаагүй байгаа ч хүмүүст их хүрч байна. Иргэд ч ам сайтай байна, тэрэнд маш их урамшиж байна. Мөн гадаадад олон жил оршин сууж байгаа монголчууд манай бүтээгдэхүүнийг захиж авч, ээжийнхээ, эмээгийнхээ чанасан цайг ууж байгаа юм шиг байна зэргээр олон эерэг сэтгэгдэл хэлсэн. 2019 оноос хойш бүтээгдэхүүнийхээ хөгжүүлээд явахад хөрөнгө мөнгөний асуудал л хамгийн их тулгарсан. Үйлдвэр байгуулахаас эхлээд хөрөнгө мөнгө л чухал байсан. Мөнгөгүйгээс л зарим ажил саатдаг юм байна.
-Орон нутагт үйлдвэрлэл явуулж байгаа учраас түгээлт хийхэд юу тулгамдаж байна вэ?
-Манайх бүтээгдэхүүнээ Өмнөговь аймгийн Даланзадгад хот болон сумдынхаа бүх дэлгүүрээр худалдаалж байна. Мөн Улаанбаатар хотод GS25 сүлжээ дэлгүүр, Нарантуул захын хоёр бөөний төвтэй хамтран ажилладаг. Хөдөө орон нутагт учир хотоос түүхий эд, материалаа татах, хийсэн бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотоос бусад хөдөө орон нутаг руу явуулдаг тул тээвэр, ложистикийн асуудал тулгарч байна. Гэхдээ одоо харьцангуй гайгүй.
-Орцны хувьд юу юуг оруулж өгсөн бэ?
-Орцонд хуурсан шар будаа, борц, шар тос, боорцог, арвайн гурилтай сүүтэй цай орсон. Бүх орцуудаа задалж, аягандаа хийж буцалсан усанд хийгээд 3-5 минут байлгахад цай бэлэн болно доо.
-Эдгээр орцуудаа хаа хаанаас татаж авч байна вэ. Эсвэл өөрсдөө бүгдийг нь үйлдвэрлэж байна уу?
-Манайх боорцгоо Даланзадгад хүнс гээд нарийн боовны цехээс, борцыг Хөвсгөлийн борц нийлүүлэгдчдээс, шар тосоо Архангай болон Баянхонгорын малчдаас авдаг. Сүүгээ хотоос нийлүүлдэг. Ер нь давхар олон үйлдвэр болон малчидтай хамтын ажиллагаатай ажилладаг.
-Хийцтэй цайнаас гадна өөр үндэсний хоол цайг шинэ технологитой нийцүүлэн худалдаанд гаргах боломж байна уу?
-Манайх монгол маягийн хурдан хугацаанд болох боломжтой будаатай хоол хийхээр туршилтын ажилдаа орсон.
-Одоогоор хэчнээн хүнтэй үйлдвэрлэлээ явуулж байна вэ?
-Манай үйлдвэр нийт таван хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашлаа улам өргөжинө.
-Цаашид ямар зүйлсийг төлөвлөж байна вэ?
-Манай компанийн зорилго гэвэл энэ онд багтаж шинэ төрлийн бүтээгдэхүүнээ гаргах. Цаашилбал, хийсэн бүтээгдэхүүнээ гадаадад оршин суугаа монголчуудад хүргэх, экспортын ажил дээр түлхүү анхаарах төлөвлөгөөтэй байна. Мөн 21 аймгийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх чухал байна.
-Импортын бэлэн хоол хүнсийг түлхүү хэрэглэдэг иргэдэд дотоодын бүтээгдэхүүн хэрэглэхэд тус болохоор байна тийм үү?
-Тийм, хүүхэд залуучуудын хувьд бэлэн гоймонгийн хэрэглээ өндөр байгаа үед иргэдэд аялал зугаалга, албан газар хаана ч гэрийн цайг уух боломжоор манайх хангаж байгаа. Ер нь бэлэн гоймонг орлох үндэсний бүтээгдэхүүн болгох зорилго бий.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.